Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнхөө: Эмэгтэйчүүдийн квот дээр Монголын улстөрчид харалган шийдвэр гаргаж байна

Ч.Чулуунцэцэг
2016 оны 5 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг

“Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө гуайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-д өргөн барьсан Жендерийн тэгш байдлын тухай  хуулийг УИХ-аар хэлэлцэж батлах үед гишүүд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах үеэр эмэгтэйчүүдийн квотын асуудлыг дахиж ярих нь зүйтэй хэмээн хойшуулж байсан. Гэтэл тухайн үед 30 байсан квот эдүгээ 20 болох шинжтэй. 

-Хүний хөгжлийг дэмжиж байж тогтвортой хөгжлийг бий болдог юм байна гэдгийг ХХ зууны төгсгөл XXI зууны эхэнд хүн төрөлхтөн санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн.

Үүнийг нь Жендер судлалын шинжлэх ухаан ч батлаад өгсөн. Яагаад гэвэл хүн төрөлхтөн цаашлаад эрэгтэй, эмэгтэй гэх хоёр хүйс нь өөрөө байгаль эхийн бүтээл.

Нийгэм ч тэдэнд тус тусын үүрэг хариуцлага, үнэлэмжийг ногдуулсан байдаг. Хүн төрөлхтөн  жам ёсоороо хөгжиж, XXI зууны босго алхахад дэлхий дахины өмнө шийдвэрлэвэл зохих олон чухал асуудал тулгарсан. Мэдээж хамгийн эхнийх нь байгаль орчны доройтолтой холбоотой асуудал.   

Хэрхэн яаж шийдвэрлэх тухайд дэлхийн ухаантнууд ухаан санаагаа уралдуулж буй.

Удаах нь засаглалыг хэрхэн сайжруулах вэ, ядуурал тэгш бус байдлыг ямар замаар шийдэх вэ гэсэн асуудал. Эцсийн бүлэгт эдгээр асуудлыг  шийдэх хамгийн зөв хувилбар, гарц бол хүний хөгжлийг дэмжих явдал гэдгийг олж харсан.

Хүний хөгжлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх үндэс суурь нь жендерийн тэгш байдлыг хангах явдал юм. Үүнийг хангах  нөхцөл нь  хөгжлийн арга зүй байна гэдгийг  шинжлэх ухаан, практикийн аль алинаар нь нотолж, батлаад өгсөн зүйл шүү дээ.

Яагаад манайх өндөр төвшинд гаргаж байгаа шийдвэрүүд нь хувьсамтгай, жишээ нь өмнө 30 гэж гаргасан шийдвэрээ 20 болгож буйчлан  байр суурьгүй, урваж шарвасан зүйл болоод байна вэ гэхээр дэлхийн хөгжлийн хандлага, шинжлэх ухаан ч зүйлийг төрийн бодлогод зохих хэмжээгээр тусгаж өгч чадахгүй байгаатай холбоотой. 

Хүний хөгжлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх үндэс суурь нь жендерийн тэгш байдлыг хангах явдал юм. 

Өөрөөр хэлбэл, хувь хүн, хэсэг бүлэг улсын эрх ашиг улс орны нийтлэг эрх ашгийн өмнө орчихоод байгаатай холбоотой гэж амьдралынхаа багагүй хугацааг Монголын төрийн төлөө, жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн асуудлаар ярьж яваа хүний хувьд ингэж харж байгаа. Нөгөө талаас хүний хөгжлийг дэмжинэ ээ гэдэг чинь нийгмийн олон асуудалд анхаарал тавина гэсэн үг.

Хүнийг эрүүл саруул байлгана, мэдлэг боловсролтой болгоно, амьдралдаа сэтгэл ханамжтай байх, ёс зүйн дэвшилтэт уламжлалд үнэнч иргэнийг төлөвшүүлж бий болгоно гэсэн үг. Энэ бүх ачааг  эмэгтэйчүүд амьдралынхаа турш үүрдэг юм.

Саяхан бид “Монголчууд гурван саяулаа боллоо” хэмээн хөөрцөглөж, сүйд болсон биз дээ. Яг үнэндээ бол гурван сая иргэнийг чинь эх хүн л тээж, төрүүлж, өсгөж бойжуулсан юм. Эх болохын зовлон жаргалыг хэн эдэлж яваа билээ гэхээр эх хүн. Байгалийн болоод нийгмийн өмнө хүчин мөхөсддөг билээ эх хүн, эмэгтэйчүүд.  

