Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадныхныг хөөх, гадаадад гарч амьдрах" ганцхан мөрөөдөл

А.Алиман
2016 оны 5 сарын 19
MorninigNews.mn
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар 2008-2012 оны хооронд нийтдээ 11.307 тэрбум ам.долларын зээл авч, үүний цаана эдийн засгийн өсөлт 17 хувьд хүртлээ хөөсөрч байлаа. 

Зээлийн үлэмж хэсгийг иргэдийн гар дээр тараасан нь тухайн үедээ нийгэмд цатгалан сайхан мэдрэмжийг төрүүлж, зах зээлд аливаа бараа бүтээгдэхүүний эрэлт, үүний дагасан борлуулалт нэмэгдэж, үнэхээр л эдийн засаг эрс сайжирсан мэт санагдаж байсныг үгүйсгэхгүй.

Гэвч иргэдийн гар дээр бэлэн мөнгө үр ашигтай хөрөнгө оруулалт болж чадаагүй учраас өнөөх хөөсөрсөн 17 хувийн өсөлтөөс үр егөөж үлдсэнгүй.

Энэ онд эдийн засгийн өсөлт 4-5 орчим хувьтай байх урьдчилсан таамгийг судлаачид дэвшүүлж байгаа бөгөөд энэ нь засгийн эрх МАН-ын гарт байх үеийн хамгийн өндөр өсөлтөөс гурав дахин бага үзүүлэлт юм. Гэвч энэ нь бүх зүйл уруудан муудсан гэсэн үг биш харин олон зүйл бодит байрандаа эргэж ирснийг илтгэж буй хэрэг.

Урагш хөдлөөгүй уул уурхайн төслүүдээ урьдчилан борлуулж, Оюутолгой компаниас 2010 онд 250 сая, 2011 онд Хятадын Чалко компаниас 350 сая, Эрдэнэт үйлдвэрээс 200 сая ам.долларыг тус тус зээлсэн юм. Мөн 2012 онд 580 сая ам.долларыг бондоос босгож байв.

Бэлэн бөгөөд хямд эх үүсвэрээр нийтдээ 11 тэрбум гаруй ам.доллартай болсон Засгийн газар эдийн засгийн хөөсөрсөн өсөлттэй хамт хөл алдаж, гадаадын хөрөнгө оруулалтыг үл тоож эхэлсэн юм.

Гадаадын хөрөнгө оруулалтад өндөр босго тогтоосон хууль баталж, голлох хөрөнгө оруулагч Рио Тинтотой үл ойлголцол үүсгэж, хямд эх үүсвэртэй зээлээрээ өөрсдийгөө үргэлж болгоод байх юм шиг өөдөө хөөрсөн гэж өдгөө шинжээчид дүгнэж буй.

Гадаадын хөрөнгө оруулагчдын “нулимс”-ыг Ардчилсан намын тэргүүлж буй Засгийн газар арчиж өгсөн хэрэг.

Тэр үед эдийн засаг хэт өссөнийг давуулан үнэлж, “гадны хөрөнгө оруулалтыг маш бага хүүтэйгээр авна" гэдэг хандлага толгой эргүүлж хөрөнгө оруулагчдыг үргээсэн гэсэн үг.

Үүний үр дагавраар 2011 онд 4.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан гадаадын хөрөнгө оруулалт 2014 он гэхэд ердөө 845 сая ам.доллар болтлоо буурсан юм.

Ройтерс агентлаг хэдхэн хоногийн өмнө мэдээлэлдээ Монголын Засгийн газартай Канадын “Хан Ресурс” компани долоон жил маргалдсаны эцэст лиценз хууль бусаар цуцалсны нөхөн төлбөрт арбитрын шүүхийн шийдвэрээр 70 сая ам.доллар авахаар болсныг онцлоод мөн “Рио Тинто” компани гурван жил маргалдсаны эцэст Оюутолгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалтаа, улмаар “Сентерра Гоулд" компани долоо жил хүлээсний эцэст энэ онд Бороогийн ордын олборлолтын ажлаа тус тус эхлүүлэхээр болж байгааг дурдсан байв. Гадаадын хөрөнгө оруулагчдын “нулимс”-ыг Ардчилсан намын тэргүүлж буй Засгийн газар арчиж өгсөн хэрэг.

Хүндээ хүрээгүй, эдийн засагтаа ээнэгшин наалдаагүй өндөр өсөлтийн үеийн хоосон тоо хоол болоогүй. Харин ч гадаадын хөрөнгө оруулалтыг гацаахдаа хүрсэн хийрхлийг өдөөж байлаа.

Монголчууд эхлээд эх орондоо байгаа “гадаадынхныг хөөж гаргах, дараа нь өөрсдөө гадаадад гарч амьдрах" тухай ганцхан мөрөөдөлтэй гэх ёжлол гашуун боловч үнэний хувьтай. Хөөрүү мөрөөдлийг маань дэвэргэж байсан тэрхүү хэт өсөлт өнөөдөр хөрсөн дээр буужээ. Гэвч үүнийгээ хүлээн зөвшөөрч сургамж болгон авч үлдэх үү, сонгуулийн шоу хийх үү гэдэг асуулт хариултгүй хэвээр.

Зураг