Зураг
Зураг
Индэр    
2020 оны 1 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ташаа мэдээлэл тарааж, зохиомол үнийн ХӨӨРӨГДӨЛ үүсгэх нь иргэдэд л хохиролтой

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сар шинийн баярын өмнө өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгддэг нь бичигдээгүй хууль. 

Харин энэ жил улирлын энэхүү онцлог үетэй зэрэгцэн урд хөршид шинэ коронавирусийн халдвар дэгдсэн нь иргэд илүү эрэлт үүсгэх шалтгаан болов. “Эртхэнээс эм тариа, хоол хүнсээ сайн нөөцөлж ав” гэх зарим иргэний сошиал орчинд түгээсэн мэдээлэл нэлээд газар аваад байгаа юм.

Үнэн хэрэгтээ Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй мэдээллээр шинэ коронавирусийн халдвар нь Нийгмийн Эрүүл мэндийн ноцтой түвшинд хүрээгүй гэдгийг мэдэгдээд буй билээ.

Нөгөө талаар, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэд ямар нэгэн хязгаарлалт хийгээгүй тул хүнсний хомсдол үүсэх шалтгаан байхгүй гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлсэн.

Гэвч иргэдийн дунд түгсэн ташаа мэдээлэлтэй зэрэгцээд хүнсний бүтээгдэхүүн болоод зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн таван жилийн дунджаас илүү өссөн байгааг Нийслэлийн Статистикийн газрын Хүнс барааны үнийн статистик ажиглалт харуулж байна.

Тодруулбал, энэ сарын 22-ны өдрийн үнийг өмнөх долоо хоногтой нь харьцуулбал 19 нэрийн барааны үнэ өсжээ.

Тухайлбал, хонины цул махны үнэ 8,725 төгрөг болж, 4.18 хувиар буюу 350 төгрөгөөр, ястай мах нь 7.98 хувиар буюу 644 төгрөгөөр өссөн бол үхрийн ястай махны үнэ 622 төгрөгөөр, үхрийн цул мах 533 төгрөгөөр өссөн байна.

Харин өнгөрөгч долоо хоногийн сүүлээр зарим худалдааны төвд хонины ястай мах 9,500 төгрөгт хүрсэн байгаа талаар ч иргэд хэлж байна.

Энэ сарын 22-ны өдрийн байдлаар үнэ нь нэмэгдсэн хүнсний бүтээгдэхүүний жагсаалт: ( Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар)

Хүнсний бүтээгдэхүүний нэр Үнэ Үнэ Зөрүү
  2020.01.15 2020.01.22  
Алтан тариа задгай, дээд 1,434₮  1,444₮ 10₮
Алтан тариа задгай, 1-р зэрэг  1,167₮ 1,186₮ 19₮
Алтан тариа савласан, дээдийн дээд 1,805₮ 2,013₮ 208₮
Алтан тариа савласан, дээд 1,434₮ 1,488₮ 54₮
Алтан тариа савласан, 2-р зэрэг 919₮ 934₮ 15₮
Сүү 0.5л 1,204₮ 1,650₮ 446₮
Задгай сүү  1,650₮ 2,456₮ 806₮
Атар талх  1,286₮ 1,547₮ 261₮
Хонины мах, ястай 8,078₮  8,722₮ 644₮
Хонины мах, цул 8,375₮ 8,725₮ 350₮
Үхрийн мах, ястай 9,922₮ 10,544₮ 622₮
Үхрийн мах, цул  11,844₮ 12,378₮ 534₮
Монгол лууван 1,432₮ 1,559₮ 127₮
Байцаа 1,445₮ 1,605₮ 160₮
Манжин 1,525₮ 1,619₮ 94₮
Сонгино 1,344₮ 1,411₮ 67₮
Өндөг, ОХУ 344₮ 345₮ 1₮
Аи-95 2,238₮ 2,240₮ 2₮
Аи-92 1,816₮ 1,818₮ 2₮

Цагаан сараас дөрвөн долоо хоногийн өмнөх махны үнийг сүүлийн таван жилээр харьцуулан үзвэл дунджаар 100-300 төгрөгөөр өсөж байжээ.