Эдүгээ боловсролын салбарын 82 хувь, эрүүл мэндийн салбарын 72 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй. Эмэгтэйчүүд үр хүүхэд, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэхийн хажуугаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй нэгнээ асран халамжлах үүргийг давхар хүлээх нь бий.

Монгол Улс 880 мянга орчим гэр бүлээс тогтдог. Эдгээр гэр бүл хэний нуруун дээр оршин тогтнож байгаа билээ, эмэгтэйчүүдийн.

Монгол Улс 880 мянга орчим гэр бүлээс тогтдог.

Орчин цагаа дагаад эмэгтэйчүүдийг гэр бүлийн менежер гэцгээдэг болсон байна лээ. Өмнө нь галын бурхад гэдэг байв. Нүүдэлчдийн соёлд эрийн нэрээр орж, эхнэрийнх нь  нэрээр гардаг гэдэг.

Энэ нь эмэгтэй хүний үүрч ирсэн ачааг гүн ухааны үндэстэйгээр  маш тод тодорхойлоод өгсөн  байгаа биз. Энэ бүхнийг төрийн бодлогод, улс орны нөөц баялгийг хуваарилахад нийгэмд хамгийн их үүрэг хүлээдэг, зовлон жаргалыг мэдэх  эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр хөгжлийн зөв шийдвэрийг гаргана гэж байхгүй. Надтай санал нийлэхгүй байгаа нь  судлаад үзээрэй. 

УИХ-аар хэлэлцсэн асуудлын хэчнээн хувь нь нийгэмтэй холбоотой асуудал байж вэ, түүнийг хэн санаачилж вэ гээд. Би нэг жишээ хэлье. Скандиновын орнууд бидний мөрөөдөж байсан социализмыг байгуулчихаад хүн амын дийлэнх нь нийгмийн асар өндөр хамгаалалт дор чинээлэг амьдарч буй.

Норвегийн Засгийн газрын нэг сайд Өмнөд Африкт болсон дэлхийн хэмжээний чуулга уулзалт дээр “Бидэнд хамгийн гол нь норвеги хүн болгох, норвеги иргэнийг төлөвшүүлж авах нь Норвегийн үндэсний аюулгүй байдлын баталгаа” хэлж байсныг чихээрээ сонссон.  Бид ч энэ бодлогоор явах ёстой. Энэ үүднээс бодоход эмэгтэйчүүдийн квот дээр Монголын улстөрчид харалган шийдвэр гаргаж байна гэж л хэлэх байна. 

-Дэлхийн жишиг ч тэр, манайх ч өмнө ашиглаж байсан пропорциональ систем л эмэгтэйчүүдэд ээлтэй юм биш үү. Мажоритар  систем  нэр дэвших сонирхол бүхий олон эмэгтэйд “гай” болох нь ээ?

-Гай болох нь ч юу юм. Пропорциональ систем нь үндэсний цөөнх, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад настан, ажилчин гээд хүн амын бүлгийн төлөөллийг парламентад, бодлого тогтооход оруулахад хамгийн ээлтэй болохыг нь шинжлэх ухаан төдийгүй олон зуун жилийн практик амьдрал батлаад өгсөн. Тиймээс пропорциональ системийг дэлхийн олон орон сонгуульдаа ашигладаг байхгүй юу. Нөгөө талаас улс төрийн намуудын хөгжлийн бодлогод асар их эерэг нөлөө үзүүлдэг.

Өнөөдрийн тухайд монголчуудын сонгуульд хандах хандлага нь аль улс төрийн хүчинд итгэл хүлээлгэх вэ гэдгээс илүүтэй хэн гэдэг нэр дэвшигч хаагуур юу тараах нь вэ, хэн нь илүү мөнгө өгөх бол гэх өчүүхэн зүйлд ач холбогдол өгч буйд байна.

Уг нь тухайн улс төрийн хүчин Монгол Улсын ирээдүй, миний хүүхдийн маргаашийн амьдралын төлөө юу хийхийг мөрийн хөтөлбөртөө тусгасан байна вэ гэдэгт ач холбогдол өгч, үг өгүүлбэрийг нь анхаарч уншаад нэр дэвшигчтэй нь тулж ажиллах ёстой юм.

Би бол пропорциональ системийг дэмждэг.  Яагаад гэхээр миний дээр хэлсэнчлэн эмэгтэй хүн нийгмийн өмнө асар их үүрэг хүлээдэг. 

