Индэр    
2019 оны 9 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч

Монгол Улс дэлхийн дулааралд ямар хувь нэмэр оруулдаг вэ?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ 2014 оны байдлаар/Үүнээс хойших хүлэмжийн хийн тооллогын дүн эцэслэгдэж гараагүй байна/ 34.5 мян.тн буюу дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.1%-ийг эзэлж байв.

Энэ нь үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн улс орнуудтай харьцуулахад бага бөгөөд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хариуцлага тийм ч өндөр биш мэт харагдана. Гэтэл хүлэмжийн хийн ялгарал нэмэгдсэнээс үүдэлтэй дулаарал манай улсад дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй явагдаж, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эрсдэлтэй орон болоод буй юм.

Сүүлийн 20 жилд л гэхэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдэл өмнөх 10 жилтэйгээ харьцуулахад төрөл зүйл бүрээрээ ХОЁР ДАХИН нэмэгдсэн талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлсэн. Төрөл зүйл гэдэгт аадар бороо, хүчтэй салхи, их цас, үер, мөндөр гэх мэтийг хамруулжээ.

Эндээс дүгнэлт хийвэл хүлэмжийн хийг хэн ялгаруулж байгаагаас үл хамааран хохирлыг нийтээрээ үүрч байна. Тиймээс бид ч гэсэн бага гэлтгүй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад анхаарах ёстой болж байгаа юм.

Хүлэмжийн хий гэж юу вэ?

Хүлэмжийн хий нь усны уур, нүүрстөрөгч, метан, азотын исэл, азон болон фторт устөрөгчүүдээс бүрддэг. Байгалийн гаралтай хүлэмжийн хийн үр нөлөө нь дулааруулах үйл явц байдаг бөгөөд үүн дээр агаар мандал дахь хүлэмжийн хий нэмэгдсэнээр тэрхүү үйл явцыг улам эрчимжүүлж, дэлхийн дулаарлыг нэмэгдүүлдэг байна.

Монгол орны хүлэмжийн хийн нийт ялгарлыг салбар тус бүрээр авч үзвэл,

1990 онд хөдөө аж ахуйн салбар нийт ялгарлын 50.53%, эрчим хүчний салбар 48.22%-ийг эзэлж байсан ба аж үйлдвэр, хог хаягдлын салбарууд 1.0%, 0.25% тус тус эзэлж байжээ.

Харин 2014 онд энэхүү харьцаа бага зэрэг өөрчлөгдөж, хөдөө аж ахуйн салбар 48.51%, эрчим хүч 50.08% байсан бол аж үйлдвэр, хог хаягдлын салбарууд 0.95%, 0.46%-ийг эзлэх болсон байна.

Монгол Улсын хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ дээр дурдсанчлан доогуур түвшинд байдаг боловч Япон, БНСУ гэх мэт хөрш зэргэлдээ орших хөгжингүй орнуудтай харьцуулахад нүүрсхүчил ихээр ялгаруулдаг онцлогтой ба ялангуяа эрчим хүчний салбарт энэхүү нөлөөллийг бууруулах арга хэмжээ чухал хэмээн ЖАЙКА-аас хэрэгжүүлсэн "Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллого хийх мөчлөгийг тасралтгүй сайжруулах" төслийн тайланд дурджээ.

Түүнчлэн Монгол орны хүлэмжийн хийн ялгарлын төлөв байдал цаашид эрчим хүчний салбарт НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭнээс, хөдөө аж ахуйн салбарт МАЛЫН ТООноос шууд хамааран тогтмол өсөх хандлагатай байгааг Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн Үндэсний тайлан илтгэл боловсруулах төслийн тайланд онцолсон байна.

Хүлэмжийн хийн нийт ялгарлыг нүүрсхүчлийн хий, метан хий, азотлог исэл зэрэг үндсэн гурван хийн төрлөөр авч үзвэл,

  • Эрчим хүчний салбарт хамаарах 1990-2014 оны хоорондох хүлэмжийн хийн 95.2% нь нүүрсхүчлийн хий, 4.0%-ийг метан хий болон үлдсэн 0.8%-ийг азотлог исэл 
  • Метан хий ялгаруулдаг гол эх үүсвэр болох хөдөө аж ахуйн салбарт малын амьсгалаас метан хий, бэлчээр, газар тариалангийн хөрснөөс азотлог исэл голчлон ялгардаг бөгөөд 60.1%-ийг метан хий, үлдсэн 39.9%-ийг азотлог исэл эзэлсэн дүр зурагтай байна.


Хүлэмжийн хий өндөр буюу одоогийн хэмжээнд ялгарсаар байвал энэ зууны төгсгөл гэхэд дэлхийн дундаж температур 9 градусаар нэмэгдэж, Монголын хувьд 6-7 градусаар дулаарна гэх тооцоолол гарсныг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Гомболүүдэв хэлж байв. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэлдлийн тоо, давтамжийг хэд дахин нэмэгдүүлэх эрсдэлтэй.

NАSA-аас жил бүр гаргадаг дэлхийн дундаж температурын өөрчлөлт болон цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх судалгааны багийнхан дэлхийн агаарын дундаж температур 2.0 хэмээр нэмэгдэхэд манай гараг дээрх хорхой шавжны тоо 18 хувиар, ургамал, зүлэг 16 хувиар, сээр нуруутан амьтдын тоо найман хувиар тус тус буурах тооцооллыг гарган зарласан. Харин манай оронд сүүлийн 80 жилд дундаж температур хэдийнээ 2.2 градусаар нэмэгдчихээд байгаа.

Тиймээс дэлхий дахины хувьд шийдвэрлэхэд хамгийн түвэгтэй асуудлын нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд бидний оролцоо бага гэж тоомжиргүй хандах бус оруулж буй нөлөөгөө багасгах хүчин чармайлтыг бодитоор гаргах цаг болжээ.

Хүлэмжийн хийг багасгах хүчин чармайлт нүүрсний хэрэглээг багасган, сэргээгдэх эрчим хүч хэрэглэхээс эхлэх хэрэгтэй болов уу. Үүнээс дутахгүй бас нэгэн хүчин чармайлт нь яах аргагүй мал аж ахуйн салбарт холбогдохыг дээр өгүүлсэн тоо илтгэж байна.  

Монгол орны нийт нутгийн 70 орчим хувь нь бэлчээр бөгөөд 2018 оны сүүлээр 66.5 сая мал тоологдсон. 

Малын тоо толгойн асуудалд одоогоор хоёр талын байр суурь илэрхийлэгдэх болсон. Тодруулбал, "Малын тоо их байна, шинжлэх ухаанчаар хандаж, тооны араас хөөцөлдөх бус, үржил шимийг нь нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй" гэсэн байр суурийг илэрхийлэх нэг хэсэг байхад нөгөө талаас "Яг одоогийн нөхцөлөөс тодруулж хэлбэл Монголын малын тоо их биш. Харин бэлчээрийн менежмент буруу" хэмээн мал аж ахуй, бэлчээрийн нөхөн сэргээлтийн асуудалд төвлөрөн судалгаа явуулдаг олон улсын "Севори" институтийн судлаач Байрон Шелтон хэлж байв.

Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэл бэлтгэж хүргэх болно.