Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Алт, зэсийн төслүүд анхаарал татаж байна

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 5 сарын 10
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын “Coal and Metals Mongolia-2016” чуулга уулзалт Бямба гарагт өндөрлөлөө.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү арга хэмжээнд урьд жилүүдтэй харьцуулахад гадаадын хөрөнгө оруулагч харьцангуй цөөн иржээ. Өмнө нь дөрвөн оролцогч тутмын хоёр нь гадаадын зочид байдаг байсан.

Тэгвэл энэ удаад дөрвөн оролцогч тутмын гурав нь монголчууд байв. Өөрөөр хэлбэл, нүүрсний зах зээл хумигдах хэрээр тус салбар дахь хөрөнгө оруулагчдын хүсэл, сонирхол эрс буурсан байна.

Зохион байгуулагчдын зүгээс чуулганд БНХАУ, Казахстан, Австрали, Япон улсаас хөрөнгө оруулагч түлхүү оролцож байгааг онцолж байсан юм. Улаанбаатарт хоёр өдөр ажил хэрэгч уулзалт өрнүүлж, хурлын илтгэлийг шимтэн сонссон хөрөнгө оруулагчдын дийлэнх нь алт, зэсийн төслүүдэд хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа энэ үеэр дуулгалаа.

Эрдэс, түүхий эдийн зах зээлд үнэ нь бусдаасаа дөмөгхөн байгаа ашигт малтмал одоогоор алт, зэс болчихоод буй. Энэ утгаараа хөрөнгө оруулагчдын хандлага өөрчлөгджээ.

Нүүрс болон металл ашигт малтмалын чиглэлийг хамруулан өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулсан энэ удаагийн чуулга уулзалтыг нээж, Уул уурхайн сайд Р.Жигжид үг хэлсэн юм. Тэрбээр “Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, урт хугацаанд тогтвортой, харилцан ашигтай хамтарч ажиллах бодлого баримталж байгаа. Хууль эрх зүйн орчныг тогтвортой, ойлгомжтой болгож, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд өрсөлдөхүйц нөхцөл олгох чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байна” гэв.

Салбарын сайд хөрөнгө оруулагчдад багагүй мэдээллийг хуваалцсан юм. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг боловсруулж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар Р.Жигжид сайд хэлсэн үгэндээ дурдсан. Оролцогчдын зүгээс эрх зүйн орчинд гарах эерэг өөрчлөлт урт хугацаанд тогтвортой хадгалагдах нь чухал байгааг хэлж байсан юм.

Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын "Coal Mongolia чуулганы зургаа дахь жил, металл, эрдэс, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын “Metals Mongolia” чуулганы гурав дахь жил, “MineTech” уул уурхайн тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэнгийн ес дэх жил энэ онд тохиож буй.

Өмнө нь жил бүр зохион байгуулагддаг байсан эдгээр арга хэмжээг нэгтгэн шинэчлэн зохион байгуулсан нь энэ. Геологи, уул уурхай, металлург, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх зорилготой чуулга уулзалтын эхний хэсэгт Монгол Улсын сайд М.Энхсайхан “Нүүрс ба Эрчим хүч: Сургамж” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Түүний илтгэл Тавантолгой, Тавантолгойн цахилгаан станц, Шивээ-Овоо төслийг онцоллоо.

Илтгэлээ тавихын өмнө тэрбээр “Сонирхлоо алдахгүй энэ арга хэмжээнд оролцож байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад талархал илэрхийлж байна. Хөрөнгө оруулагч та бүхний итгэл найдвар тасрахгүй байх нь цаашид дараагийн өсөлтийг хангах хамгийн том суурь дэвсгэр гэж бодож байна” хэмээн тодотгов.

Уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, зах зээлээ тэлэхэд үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлэх шаардлага тулгараад байгааг чуулганы зарим оролцогч хэлж байсан юм. Манай улсын хувьд эхний ээлжинд төмөр замын сүлжээгээ нэмэгдүүлэх, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийн хангамжийг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдвэрлэхээс олон зүйл шалтгаалах нь.

Улсын төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлэх уул уурхайн салбар өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 80-аад хувийг дангаараа бүрдүүлсэн. Энэ хэмжээг тасралтгүй үргэлжлүүлэх, үр ашигтай үйлдвэрлэл явуулахын тулд дэд бүтцээ тэлэх шаардлага тулгараад байгаа аж. Үүнийг өнөө жилийн чуулга уулзалт дахин санууллаа.

Зураг