Зураг
Зураг
Индэр    
2018 оны 10 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч

Өндөр төсөвтэй ч хэдэн хувиар буурах нь тодорхойгүй АГААРЫН БОХИРДОЛ

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

2019 оны төсөв хэлэлцэж байгаа ойрын өдрүүдэд агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулах санхүүжилт 200 тэрбум төгрөгөөс 66 тэрбум болтол танагдлаа.

Санхүүжилт танагдах болсон шалтгаан болон 66 тэрбум төгрөгийг юунд хэрхэн зарцуулах вэ?

200 тэрбум яагаад 66 тэрбум болов?
 
Гэрэл зургийг mpa.mn

2019 оны төсөвт Агаар, орчны бохирдлыг бууруулахад зориулж 200 орчим тэрбум төгрөг суулгасан талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ сарын 11-нд мэдээлэл хийхдээ хэлж байв. Мөн энэ сарын 16-нд ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхантай хамт мэдээлэл хийхдээ дээрх хөрөнгөөс 54 тэрбумыг нь 100 мянган айлын янданд суурилуулах индукцийн төхөөрөмжид зарцуулна хэмээсэн. Сайдын зүгээс "50 тэрбумаар хамгийн ихдээ 10,000 айлыг орон сууцжуулах боломжтой. Харин богино хугацаанд агаарын бохирдлыг бодитоор бууруулах дэвшилтэт технологи нь индукцийн төхөөрөмж" хэмээн тодотгож байсан юм.

Ингээд энэ сарын 24-нд болсон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ирэх онд төлөвлөж буй арга хэмжээний талаар танилцуулга хийж, 2019 оны төсвийн төсөлд 154 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөж байгаагаа хэлсэн. 154 тэрбум дотор жин дарах өндөр өртөгтэй төслүүдэд индукцийн төхөөрөмж/53.7 тэрбум/ болон сайжруулсан түлшний үйлдвэрлэлд олгох татаас/54.7 тэрбум/ байв.

Гэсэн ч индукцийн төхөөрөмжийг ашиглах эсэх асуудал УИХ дахь МАН-ын бүлэг дээр дэмжлэг авч чадахгүй байсаар энэ сарын 24-нд Төсвийн байнгын хороогоор 2019 оны Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Агаар, орчны бохирдлыг бууруулахад төсөвлөсөн санхүүжилтийг 80 тэрбумаар бууруулсан юм. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Засгийн газраас 2019 оны төсөвт Агаар, орчны бохирдлыг бууруулахад зориулж 146 тэрбум төгрөг зарцуулахаар оруулж ирсэн. Үүний 100 орчим тэрбумыг нь гэр хорооллын айлуудын янданд индукцийн төхөөрөмж суурилуулах, худалдан авахад зарцуулна гэсэн байсан. Энэ төхөөрөмж нь туршигдаагүй, цөөн тооны айлд хэрэглүүлж туршсан ч иргэдийн зүгээс зуухны таталт эрс муудсан талаар телевизийн нэвтрүүлэгт ярьсан байна.

Мөн тус төхөөрөмжийг айл өрхүүдэд үнэгүй тараасан ч сар бүр 20 гаруй мянган төгрөгийн цахилгааны зардал гарна. Цаашилбал хотын эрчим хүчний системд нөлөөлж, хот нийтээр тог унтрах эрсдэл үүсэх магадлалтай байгаа учраас энэ төхөөрөмжийг ашиглах боломжгүй гэж үзлээ" гэх мэдээллийг өгөв.

Тэгэхээр 2019 оны төсөвт Агаар, орчны бохирдлыг бууруулахад ​зориулан 66 тэрбум төгрөг суухаар болж байна.  

2017 онд 8 ТЭРБУМ, 2018 онд 17.5 ТЭРБУМ, 2019 онд 66 ТЭРБУМ...

2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахаар зарцуулсан гадна дотны хөрөнгө оруулалтын мөнгөн дүн бараг тоогоо алдсан  ч дорвитой үр дүнд хүрээгүйг Үндэсний аудитын газраас мэдээлээд байгаа.

Сүүлийн гурван жил буюу 2017 онд улс, нийслэлийн төсвөөс 8 ТЭРБУМ, 2018 онд улсын төсвөөс 17.5 ТЭРБУМ төгрөг төсөвлөж байж. Үүний дэргэд энэ жилийн 66 ТЭРБУМ харьцангуй өндөр дүн.

