Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

100 компаниас 1 нь энэ оны төсөвт орлого төвлөрүүлжээ

З.Боргилмаа
2016 оны 8 сарын 19
MorninigNews.mn
Зураг зураг

-Энэ оны улсын төсөвт төрийн өмчит 100-гаад компани маань нийтдээ 28 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстойгоос өнөөдрийн байдлаар ердөө ганц компани 97 сая төгрөгийн орлого оруулаад байгаа аж. Зуун компани дундаас үүргээ ухамсарласан нэг компани нь “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХК юм- 

Төсвийн зарлагыг хэмнэж, танах бодлогын хүрээнд шинэ Ерөнхий сайд төсвийнхний цалинг бууруулна хэмээн мэдэгдсэн нь магадгүй огт “өөр” асуудлыг хөндөхөд нийгмийн сэтгэлзүйг бэлтгэсэн хэрэг байсан бололтой.

Тэрбээр төрийн өмчит болон төрийн оролцоотой компаниудын ард оршсоор ирсэн “далд эдийн засаг”-ийг ил гарган цэгцлэх зорилготой эдийн засгийн гэхээсээ илүүтэй улс төрийн зоригтой алхам хийхээр болжээ. 

Засгийн газрын ээлжит /08.17.лхагва/ хуралдаанаар энэ талаар хэлэлцэн “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин хөлс нь 5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулахаар” болж, эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо үр дүнгийн гэрээний биелэлттэй уях, цаашлаад байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоох”-оор шийдвэрлэсэн юм.

Төрийн өмчит компаниудын асуудал нь уг нь төсвийн орлого талд хамаарна.

Энэ шийдвэр өнөөдрийн тоогоор 100 орчим компанийн удирдлага, тэдний ард байх бүлэглэлүүдийн “шоргоолзны үүр”-ийг бужигнуулах эхлэл байж мэдэхээр...

Яагаад гэхээр төрийн өмчит компаниуд төрөөс цалинждаггүй тул Засгийн газрын дээрх шийдвэр уг нь төсвийн зарлагыг хэмнэхтэй огт хамаагүй асуудал бөгөөд үүний цаана төсөв хэмнэхээс арай өөр агуулга харагдаж буй юм. 

Төрийн өмчит компаниудын асуудал нь уг нь төсвийн орлого талд хамаарна. Энэ оны улсын төсөвт төрийн өмчит 100-аад компани маань нийтдээ 28 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстойгоос өнөөдрийн байдлаар ердөө нэг компани 97 сая төгрөгийн орлого оруулаад байгаа аж. Зуун компани дундаас үүргээ ухамсарласан нэг компани нь “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХК юм. 

Төр өөрөө эзэнгүй байна 

Нэгэнт өмчийн эзэндээ орлого оруулдаггүй юм бол ямар хэрэгтэй юм бэ гэх асуултыг төрүүлж байгаа Төрийн өмчит компаниуд бол Монголын “пост коммунист” хэв шинжийг хадгалж буй хуучин үзэгдлүүдийн нэг. Бизнесийн гажуудлын сонгодог жишээ болсон төрийн өмчит компанийн захирлын томилгоо нь улс төрийн үйл явцын нэг хэсэг гэдгийг эрх барьж буй МАН сайн мэдэж байгаа.

Сонгон шалгаруулалтгүйгээр шууд л улс төрийн сонирхлоор захирлыг нь томилдог ил тодгүй байдал хорь илүү жил уламжлагдан ирснийг улс төрийн намууд бүгд л мэднэ. Тийм ч учраас тэдгээр компаниуд бизнесийн зарчмаас гажиж, үр ашиг, орлого шүтсэн ашигт ажиллагааны төлөө биш хувийн ашиг сонирхлоо эрхэмлэсэн хувь хүн эсвэл хэсэг бүлэг хүн болж хувирсан хэрэг.

Үүний нотолгоо нь өнөөдрийг хүртэл мөрдөж ирсэн захирлуудын цалингийн хэмжээ ба төсөвт 100 компаниас ердөө ганц нь л орлого оруулж байгаа бодит баримт юм.

“Төрийн өмчийн” гэсэн сайхан нэртэй атлаа компанийн удирдлагын хяналт нь аль хэдийнээ өмчийн эзнээсээ холдчихсон, компанийн менежерүүд нь дур мэдэн цалингийн хэмжээгээ тогтоож, дур мэдэн өөрсдийгөө шагнадаг болчихсон явааг “Эрдэнэт”-ийн жишээнээс эхлээд иргэд гадарлах болсон.

Ийм байдлыг “агентын асуудал” гэдэг ба өмчлөх эрх болон өмчийн хяналтын эрх хоёр тусдаа болохыг хэлдэг аж. Нэг үгээр бол төрийн өмчийг зориуд эзэнгүйдүүлж, ар хударгаар нь улс төрийн бүлэглэлүүд үнээ шиг сааж хөлждөг технологи манайд амжилттай хэрэгжиж иржээ.

Ийм байдал үүсэх үндэслэл нь “төр өөрөө эзэнгүй байгаа явдал” гэж судлаач, дэд профессор Д.Долгорсүрэн дүгнэжээ. Тэрбээр цааш дүгнэхдээ “Асуудал нь өмч хувийн байх уу, төрийн байх уу гэдэгт бус өмч эзэнтэй байхад л байгаа юм” гэжээ. Тэгэхээр Д.Эрдэнэбатын Засгийн газрын “цалинтай нь тооцоо бодох” шийдвэр нь эзэнгүй өмч гэж байхгүйг сардаа 5-60 сая төгрөгийн цалинтай нөхдөд сануулсан эхний дохио боллоо.

Төрийн өмчийн компаниудыг хянах үүрэгтэй байсан ТӨХ хэмээх байгууллагыг өмнөх парламентын үед бараг л хуйвалдааны шинжтэйгээр хуулийг нь нууцаар боловсруулж явсаар татан буулгаж байсныг хэвлэлийн мэдээнүүд гэрчилж байх аж. ТӨХ татан буугдахынхаа өмнөхөн /2013 онд/ төрийн өмчит 100 компаниас 34 нь алдагдалтай ажиллаж байгааг зарлаад тэрхүү 34 компанийн 13 нь тэрбум төгрөгөөс дээш алдагдалтай ажиллаж байгаа бол 100 саяас нэг тэрбум төгрөгийн алдагдалтай 10 гаруй, 5-100 сая төгрөгийн алдагдалтай арваад компани байгааг мэдэгдэж байв.

Энэ нь үнэхээр алдагдал байв уу, алдагдалтай нэрээр ашгийг нь арай өөр тийшээ урсгаад байв уу гэдэг нь ч асуудал юм. Чухамдаа ТӨХ ийм тэмцэл хийгээд эхэлснээрээ улстөрчдийн санаачилгаар татан буугдахдаа хүрсэн гэж хэлэх хүмүүс цөөнгүй бий. 

Юутай ч төртэй сүлбэлдэн давуу тал олж авах атлаа төсөвт орлого оруулдаггүй “саалийн үнээ”-нүүдийг цаашид хэрхэх талаар Засгийн газар тууштай бодлого хэрэгжүүлэх болов уу. Зүгээр л захирлуудын цалинтай нь тооцоо бодоод орхилгүй тэнд хэдий хэмжээний хөрөнгө, нөөц бололцоо нуугдаж байгааг судалж, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтыг шинэ Засгийн газар төлөвлөж байгаа гэж харагдаж байна.

 

 

Зураг