Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Офшорын хуулийг 74.1 хувийн саналаар баталлаа

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 58 гишүүн оролцож 74.1 хувийн саналаар баталлаа.

ТАНИЛЦУУЛГА:

Хуулийн төсөл батлагдахаас өмнө Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн  10.1-д “Нэр дэвшигч болон сонгогдсон албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээд нь офшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэсэн байгуулахыг хориглоно” гэсэн заалтын талаар гишүүд зарчмын зөрүүтэй санал хэлж, асуулт асуусан юм.


"Офшор данс, хөрөнгөтэй байя гэвэл төрийн албанаас гарах хэрэгтэй"

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-оргил42 офшор улс орноос Монгол руу хөрөнгө оруулж болохгүй гээгүй. Төрийн алба хааж байгаа бол эдгээр улс орнуудад мөнгө байршуулж, данс нээлгэхийг хориглож байгаа юм. Эдгээр улс орнуудад татвараас зугтах, мөнгө угаах ажилтай холбоотой асуудлууд яригддаг. Тийм учраас офшор данс, хөрөнгөтэй байя гэвэл төрийн албанаас гарах хэрэгтэй” гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хууль бус аргаар олсон мөнгөө хэн ч эхнэрийнхээ юм уу хамаатныхаа нэр дээр бичихгүй. Нууц амрагынхаа нэр дээр биччихсэн байвал яах юм бэ. Тэгэхээр хамаарал бүхий этгээд гэдэг чинь оновчгүй байна” гэсэн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд хамаарал бүхий этгээдэд нэгдмэл сонирхолтой этгээдийг хамруулсан нь маргаан дагуулах нь гарцаагүй шүү дээ.  Монголын гурван сая иргэн нэгдмэл сонирхолтой этгээдэд хамаарч байгаа юм. Учир нь бүгд л Эрдэнэс таван толгойн 1,072 хувьцааг эзэмшиж байгаа шүү дээ.

Хуулийн нэр томъёог зөв илэрхийлэхгүй бол хэцүү байдалд хүргэж байна. Өнгөрсөн парламентед би энэ хуулийг баталсан. Иргэдийг буруутан болгохоор хууль оруулчихлаа" гэв.

С.Бямбацогт:  Гадаадын орнуудад явж байхдаа нэг ширхэг бал ч худалдаж авах боломжгүй болчлоо

ВИДЕО: Гишүүдийн асуулт

Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Яах аргагүй энэ хууль бол өргөн хүрээг хамарсан хууль боллоо. Хамаарал бүхий этгээд гэдэг зүйл заалтад асуудал байгаа нь үнэн. Гадаадын орнуудад явж байхдаа нэг ширхэг бал ч худалдаж авах боломжгүй болчлоо” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Төрийн албанд, нийтийн албанд ажиллаж байгаа бүх хүн оффшор бүсэд бүртгэлтэй компанид хувьцаа эзэмшихийг 100% хориглох юм бол Оюу толгойд асуудал үүснэ.

Үргэлжлүүлэн Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.