Тэгвэл уг 66 тэрбум төгрөгийг юунд зарцуулж, агаарын бохирдлыг хэдэн хувиар бууруулахаар төлөвлөж байгааг тодруулахад, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Төсөв батлагдаагүй байна гэх тайлбарыг өгөөд буй.

Харин хотын захиргааны зүгээс доорх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг 20 орчим хувиар бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.

  • СХД-ийн найман хороонд 80 мянган тонн сайжруулсан шахмал түлш болон коксжсон нүүрсийг түүхий нүүрстэй адил үнээр нийлүүлэх,
  • Орон сууц, гэр, байшингийн дулаан алдагдлыг бууруулах,
  • Автобусны янданд шүүлтүүр суурилуулах,
  • Гэр хорооллыг хэсэгчилсэн байдлаар дулааны сүлжээнд холбох

Шөнийн тарифын хөнгөлөлт үргэлжилнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн Засгийн газраас баталсан гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх шинэчилсэн журмын дагуу 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл гэр хорооллын өрхүүд шөнийн тарифын хөнгөлөлт эдэлнэ.

Ингэснээр оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг хөнгөлөх юм. 

Эдгээр айл өрхүүдийн хөнгөлөлт тооцох сарын хэрэглээний дээд хязгаар холбогдсон цахилгааны хүчдэлийн түвшнээс шалтгаалан өөр өөр байгаа бөгөөд 220В бол 700кВт.цаг, 380В бол 1,500кВт.цаг байх юм. Үүнээс дээш гарсан хэрэглээг тухайн хэрэглэгч 50 хувийн хөнгөлөлттэй тарифаар тооцож төлнө.

"Олон улсын стандартад нийцсэн түлш үйлдвэрлэж, 30 гаруй төрлийн туршилтад оруулсан"

2010 онд ТЭЦ II цахилгаан станцын дэргэд байгуулагдсан ч үйл ажиллагаагаа явуулаагүй байсан сайжруулсан түлшний үйлдвэрийг засаж, "Тавантолгой түлш" компани сайжруулсан түлшний үйлдвэрлэлээ эхлүүлээд байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулагдсан тус үйлдвэр Ухаа худагийн угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлшээ үйлдвэрлэж байгаа аж.

Тус үйлдвэрийн үйл ажиллагаа болон түлшний найрлагын талаар “Тавантолгойн түлш” ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатантай ярилцсан юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

- Танай үйлдвэр дээр одоогийн байдлаар хэчнээн тонн сайжруулсан түлш үйлдвэрдэгдээд байна вэ, нэг тонн сайжруулсан түлш иргэдийн гар дээр ямар үнэтэй очих вэ?

- Цагт 30 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ажиллаж байна. Энэ үйлдвэр маань СХД-ийн найман хороонд нийлүүлэх 80-100 мянган тоон түлшийг үйлдвэрлэж байгаа юм. Тус найман хороонд түгээгээд илүү гарсан түлшээ мөн үйлдвэрийн үнээр нь иргэдэд худалдаалахаар төлөвлөж байгаа.

Үндсэн түүхий эд болох Ухаа худагийн угаасан нүүрсийг үнэгүй авч байгаа хэдий ч Улаанбаатар руу автомашинаар тээвэрлэн авчирч байгаа. Нэг тонн нүүрсний тээврийн зардал 65 мянган төгрөг болж байна. Авчирсан нүүрсээ хоёроос гурван төрлийн бодисоор баяжуулж, хөө тортог багатай түлш үйлдвэрлэж байгаа. Үйлдвэрлэлийн явцад нэгдүгээрт эрчим хүчний нүүрсээ барьцалдуулах зорилгоор SB маркын органик холбогч бодисыг, хоёрдугаарт нүүрсний найрлага дахь хүхрийг хоёр дахин бууруулах зорилгоор шохойн чулуу бага хэмжээгээр хольдог. Хамгийн сүүлд БНСУ-д үйлдвэрлэгдсэн хөө тортгийг дарж, бүрэн шаталтыг дэмжигч бодисыг нэмж байна. Ингэснээр сайжруулсан түлш маань түүхий нүүрстэй харьцуулахад агаар бохирдуулах хэмжээ багасахаас гадна удаан шатах давуу талтай.

Тээврийн зардал, нэмэлт бодисууд, үйлдвэрлэл гээд үндсэндээ нэг тонн сайжруулсан түлш 150 мянган төгрөгөөр худалдаанд гарах боломжтой.​

Сайжруулсан түлшийг иргэдэд танилцуулах өдөрлөг: 2018.10.24 Зурагтын шинэ эцэс /Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

- Иргэдийн дунд сайжруулсан түлш үйлдвэрлэхдээ коксжсон нүүрс ашиглаж байна. Илчлэг өндөртэй коксжсон нүүрсээр хийсэн түлш зуухны ширмийг хайлуулах эрсдэлтэй гэх мэдээлэл явж байгаа. Энэ талаар тайлбар өгөөч?

