Нийгэмд бидний тус дэм, урмын үгс хэрэгтэй олон хүмүүс, айл өрх, хүүхдүүд байдаг. Худалдаа, Хөгжлийн Банкны ажилтнууд өөрсдийн санаачлагаар тэдгээр хүмүүст хүрч, бага ч болов тус хүргэх үүднээс жил бүр Сайн үйлсийн аян зохион байгуулдаг билээ.
Энэ ажлын хүрээнд Малчдад туслах аяныг өнгөрсөн 7 хоногт өрнүүлсэн бол энэ удаад Төв аймгийн Батсүмбэр суманд байрладаг Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвөөр зочлон азай буурлуудаа хүндэтгэж, цагаан сарын тавгийн идээ, бусад шаардлагатай зүйлсийг бэлэглэж, ахмад настнуудаа бага ч болов баярлууллаа.
Худалдаа, Хөгжлийн Банкны ажилтнууд сайн үйлсийн аянаа үргэлжлүүлэн хамт олноо уриалж, өвлийн хүйтэнд ажил үүргээ үнэнчээр гүйцэтгэж байгаа Нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газрын "Шуурхай бүлэг"-ийн 200 гаруй ажилтанд халуун аарцаар үйлчилж, халуун сэтгэлийн өчүүхэн ч гэсэн дэм өгчээ.
Та ч гэсэн өнөөдөр сайхан сэтгэлийн гараа сунгаж, ойр байгаа аз жаргал, инээд баяслаар дутаж яваа нэгэндээ бага ч болтугай баяр баясал бэлэглээрэй.