Дэлхийн хөдөлмөрийн цагийн 66 хувийг эмэгтэйчүүд хөдөлмөрлөж өнгөрүүлсэн атлаа бий болсон баялгийнх нь дөнгөж 10 хувийг хүртдэг. 

Дэлхийн хөдөлмөрийн цагийн 66 хувийг эмэгтэйчүүд хөдөлмөрлөж өнгөрүүлсэн атлаа бий болсон баялгийнх нь дөнгөж 10 хувийг хүртдэг. Үүнийг жендер судлалын шинжлэх ухаан аль хэдийнэ нотолсон. Энэ үүднээс нийгэм дэх  эмэгтэйчүүдийн гүйцэтгэж буй үүрэг оролцоог нэмэгдүүлье хэмээн зүтгээд байгаа хэрэг.

Гэтэл манай эрхэм УИХ-ын гишүүдийн  эзэмшвэл зохих жендерийн боловсрол XXI зууны төрийн бодлого тогтоох төвшинд хоцорчээ гээд хэлчихвэл хатуудсан болохгүй байх. Дэлхийн практик ямар байгааг шийдвэр гаргах өндөр төвшнийхөн маань судлаасай л гэх байна. Ер нь бол нэр дэвшихэд хоёр янзын арга бий л дээ. Эхнийх нь эмэгтэйчүүдийн хувьд  нэр дэвшихэд хувь тогтоодог, нөгөө нь суудал хадгалах квот гэж. Энэтхэг, Уганда гэх мэтийн  олон оронд үүнийг хэрэглэдэг. Парламентийн 76 суудлын 16-д нь заавал эмэгтэйчүүд сонгогдоно гэж.

Хэрэв уг суудлаа эмэгтэйчүүд авч чадаагүй бол суудал нь онгорхой байдаг. Улс төрийн хүчнүүд онгорхой, хоосон суудлыг авахын тулд эмэгтэй улстөрчдийг гаргаж ирэх, хөгжүүлэх, сонгож олох чиглэл рүү анхаарлаа хандуулах хэрэгцээ, шаардлага  буй  болно. Гэтэл манайд, улс төрийн аль ч хүчинд ийм бодлого алга. Тэр ч утгаараа дарга болох гэсэн, гишүүн болох гэсэн хүсэл мөрөөдөл бүхий хэдэн хүүхэн жендер ярьдаг гэх өнцгөөс асуудалд ханддаг.

Байгаль эх эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёр өөрөөр бүтээсэн. Эрэгтэйчүүд зарчим онолд тулгуурлан алс ирээдүйг харсан, өрсөлдөж маргалдахыг илүүд үзсэн  байгалийн бүтээгдэхүүн бол эмэгтэйчүүд тэднээс тэс өөр. Эмх цэгцтэй, найрсаг харилцааг чухалчилдаг, хамт олныг бүрдүүлдэг, өнөөдрийн нөхцөл байдлыг харгалзан шийдвэр гаргадаг хүмүүс. Энэ хоёр сул тал нэгдэн нийлж гэмээнэ гэр бүл цаашлаад улс орны хэмжээнд гарч байгаа  бодлого, шийдвэр зөв гардаг. Үүнийг шинжлэх ухаан хэдийнэ хүн төрөлхтөнд таниулсан.  

Харамсалтай нь бид соёл, уламжлал, ёс заншил гэдгээр өөрсдийн жендэрийн мэдрэмжгүй бодлого, хандлагаа  зөвтгөөдбайгаа байхгүй юу. Соёл, уламжлал дотор дэвшилт биш тийм уламжлалыг хүн төрөлхтөн тээсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийг дорд үзэх, “ямааны толгой ямбанд хүрэхгүй, янтгар хатан зарга шүүхгүй” гэхчилэн илэрхийлсэн  байдаг. Гэтэл манай нүүдэлчдийн ёс заншил өөр.  

Нүүдэлчдийн түүхэнд хатад асар их үүрэг гүйцэтгэснийг бид мартах учиргүй. Эзэн Чингисийг хэн төрүүлж өсгөсөн юм. Хэн хааны зэрэгтэй хүмүүжүүлсэн юм. Тулуйн дөрвөн хүү дөрвүүлээ хаан болсон. Сорхугтани Бэхи хатан хөвгүүдээ хаан болгохын төлөө ямар их ухаан  зарсныг монгол хүн бүр мэдэж буй.

