Зураг
Зураг
Индэр    
2019 оны 8 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдэл сүүлийн 20 жилд ХОЁР ДАХИН нэмэгдсэн"

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн дулаарал хоёр хэмд хүрвэл манай гараг дээрх хорхой шавжны 18%, ургамал, зүлэгний 16%, сээр нуруутан амьтдын найман хувь устаж үгүй болох эрсдэлтэй гэх тооцооллыг эрдэмтэд гаргаад буй.

 

Тэгвэл Монгол орны хувьд сүүлийн 80 жилийн хугацаанд жилийн дундаж температур 2.2 градусаар нэмэгдсэн байна. Энэ нь дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй буюу Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эрсдэлтэй орон болох шалтгаан болж буй билээ.

Энэ талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Гомболүүдэвтэй ярилцлаа.

-Өнгөрсөн 80 жилийн хугацаанд манай орны нутаг дэвсгэрт уур амьсгалын ямар ямар өөрчлөлт, хэр эрчимтэй явагдсан бэ?

-Монгол оронд системтэй, ажиглалтын мониторингийн сүлжээ 1940-өөд онд бүрдэж эхэлсэн. Аймаг бүр, зарим суманд Ус цаг уурын станц байгуулагдсанаас хойш 80 орчим жил тасралтгүй ажиглалт, хэмжилт хийж ирсэн. Энэ хугацааны мэдээг үндэслэж Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн тайланг гаргаж байгаа. 

Уур амьсгалын өөрчлөлтийг агаарын температур, хур тунадас гэсэн хоёр үндсэн элементээр илэрхийлдэг. Манай орны хувьд 1940 оноос хойш 80 жилийн дундаж температур 2.2 градусаар нэмэгдсэн. Харин дэлхийн дундаж температур сүүлийн 100 жилд 0.86 градусаар дулаарсан.

Монгол оронд хур тунадасны хэмжээ сүүлийн 80 жилд 7-10 хувиар буурсан. Энэ нь жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ юм. Дэлхийн хувьд хур тунадасны хэмжээг дундажлахад тийм ч тохиромжтой биш бөгөөд бүсчилж авч үзэхэд ойлгомжтой байдаг.

-Уур амьсгалын өөрчлөлтийг улирлаар авч үзвэл?

-Жилийн дунджаас илүү улирлын өөрчлөлт хүмүүст мэдрэгддэг. Улирлаар авч үзвэл өвлийн дулаарал илүү эрчимтэй буюу 2.6 градусаар нэмэгдэж байгаа бол зуны хувьд агаарын температурын өсөлт 1.9 градус байгаа.

Хур тунадас ч гэсэн өвлийн улиралд 20 орчим хувиар өссөн бол зундаа 10 орчим хувиар буурсан. Хур тунадасны жилийн дунджийг тооцоолоод гаргахаар зуны тунадасны хэмжээтэй ойролцоо гараад байгаа.

-Газар зүйн хувьд аль бүсэд дулаарал эрчимтэй, хур тунадасны хэмжээ илүү өөрчлөлттэй байгаа вэ?

-Орон зайн хувьд Монгол орны хойд өндөр өргөрөг болон баруун талд дулаарал илүү эрчимтэй, говийн бүс нутгаар арай эрчим багатай байна. Хур тунадасны хэмжээ төвийн бүс нутгаар буурсан, зүүн болон баруун өмнөд хэсгээр багахан өссөн гэх ерөнхий өөрчлөлт сүүлийн 80 жилд гарсан.

-Дээр дурдсан температур болон тунадасны хэмжээний өөрчлөлт цаг агаарт хэрхэн нөлөөлж байгаа вэ?

-Уур амьсгалын өөрчлөлтийн цаана агаар мандлын процесс явагддаг. Үүлний шилжилт, дулаан хүйтэн агаарын урсгал зэрэгт дээрх өөрчлөлтүүд нөлөөлсний дүнд агаар мандлын гаралтай гамшигт үзэгдэл нэмэгдэж байна. Тухайлбал, халалтаас үүдэлтэйгээр хөрс халж, агаар мандлын босоо хөдөлгөөн эрчимжин ширүүн аадар бороо орох нөхцөлийг бүрдүүлж байгаа. Бидний дасан зохицсон байснаас илүү эрчтэй хур тунадас орохоор гамшигт үзэгдэл болж байгаа юм.

Уур амьсгалын өөрчлөлт агаар мандлын гаралтай гамшигт үзэгдлийг нэмэгдүүлж байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо сүүлийн 20 жилд өмнөх 10 жилтэй нь харьцуулахад бараг төрөл зүйл бүрээрээ хоёр дахин нэмэгдсэн. Төрөл зүйл гэдэгт аадар бороо, хүчтэй салхи, их цас, үер, мөндөр гэх мэтийг хамруулна.