График 1. Цагаан сараас дөрвөн хоногийн өмнөх махны үнийн дундаж өсөлт

График 2. Цагаан сараас дөрвөн долоо хоногийн өмнө хэчнээн төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байв?

Дээрх графикаас харахад Цагаан сарын өмнөх дөрвөн долоо хоногийн өмнө хүнсний 7-15 төрлийн нэрийн барааны үнэ өсөж байжээ. Харин 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 19 нэр төрлийн барааны үнэ өссөн байна.

Түүнчлэн нэг удаагийн маск, спиртний хомсдол үүсээд буйг бид өмнө нь мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийж байгаа аж.

Гэхдээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Мэргэжлийн хяналтын газар нь бараа бүтээгдэхүүний үнийн энэхүү хөөрөгдөлд хяналт тавих субьект биш гэдгийг хэлэв. Харин тээвэрлэлтэд хязгаарлалт тавиагүй тул үнэ хөөрөгдөх шаардлагагүй гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхааруулсан.

Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлд “аж ахуй эрхлэгч Давамгай байдалтай ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно” хэмээн заажээ.

Үүнд:

  • Тус хуулийн 7.1.1.зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах;
  • 7.1.2.бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох;
  • 7.1.3.аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах. Энэ нь бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс бөөний болон жижиглэнгийн худалдан авагчид өгч байгаа урамшуулалд хамаарахгүй;
  •  7.1.4.бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах;
  •  7.1.5.эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох;
  •  7.1.6.тухайн бараа бүтээгдэхүүнийг дахин борлуулах үнэ, нутаг дэвсгэрийг тогтоож өгөх;
  •  7.1.7.өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгах;
  •  7.1.8.тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг бууруулахад хүргэж болох нөхцөлөөр уг бараа бүтээгдэхүүнийг өөртөө худалдахыг бусдаас шаардах;
  •  7.1.9.аж ахуй эрхлэгчээс санхүүгийн хэрэгсэл, эд хөрөнгө, тэдгээрийн эрх, ажиллах хүч зэргийг өөртөө шилжүүлэхийг үндэслэлгүйгээр шаардах;
  • 7.1.10.өрсөлдөгчөө өөртөө нэгтгэх, нийлүүлэх, хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулахыг шаардах;
  • 7.1.11.тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих;
  • 7.1.12.бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулахыг хориглосон байна.

Хүнстэй холбоотой асуудлыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хариуцдаг бол Гамшгийн нөхцөл байдал үүссэн үед Онцгой байдлын газраас нөөц гаргадаг аж.

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны төгсгөлд танилцуулсан судалгаагаар Монгол Улсын хүн амын жилийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн мах, махан бүтээгдэхүүнээр 96.7 хувь, төмсөөр 98.3 хувь, гурилаар 99.3 хувь, хүнсний ногоогоор 53.5 хувийг хангадаг байна.

Иргэд худал, ташаа мэдээлэл түгээж, автахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулаад буй.

Түүнчлэн "Томоохон худалдааны төв, захуудыг хаана" гэх худал мэдээлэл тархсанаар зарим худалдааны төвийн бараа бүтээгдэхүүн ганцхан хоногийн дотор цөөрөв.

 
фэйсбүүк хуудсаас авав.

Тэгвэл нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Зах, худалдааны төвүүдэд аль болох эрсдэл гаргахгүй байхаар зохион байгуулна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд Засгийн газрын хуралдаан болон нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ" гэснийг ийнхүү мушгин гуйвуулж буй аж. 

Бусдын санаатайгаар эсвэл санамсаргүй тараасан худал мэдээлэл ямар хор уршиг тарьж, үнийн хөөрөгдөл үүсгэж байгааг дээрх жишээ харуулж байна. Зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэх ШААРДЛАГАГҮЙ юм.

Манай улсад шинэ коронавирусийн тохиолдол илрээгүй учир иргэд тайван байж, Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй баталгаат мэдээллийг баталгаатай эх сурвалжаас дагахыг зөвлөсөөр байгаа билээ.