Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Итгэлцлийн “хэл”-ээс тогтвортой түншлэл эхэлнэ

ikon.mn
2016 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

-Нягтлан бодох бүртгэл бидний амьдралд-

Дотоодын эдийн засаг агших хэрээр бизнесийн орчин хумигдах болсон. Энэ дүр зураг одоо ч гэсэн үргэлжилсэн хэвээр байна. Зах зээлд мөнгө хомсдох тусам арилжааны банкуудын олгож байгаа зээлийн хүртээмж саарч, үр ашиг, үнэ цэнэ нь уруудсаар. Бизнесийн хэвийн үйл ажиллагаа саатах тоолонд тухайн аж ахуйн нэгжийн зээл чанаргүй болох эрсдэл улам нэмэгдэж байна. Тодорхой хуримтлалгүй, дан ганц зээлийн эх үүсвэр дээр тогтож ирсэн хувийн хэвшлийн зарим аж ахуйн нэгж уг сорилттой нүүр тулгарч явна. Тэд гадаадын шууд хөрөнгө оруулалтын огцом уналтад давхар нэрвэгдээд байгаа. 

Манай улс руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн таван жилийн доод түвшиндээ ирээд буй. Эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөж байсан 2011 оны оргил цэг буюу 4.7 тэрбум ам.долларт хүрч байсан мөн үетэй харьцуулахад одоо энэ хэмжээ 10 дахин буурчихаад байна. Хоёр тайлан гаргадаг хэмээн татварын байцаагч нарт битүүхэн хардуулдаг байсан компаниуд өнөөдөр бизнесийн орчинд жигдхэн үйл ажиллагаа явуулахад тамир тэнхээ нь сульджээ. Тэд хөрөнгө оруулалтын эрэлд гараад байна. Энэ нь өнөөгийн нөхцөлд хүндрэлийг гэтлэх боломж болохыг уул уурхайн бизнес эрхэлж буй нэгэн эрхэм өгүүлсэн юм. 

Түүний хувьд тус салбарт нэлээн хожуу орж ирсэн бөгөөд зургаан жилийн хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Харин 2014 оны дунд хагасаас хэрэгжүүлж буй төслийн нөхцөл байдал нэн ээдрээтэй болж эхэлжээ. Гол шалтгаан нь, дэлхийн эрдэс, түүхий эдийн зах зээлийн үнийн хэлбэлзэл бус хөрөнгө оруулагчтайгаа ойлголцож чадаагүйгээс компанийн цаашдын үйл ажиллагаа доголдоход хүрсэн байна. Тухайн үед амжилттай урагшилж байсан төсөлдөө эрдсэн тэрбээр хөрөнгө оруулагчаа нэг талаар гомдоосон аж. Үүнээс болж хоорондын бизнесийн харилцаанд сэв суужээ. 

Тухайн аж ахуйн нэгжийн “эрүүл мэнд”-ийн илтгэх санхүүгийн тайлан, баланс төдийлэн оновчтой бус байсан нь дээрх сэв суух шалтгааны эхлэл болсон байна. Санхүүгийн тайланг байгууллага, компанийн тусгал гэж үздэг. Тэр утгаараа хөрөнгө оруулагчид захиралтай нь уулзах бус тайлантай нь эхэлж танилцах хүсэлт их байдаг нь угтаа үүнтэй холбоотой аж. 

Төслөө амжилттай эхлүүлсэн ч замын дундаас гацаанд оруулсан дээр дурдсан эрхэм нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланг нэг үе төдийлэн ойшоодоггүй, боловсон хүчний мэдлэг чадварт ач холбогдол өгөөд байдаггүй байсан нь дээрх нөхцөл байдалд хүргэсэн болохыг дараа нь ойлгосон гэдгээ хэлж байна. Тэрбээр “Мэргэжлийн, ур чадвартай, туршлагатай, ёс зүйтэй нягтлан бодогч байгууллагын маш чухал, хариуцлагатай хүний нэг юм билээ. Үүнийг бизнес эрхэлж байгаа болон энэ салбарт яваа хүмүүс ихээхэн анхаарах хэрэгтэй санагдсан. Надад маш том сургамж болсон. Мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын заах арга барил, төгсөж ирж буй дотоодын мэргэжилтэн бидэнд биш юм гэхэд гаднын мэргэжилтэнд гологдох хандлага түгээмэл байна” хэмээсэн.  

Улсын хэмжээнд нийт 30 орчим мянган нягтлан бодогчид байгаагаас 3,000 гаруй нь мэргэшсэн нягтлан бодогч гэсэн тоон судалгаа бий. Үлдсэн нь мэргэшсэн нягтлан бодогчдыг бэлтгэх шалгалтад  орж, эрх авч чадаагүй гэж нэг талаар ойлгож болохоор. Тэр хэмжээгээр компанийн бүртгэлийг муу хөтөлж, холбогдож гарах бизнесийн шийдвэр муу болохыг тус салбарт олон жил ажиллаж буй нэгэн өгүүлсэн юм. Нэг талаасаа гадаадын хөрөнгө оруулагч нар манай санхүүгийн тайланд итгэдэггүй тал байгааг үгүйсгэхгүй. Энэ нь олон жишээгээр батлагдах болсон. Гэхдээ бид олон улсын стандартыг нутагшуулж эхэлсэн. Хамгийн гол нь хариуцлагатай хандах шаардлага байгааг дурдахгүй өнгөрч болохгүй байх. 