 
“Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан”-гаас

-Цаашдын төлөвийг хэрхэн тооцоолсон байдаг вэ. Цаг хугацааны хувьд хэд хэдэн жилээр урьдчилж тооцоолол гаргах боломжтой вэ?

-Цаашдын төлөвийг гаргахдаа дэлхийн хүн амын өсөлт, нийгэм эдийн засгийн хандлага, техник технологийн хөгжлийн түвшин гэх мэт хэд хэдэн үзүүлэлт дээр үндэслэдэг. Ингээд хүлэмжийн хий их, дунд, бага хэмжээгээр ялгарвал гэсэн нөхцөлөөр гурван өөр тооцоолол гаргадаг.

Хамгийн ихээр тооцоолоход буюу ямар нэгэн арга хэмжээ авахгүй одоогийн хурдаар өөрчлөлт явагдвал энэ зууны төгсгөл гэхэд дэлхийн дундаж температур 9 градусаар нэмэгдэж, Монголын хувьд 6-7 градусаар дулаарна. Сүүлийн 80 жил 2.2 градусаар дулаарахад гарсан өөрчлөлтийн талаар би түрүүн хэлсэн. Тэгвэл 6-7 градусын дулаарал түүнээс хэд дахин илүү гамшигт үзэгдлийг бий болгох эрсдэлтэй.

Дунд тооцооллоор явбал Монгол орны нутаг дэвсгэр 3-4 градусаар дулаарна.

Хамгийн багаар бодвол одоогийн түвшин буюу 2-3 градуст барих тооцоолол гарч байгаа.

Хур тунадасны хувьд өвлийн цас 50 орчим хувиар нэмэгдэнэ. Зуны хур тунадас мөн 10 орчим хувиар нэмэгдэх ч илүү хуурайших нөхцөл байдал бий болно гэсэн ерөнхий тооцоог агаар мандлын динамик загвар дээр үндэслэн гаргаад байна.

-Уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож байгаа гол хүчин зүйл нь хүлэмжийн хий. Хүлэмжийн хийн ялгарлыг багасгахаар үйлдвэржсэн улс орнууд тодорхой үүргийг хүлээж, зарим орон ой мод бүхий талбайгаа нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Тэгвэл манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүрээнд юу хийх ёстой юм бэ?

-Одоогийн өндөр хөгжилтэй гэх орнууд өнгөрсөн хугацаанд бараг 100 жилийн турш хүлэмжийн хийг ялгаруулсаар ирсэн. Хөгжиж буй орнууд одоо илүү ихийг ялгаруулж байна. Гэсэн хэдий ч “та нар өмнө нь ялгаруулсан байхад бид одоо ялгаруулна” гээд хэрэлдээд байж болохгүй. Учир нь хохирлыг нийтээрээ хүртэх гээд байна. Тиймээс улс орон бүр үүрэг амлалт аваад байгаа.

Монгол Улсын хувьд хүлэмжийн хийн ялгаралт бага. Тэглээ гээд зүгээр сууж болохгүй. Дэлхий нийтээрээ бий болгож байгаа хүлэмжийн хийн ялгарлаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт дээр бид нэрмээс болохгүйг хичээх ёстой.

Манай улсын хувьд ой мод бүхий талбай нийт нутгийн багахан хувийг эзэлдэг ч нүүрсхүчлийн хийг шингээх, мөнх цэвдгийг тогтоон барих гэсэн чухал үүргээ гүйцэтгэсээр байгаа.

Хөрсний доройтлыг бий болгож байгаа том хүчин зүйл бол мал аж ахуй.

Харин хөрсний доройтлыг бий болгож байгаа том хүчин зүйл бол мал аж ахуй. Манай орны нийт нутгийн 70 орчим хувийг бэлчээр эзэлдэг бөгөөд бэлчээрийн талбайн ургамал бас нүүрсхүчлийн хийг шингээх үүрэгтэй. Ургамал доройтож талхлагдан, цаашлаад цөлжвөл хөрсөн дээр халалт үүснэ. Тэгэхээр манай орны хувьд малын тоо толгойн асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, бэлчээрийн зөв менежментийг хэрэгжүүлэх, мал сүргийн бүтцэд анхаарах зайлшгүй шаардлагатай. Ялангуяа ямаа ургамлыг үндсээр нь сугалж иддэг. Гэтэл өнөөдөр нийт мал сүргийн 40 хувийг ямаа эзэлж байгаа нь анхаарах асуудал.

2018 онд шинэчлэн гаргасан “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан”-д нийт бэлчээрийн 57 хувь доройтсон хэмээжээ.

 
“Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан”-гаас