Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Янданд суурилуулах индукцийн төхөөрөмжийг ашиглах боломжгүй гэж үзээд санхүүжилтийг нь танажээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд төсөвлөсөн 146 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 80 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэрийг Төсвийн байнгын хорооноос гаргаад байна.

Юунд зарцуулахаар төлөвлөөд байсан төсвийг танасан талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газраас 2019 оны төсөвт Агаар, орчны бохирдлыг бууруулахад зориулж 146 тэрбум төгрөг зарцуулахаар оруулж ирсэн. Үүний 100 орчим тэрбумыг нь гэр хорооллын айлуудын янданд индукцийн төхөөрөмж суурилуулах, худалдан авахад зарцуулна гэсэн байсан. Энэ төхөөрөмж нь туршигдаагүй, цөөн тооны айлд хэрэглүүлж туршсан ч иргэдийн зүгээс зуухны таталт эрс муудсан талаар телевизийн нэвтрүүлэгт ярьсан байна.

Мөн тус төхөөрөмжийг үнэгүй тараасан ч сар бүр 20 гаруй мянган төгрөгийн цахилгааны зардал гарна. Цаашилбал хотын эрчим хүчний системд нөлөөлж, хот нийтээр тог унтрах эрсдэл үүсэх магадлалтай байгаа учраас энэ төхөөрөмжийг ашиглах боломжгүй гэж үзлээ.

Татвар төлөгчдийн мөнгө гэдэг хэн дуртай хүний гарын салаагаар орж урсдаг мөнгө биш. Туршилт хийгдээгүй, үр дүн нь ойлгомжгүй санаачилгад сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж асуудлыг шийдэж болохгүй.

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд бид нэг аргаар агаарын бохирдолтой тэмцээд үр дүнд хүрэхгүй талаар тусгасан. Тиймээс үлдэж буй төсөвтөө багтаагаад сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх,  хөнгөлөлтэй үнээр халаагуур олгох, эрчим хүчний шөнийн тарифыг тэглэх гэх мэт аргуудаа хослуулан хэрэглэж агаарын бохирдолтой тэмцэнэ.

Түүнээс биш их хэмжээний хөрөнгө тавиад үргүй зарцуулах боломж олгохгүй. Бид ийм их хэмжээний орлоготой баян улс биш. Тухайн төхөөрөмж үнэхээр үр дүнтэй нь нотлогдвол дараа нь дутагдаж байгаа хөрөнгөө Засгийн газрын нөөцөөс гаргаад хэрэгжүүлэх боломж байгаа" гэлээ.