Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болд “Рио Тинто”-гийн Эрчим хүч, эрдсийн группын захирлаар томилогдов

С.Болд-Эрдэнэ
2016 оны 11 сарын 17
www.mongolianminingjournal.com
Зураг зураг
http://www.riotinto.com/

"Рио Тинто” компани удирдлагын багтаа өөрчлөлт оруулсанаа өнөөдөр мэдэгдэв. Тус компанийн Эрчим хүч, эрдсийн группын Гүйцэтгэх захирал Алан Дэвисийг чөлөөлж, Баатарын Болдыг түүний оронд томилжээ. Ингэснээр Б.Болд нь “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх хорооны 9 гишүүний нэг болж байна.

“Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян ЖакБ.Болд Эрчим хүч, эрдсийн группт томилогдсоноор манай компанид шинэ үзэл хандлагыг нэмэх нь дамжиггүй. Түүнд худалдааны салбарт олон улсын хэмжээний удирдах арвин туршлага бий. Тэр Азийн зах зээлийг маш сайн ойлгодог бөгөөд түүний хүчирхэг стратеги нь манай компанийн Гүйцэтгэх хороонд чухал нөлөөтэй байх болно” хэмээн онцолжээ.

Алан Дэвис нь “Рио Тинто” компанид 20 жил ажилласан бөгөөд өнгөрсөн долдугаар сард Эрчим хүч, эрдсийн группын захирлаар томилогдож байсан юм. Гэвч авлигатай холбоотой хов жив түүнийг тойрох болсноос гадна Симандоу төсөлд холбогдох хуулийн зөвлөх үйлчилгээнд 10.5 сая доллар олгосон болохыг гадны шинжээчдээр ахлуулсан дотоодын хянан шалгалтаар илрүүлжээ. Тэрбээр өмнө нь тус компанийн Очир эрдэнэ болон эрдсийн группыг толгойлж байсан юм. Түүний хамт мөн Хууль, зохицуулалтын хэсгийн захирал Дэбра Валетинийг ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна.  

“Рио Тинто” компани Эрчим хүч - эрдэс, Зэс-Алмаз, Хөнгөн цагаан, Төмрийн хүдэр, Өсөлт ба инноваци гэсэн үндсэн 5 группт хуваагдаж үйл ажиллагаа явуулдаг. Эрчим хүч, эрдсийн групп нь Канадын төмрийн хүдрийн компани, Гвинейн Симандоу төмрийн хүдрийн төслөөс гадна Австрали, Энэтхэг, Мозамбек, Намиби, Серби, Өмнөд Африк, Мадагаскар зэрэг улсад байрлалтай боловсруулах үйлдвэрүүд, нүүрс, уран болон титаны үйлдвэрлэлийг хариуцдаг байна.

Б.Болд нь 2013 онд анх “Рио Тинто” компанид ажиллаж эхэлсэн бөгөөд богино хугацаанд 4 дэх удаагаа тушаал дэвшиж байгаа нь энэ юм. Тэрбээр,

  • 2013 оны 6 дугаар сард Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгчөөр,
  • 2014 оны 5 дугаар сард Төмрийн хүдрийн группын далайн тээвэр хариуцдаг “Рио Тинто Марине” компанийн захирлаар,
  • 2015 оны 8 дугаар сард Төмрийн хүдрийн группын Маркетинг, борлуулалт хариуцсан захирлаар давхар томилогдож байсан юм.
Зураг