Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Сургуулийн шинэ барилгууд эрсдэл дагуулж мэдэх нь

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 11
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Жил ирэх тусам сургууль, цэцэрлэгийн эрэлт нэмэгдсээр байна. Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, дотуур байр гээд нийт 1,197 барилга шинээр барих шаардлагатай гэж тооцжээ.

Шинээр барих болон шинэчилж сайжруулах 653 цэцэрлэг, 342 сургуульд нийт нэг их наяд 700 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Гэхдээ энэ тоог гүйцээхэд цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ч тодотгов.

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэг, сургуулийн хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж буй ч төсөв хөрөнгөөс шалтгаалаад жил бүр сургуулийн тоо хоёр, гурваар, цэцэрлэгийн тоо 40 гаруй тоогоор нэмэгддэг байна.

2015 оны байдлаар хоёр сургууль шинээр ашиглалтад оруулжээ. Энэ нь төлөвлөснөөс бага үзүүлэлт аж. Уг нь барилгыг нь нураасан хэд хэдэн сургуулийг дахин барьж ашиглалтад өгөхөөр төлөвлөөд байсан ч хөрөнгө санхүүгийн байдлаас шалтгаалаад 14 болон 32 дугаар сургуулийн барилгыг барьж амжаагүй тухай холбогдох мэргэжилтэн нь онцолж байв. 

Нийслэлийн хэмжээнд 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт болоод нийслэлийн төсвөөс зарласан төсөл хөтөлбөрийн хүрээнд нийт 73 сургууль, цэцэрлэгийн барилгыг барихаар төлөвлөсөн.

Эдгээрээс 17 цэцэрлэгийн барилгыг Дэлхийн банкны санхүүжилтээр барихаар шийдвэрлэсэн гээд гаднын төсөл хөтөлбөрийн шугамаар асуудлыг тодорхой хэмжээгээр зохицуулсаар ирсэн. Харин улсын төсвөөр дөрвөн цэцэрлэгийг шинэчлэн барьсан байна.

Улаанбаатарт гурван ээлжээр хичээллэдэг 19 сургууль бий.

Улаанбаатарт гурван ээлжээр хичээллэдэг 19 сургууль бий. Эдгээр сургуулийн ачааллын нимгэлэхэд шинээр 30 байр барих шаардлагатай. Цэцэрлэгийн хэрэгцээний 60 хувийг хангадаг тухай ч мэргэжилтнүүд дуулгаж байлаа.

Ийнхүү цэцэрлэг, сургуулийн эрэлт жил ирэх тусам нэмэгдэж буй. Гэвч нөгөө талаар эрэлтийг хурдан хугацаанд шийдэхийн тулд барилгын чанарт хайнга хандахад хүрч байна.

Үүний нэг бодит жишээ Монгол гуравдугаар сургуулийн барилга. Хана, хаалга нь цуурч, суурийн зарим хэсэгтээ суулт өгсөн гээд ашиглалтад ороод жил ч бололгүй чанар нь танигдав. Тус сургуулийн барилгын чанарын талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан ямар нэг тайлбар хийхийг хүсээгүй юм. 

Учир нь Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар очиж үзээд, ноцтой зүйл биш гэсэн дүгнэлт хийжээ. Орчин үеийн архитектурын шийдэлтэй энэ барилга сүүлийн үеийн сургуулийн барилгуудын чанар ямар байгаа бол гэх эргэлзээ төрүүлж орхив. 2016 он гарсаар хэд хэдэн цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор нээлтээ хийсэн. Хурдан хугацаанд барьж, яаран тууз хайчилсан бүтээн байгуулалтын цаана чанар гэдэг том зүйл яригдах учиртай.

Харамсалтай нь БСШУЯ, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар сүүлийн үед барьсан сургууль, цэцэрлэгийн барилгын чанарын талаар стандартад нийцэж байгаа гэхээс өөр тайлбар өгсөнгүй.

Бариад хоёр жилийн нүүр үзэлгүй будаг нь хуурч унах, шат нь эмтрэх байдал энгийн үзэгдэл болжээ. Энэ нь сүүлийн үед барилга барих явцад хөндлөнгийн хяналт тавьдаггүй болсонтой холбоотой аж. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зураг төслийг нь хянаж зөвшөөрөл өгдөг учраас тухайн барилгыг барих явцын хяналтыг тус газрын инженерүүд тавьдаг юм байна. 

Мөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар давхар хяналт тавьдаг аж. Мэргэжлийн хяналтын байцаагч нарыг дур мэдэн барилгын хяналт тавих ёсгүй, зөвхөн эрсдэлийн үнэлгээ хийнэ гэсэн чиглэл өгчээ. Ингэснээр барилгын хөндлөнгийн хяналт гэдэг зүйл алга болжээ. Эрсдэлд суурилсан хяналт тавина гэхээр доод тал нь жилийн дараа шалгах шаардлага гардаг байна.

Энэ хугацаанд өнөөх барилга нь баригдаад дуусдаг тул суурийг стандартын дагуу тавьж буй эсэх, арматурыг хэрхэн сонгож буйг хянах бололцоогүй болжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн хэлж буйгаар барилга бол сууриа цутгахаас эхлээд эрсдэлтэй байдаг гэнэ.

 2016 он гарсаар хэд хэдэн цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор нээлтээ хийсэн.

Иймээс сүүлийн үеийн барилгууд зөвхөн хяналтын инженерүүдийн ажиглалтаар л баригдаж буй аж. Хөндлөнгийн хяналтгүйгээр барьж буй барилгын чанарын талаар тодорхой зүйл хэлэх боломжгүй гэсэн хариултыг байцаагчид өгсөн юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан холбогдох мэргэжлийн байгууллагаас шалгуулах хүсэлт гаргасан тохиолдолд шалгадаг юм байна. Нийслэлийн боловсролын газар судалгаа хийгээд төчнөөн барилгад шалгалт хийлгэмээр байна гэсэн мэдээлэл ирүүлсэн тохиолдолд шалгана гэдгийг ч хэлж байв. Шинээр барьсан барилгын чанарт асуудал гарсан тохиолдолд Улсын комиссынхон шалгаад зөрчлийг арилгуулах юм байна.

Манай улсад ашиглалтын шаардлага хангахгүй болсон сургууль, цэцэрлэгийн 100 гаруй барилга бий. Эдгээрийн дахин шинэчлэн засварлах төлөвлөгөөтэй байгаа ч одоогоор шийдэгдсэн асуудал алга. Хурдан хугацаанд шинэчлэн барих шаардлагатай гээд бушуу туулай борвиндоо баастай гэдэгчлэн чанар муутай барилга бариад байвал мөнгөний гарз болно гэдгийг хаа хаанаа ухаарах хэрэгтэй болов уу.

Хүүхдийн сурах орчин, барилга, ширээ сандал, ариун цэврийн угаалтуур, суултуур гээд сургууль гэдэг цогцоороо стандартын шаардлага хангасан байх ёстой. Манай улсын бүх сургууль, цэцэрлэг стандартын шаардлагад нийцсэн гэвэл худал.

Нэг хүүхдэд ноогдох талбайгаас эхлээд стандарт хангадаггүй талаар холбогдох байгууллагынхан хэлдэг. Олон хүүхдийн хөл хөдөлгөөнийг тэсвэрлэх чанартай байх ёстой объект бол сургуулийн барилга. Энэ объект сүүлийн үед хэврэгшиж байна. 


Э.Баярмагнай: Шинэ барилгууд стандартад нийцнэ

Нийслэлийн Боловсролын газрын Барилга хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнайгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед барьж буй сургууль, цэцэрлэгийн барилгын чанар ямар байгаа вэ?

-Сургууль, цэцэрлэгийн барилгын чанар стандартад нийцэж байгаа. Монгол гуравдугаар сургуулийн барилгын шавар нурсан асуудал гарсан. Суурийг нь хоёр тусад нь тавьсан.

Монгол гуравдугаар сургуулийн барилгын шавар нурсан асуудал гарсан. 

Иймээс тухайн сургуулийн зураг төсөлд ороогүй зүйл нэмж барих шаардлага гарсан. Барилгын үндсэн хийцийн тухайд асуудал байхгүй.

Шавар нурсан, цууралт үүссэн нь зарим шинэ барилгад тохиолддог зүйл. Энэ жил шинээр ашиглалтад оруулсан бусад сургуулийн хувьд ямар нэг асуудал гараагүй.

-Энэ жил нийслэлд хэчнээн сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөөд байна вэ?

-2015 онд Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургууль болон гуравдугаар сургуулийн барилгыг ашиглалтад оруулсан. Мөн бага сургууль, цэцэрлэгийн зургаан цогцолбор шинээр барьсан. Энэ жил 14 болон 32 дугаар сургуулийг концессын гэрээгээр бариулахаар төлөвлөөд Аж үйлдвэрийн сайдын багцад оруулчихаад байгаа.

Шинээр 640 хүүхдийн багтаамжтай хоёр сургууль, 16 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн зургаан цогцолбор ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 84 болон 48 дугаар сургуулийн байрыг өргөтгөнө.

Зураг