- Ухаа худаг нүүрс баяжуулаад коксжсон нүүрсээ экспортолдог. Баяжуулах үйл явцын дундын фракц болох эрчим хүчний нүүрсээр түлшээ хийж байгаа. Тиймээс ширэм хайлах гэх эрсдэл байхгүй.

- Олон улсын байгууллагуудын зүгээс сайжруулсан шахмал түлшний хэрэглээг дэмжих нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлнэ хэмээн зөвлөсөөр ирсэн. Ингэхдээ олон улсад мөрдөгддөг түлшний стандартад үндэслэн уг зөвлөмжийг өгч буйгаа тайлбарладаг. Танай үйлдвэрлэж буй түлш олон улсын стандартыг хангах уу?

- Бид олон улсын жишиг, стандартад нийцүүлэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, түлшээ 30 гаруй төрлийн туршилтад оруулаад байна.

Шахмал түлшийг гадаад орнуудад хэрэглээд тодорхой үе шатанд хотынхоо агаарын бохирдлыг шийдэж ирсэн байдаг. Хамгийн анх шахмал түлшийг 1700-аад онд Герман Улсад үйлдвэрлэж байсан.

Түүнээс хойш Хятад, Солонгос, Япон орнууд тодорхой үе шатанд агаарын бохирдлыг бууруулж ирсэн байдаг. Улаанбаатарын өнөөгийн нөхцөлд агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах арга хэмжээ бол шахмал түлшээр айл өрхийг хангах юм.



2020 оны өвлөөс агаарын бохирдол бодитоор буурна гэх найдвар...

Улаанбаатар хотын гэр хороолын 210 мянган өрх халаалтын улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс түлдэг. 2019 оны тавдугаар сараас Улаанбаатарт түүхий нүүрс оруулахгүй бөгөөд 1.2 сая тонн түүхий нүүрсний хэрэглээг 600 мянган тонн шахмал түлшээр сольвол агаарын бохирдол 50 хувиар буурна гэх тооцооллыг албаныхан хийжээ. Тэгэхээр нэгэнт түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах шийдвэр гарчихсан. Шахмал түлшээр хангах боломжтой хэмээн мэдэгдээд буй энэ нөхцөлд 2020 оноос агаарын бохирдол буурна гэж найдаж, урт хугацааны төслүүд буюу орон сууцжуулах, гэр хороолол руу дэд бүтэц татахад хөрөнгөө оруулах нь үр дүнтэй шийдэл болох болов уу.

Харин энэ жилийн хувьд "Тавантолгой түлш" компаниас өөр сайжруулсан түлш үйлдвэрлэж буй ААН алга. Уг нь халаалтын улирал эхлэхээс өмнө хувийн хэвшлийн 13 үйлдвэр сайжруулсан түлш үйлдвэрлэж эхлэх байсан хэдий ч одоогоор тэдгээр үйлдвэрийн нэг нь ч үйлдвэрлэлээ эхлээгүй байгааг эх сурвалж хэллээ. 

Мөн "Тавантолгой түлш" компанийн хоёр дахь үйлдвэр ирэх сарын 1-нд нээлтээ хийх ч үйлдвэрлэл хэзээнээс жигдрэх талаар тооцоо судалгаа гараагүй. Гэр хорооллын найман хороог 80-100 мянган тонн сайжруулсан түлшээр хангах хэдий ч Улаанбаатарын агаарын бохирдолд дорвитой нөлөө үзүүлэхгүйг тус компанийн ахлах зөвлөх Г.Бадамхатан хэлэв.

​Шөнийн тарифын хөнгөлөлтийн хувьд 2016 оны халаалтын улирлаас эхлэн хэрэгжиж байгаа ч уг арга хэмжээ агаарын бохирдлыг бууруулахад тодорхой үр нөлөө үзүүлсэн эсэх талаар тооцоо судалгаа байхгүй.

Тэгэхээр 2019 онд агаар, орчны бохирдлыг бууруулахад 66 тэрбум төгрөг зарцуулах хэдий ч агаарын бохирдол ямар хэмжээгээр, хэдэн хувиар буурах нь одоог хүртэл тодорхойгүй байна.