Үндсэн хуулийн цэц өнөөдөр хуралдаж,Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийн “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, эрх, үүрэг, баталгаа, хориглох үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны зөрчлийн хэлбэр зэргийг нийтлэг байдлаар хуульчилж, нэр дэвшигчдийг ижил үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэхээр адилтган зохицуулсан боловч ийнхүү нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсанаас үүсэх эрх зүйн үр дагаврыг Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн хувьд илт ялгавартайгаар зохицуулсан байна.
Иймд Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийн заалт Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн хувьд хэрэглэгдэхгүй боллоо гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.