ТАЙЛБАР: Агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөсөн 154 тэрбумыг хэрхэн зарцуулах вэ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн ажлууд болон ирэх онд төлөвлөж буй арга хэмжээний талаар танилцуулжээ.
Тэрбээр “Агаарын бохирдлыг бууруулах гол ажлын нэг нь эрчим хүчний шөнийн тарифыг бууруулах хөнгөлөлт юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын 117 мянган өрхөд шөнийн тарифын хөнгөлөлтөнд 5.9 тэрбум төгрөгийн татаасыг эрчим хүчний салбарт өгсөн. Нийт өрхийн 15.2 хувь нь цахилгаан халаагуур хэрэглэсэн байна. Иргэдийн цахилгаан халаагуур хэрэглэх хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс нийтдээ таван дүүргийн 41,964 айлыг 4 квт цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Үүнд 81.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн” гэсэн байна.
Харин ирэх оны төсөвт агаарын бохирдлыг бууруулахад зориулж 154 тэрбум төгрөгийг суулгасан. Үүнээс 54 тэрбумыг нь яндангийн шүүлтүүр буюу өрхийн зуухны индукцийн фильтрт зарцуулах асуудал шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Тэгвэл төсвийн зарцуулалтын задаргааг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцуулав.
Тэрбээр энэ талаар “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2019 оны төсвийн төсөлд 154 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байгаа. Үүнээс:
- Шөнийн тарифын хөнгөлөлт 16.4 тэрбум,
- Бага дунд оврын 3,000 мянган зууханд фильтр суурилуулахад 22.5 тэрбум,
- Сайжруулсан түлшний татаас олгоход 54.7 тэрбум,
- Гэр хорооллын 20,602 айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд баригдах “Хүчит шонхор” дэд станцын барилга Угсралтын талбайн шарилыг шилжүүлэх зардалд 1.4 тэрбум,
- Өрхийн зуухны индукцийн фильтрт 51 тэрбум,
- Хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээний зардалд 3.3 тэрбум,
- Олон нийтийн мэдээлэл, сурталчилгааны зардалд 350 сая,
- Индукцийн суурилуулалтанд 2.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар тус тус төлөвлөөд байгаа" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