Нягтлан бодох бүртгэл нь бизнесийн хэл гэж зарим судлаач тодотгодог. Энэ нь магадгүй хамгийн товчоор илэрхийлсэн дүгнэлт. Тэгвэл дээр өгүүлсэн бодит баримтаас харахад итгэлцлийн хэл нь цаасан дээр буулгасан тооны үзүүлэлт юм. Аудитын олон улсын сүлжээ “BDO аудит” компанийн захирал Г.Баянмөнх “Хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулах шийдвэрээ гаргахад хамгийн гол үндэслэл болох баримт нь нягтлан бодох бүртгэлийн зохих стандартыг баримталж бэлтгэгдсэн санхүүгийн тайлангууд байдаг. Буруу бэлтгэгдсэн санхүүгийн тайланд буруу шийдвэр гарах эрсдэл бий” хэмээн ярив. 

Сүүлийн үеийн дэлхий нийтийн хандлагаас ажиглахад, үүсмэл санхүүгийн хэрэгслүүд бий болж, нягтлан бодох бүртгэл хөтлөлт илүү төвөгтэй болж байгаа. Үүнээс гадна нэгэн шинэ өөрчлөлт уг тогтолцоонд эрчтэй нэвтрээд удаагүй байна. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн баримтжуулалт цаасан хэлбэрээс электрон буюу цахим хэлбэрт шилжиж буй алхам. Цаг хугацаа хэмнэх төдийгүй эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд хүртэл ээлтэй өөрчлөлт ид өрнөж байна. Цаашилбал, бүхий л бүртгэл хөтлөлт цахим орчинд явагдах хандлага руу шилжиж эхэллээ. 

Манай улсын хувьд олон улсын хандлага, дээрх хөгжлийн шинэ түвшнээс тийм ч хол хоцроогүй яваа. Энэ хандлагыг дотоодод нутагшуулж, улмаар өөрсдийн үйл ажиллагаанд нягтлан бодох бүртгэл, аудитын чиглэлийн мэргэжлийн байгууллагууд хэдийнэ нэвтрүүлсэн. Тодруулбал, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт олон улсын стандарт, сайн туршлагыг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр мэргэжлийн байгууллагуудыг нэгэн дээвэр дор нэгтгэн ажиллаж байгаа. 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль анх 1993 онд батлагдсан байдаг. Уг хуулийг өнгөрсөн онд УИХ шинэчлэн баталсан. Тус хуульд томоохон өөрчлөлтүүд орсон бөгөөд энэ оноос эрх зүйн шинэ стандарт хэрэгжиж байна. Далд эдийн засгийг бууруулж, эдийн засгийн харилцааг ил тод болгох, санхүү, бүртгэлийн харилцааг шинэ түвшинд гаргахаар татварын хоёр дахь шатны шинэчлэл хийгдэж байгаа. Энэ хүрээнд Нягтлан бодох бүртгэлийн хууль шинээр батлагдсан.

Тоймлон хэлбэл, эрх зүйн орчин нь олон улсын хөрөнгө оруулагчдад төдийлэн гологдоод байхааргүй шинэ шатанд гарч ирээд байна. Харин компани, аж ахуйн нэгжүүдийн хувьд санхүүгийн тайлангаа хэрхэн гаргаж байгаа нь харилцан адилгүй байгаа юм. Эндээс л итгэлцэл чухамдаа ихээхэн хамаарч байна. 

Итгэлцэл. Энэ үг хүний амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг бид дор бүрнээ мэддэг. Гэр бүл, нөхөрлөл, хамтын түншлэл гээд хамгийн эрхэм бүхэн гагцхүү итгэлцэл гэх ганц үгийг түшиж байдаг. Тэгвэл эдийн засаг, бизнест ч ялгаагүй итгэлцэл улам бүр хамаатай болж байгааг уул уурхайн салбарт амжилт эс олсон эрхэм, түүний бизнесийг хөрөнгө оруулагч нарт нь илүү, дутуу үггүй хэлэх, гадаад хэлний гаргуун боловсрол төдийлэн шаардаад байхгүй тоо илтгэж орхидог гэмтэй.

Тоонд ямар нэгэн алдаа гарсан, тайлан зөрүүтэй байвал итгэлцэл нуран унах нь бий. Татаж чадсан хөрөнгө оруулалт огцом “нурдаг” шиг бэхжиж буй итгэлцэл хөрөх зүйл танд ч тохиолдохыг үгүйсгэхгүй юм. Тэгэхээр санхүүгийн тайлангаа тоохгүй өнгөрч болохгүй нь. Жижиг мөртлөө том асуудал үүнээс эх авах нь бий. 

Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн М.Болормаа “Аж ахуйн нэгж байгууллагыг нэг тайлантай болгох нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчлэлээр шийдэх гол асуудал байсан. Тогтолцооны хувьд олон улсын жишигтэй хуулиа ойртуулах, нийцүүлэх хүрээнд өөрчлөлт орсон. Бизнес эрхлэгчдэд тааламжтай байдлаар хуулийн шинэчлэл хийгдсэн” хэмээн хэлсэн удаатай. 

Итгэлцлийн “хэл” болсон нягтлан бодох бүртгэлийн хийгүй тайлангаас цаашдын тогтвортой түншлэл эхлэх аж. Хандлага өөрчлөгдөж, бид урагшилж байна. Тогтвортой түншлэлээ бэхжүүлэх “жор” нь хамгийн энгийн бөгөөд итгэлцлийн “хэл” болж байгаа санхүүгийн тайлангаа зөв гаргахаас л цөөнгүй зүйл үндсэндээ шалтгаалах нь. Эндээс л хөрөнгийн зах зээлд гарах, хөрөнгө оруулалт амжилттай татах, урт хугацаанд амжилттай оршин тогтнох  байгууллага, компанийн ирээдүй хамаарах нь дамжиггүй. 

 

Б.Баяртогтох