Тэгэхээр бүсгүй хүний хатан ухааныг өнөөдрийн төрд ашиглахаас яагаад  татгалзаад байгааг би хувьдаа учрыг нь олохгүй яваа. Энэ бол монгол хүний хөгжилд, Монгол Улс оршин байхуйд хийх ёстой хөгжлийн арга зүйн асуудал  гэдгийг УИХ-ын эрхэм түшээдийнхээ сонорт хүргэх байна. 

-Сонгогчдын боловсрол гэж ярьсаар олон жил болж буй. Үр дүн нь ямар байгааг хэлж мэдэхгүй нь. Сонгогчид эрчүүдийг тулхтай гэж үзсэн хэвээр байгаа бололтой. Эмэгтэй нэр дэвшигчдэд хандах хандлагыг өөрчлөхийн тулд юу хийх ёстой вэ, хойшид?

-Монголын хүн амын 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй. Улс төрийн намуудын гишүүдийн 50 илүү хувь нь эмэгтэйчүүд. Анхан шатны байгууллагын үйл ажиллагааг эмэгтэйчүүд авч яваа. Энэ бүхэн эрчүүд биднийг хаана, хэрхэн ашиглаж байгаагийн эхний жишээ.  Байлдааны цагаар бол тэргүүн фронтод илгээчихээд сууж байгаа улс.

Маргаж, мэтгэх зүйл гарвал бид л хэл амаа билүүдэж явдаг шүү дээ. Дархан хотод гурван эмэгтэй улс төрийн өлсгөлөн зарлаад байна. Эрчүүд нь хаана  яваа юм. Энэ мэтчилэн улс төрийн өлсгөлөн зарласан олон жишээг нэрлэж болно. Ингээд бодохоор бүсгүй хүнийг эрчүүд юунд ашигладаг болох нь харагдаж байгаа биз. 

Тиймээс эмэгтэйчүүд ч улс төрийн үзэл баримтлал, чиг хандлагаа өөрчлөх цаг болсон.  Эмэгтэйчүүд  бид л өөрсдийгөө дэмжихгүй бол хэнийг дэмжих юм.

Биднийг төлөөлж УИХ-д суугаа түшээ маань  бидний зовлон жаргалын дуу хоолой болж, бидэнд хуваарилах нийгмийн баялгийн хувь хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө зүтгэх ёстой.

Мөн төрийн бодлогыг эмэгтэйчүүдэд ээлтэй болгох тэр үүрэг, хариуцлагаа цаг ямагт ухамсарлаж ажиллах ёстой.

Мөн төрийн бодлогыг эмэгтэйчүүдэд ээлтэй болгох тэр үүрэг, хариуцлагаа цаг ямагт ухамсарлаж ажиллах ёстой. Түүнээс эрчүүд эмэгтэйчүүдийн төлөө дуугарч байхыг та бүхэн харсан уу.

Үүгээр эр хүнийг буруушаах гэсэнгүй, жендерийн хандлагыг өөрчлөх тухай л яриад байгаа юм. Хамгийн энгийнээр тайлбарлавал, эцэг хүн хүү, охин хоёр нь гүйж яваад унахад, хүүгээ эр хүн байж уйллаа гээд охиноо аргаддаг  энэ  жендэрийн хэвшмэл  ойлголт, хандлагыг өөрчлөх уёиртай.  

Өнөөдөр манай эрчүүд XXI зуун гарчихаад байхад эмэгтэй хүнд хандах хандлагаа өөрчилж чадахгүй л байгаа шүү дээ. Тиймээс  миний хүсэх зүйл бол УИХ-ын энэ удаагийн сонгуульд гарах төрийн түшээд нэн даруй эмэгтэй нэр дэвшигчийг дэмжих нийгмийн сэтгэхүйг бий болгохын төлөө ажиллах ёстойгоос гадна эмэгтэйчүүдийн байгууллагатай нягт хамтран ажиллах учиртай.

Харамсалтай нь манайхан энэ асуудалд хойрго хандаж ирсэн. Эмэгтэйчүүд маань ч ялгаагүй, УИХ-ын гишүүнээр сонгогдмоцоо, өндөр албан тушаалд очмоцоо нийгэм, эмэгтэйчүүдийнхээ төлөө хийх ёстой ажлаа тод томруун илэрхийлж нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж давуу талаа ойлгуулахад бүрэн хандаж чадахгүй байгаагаас болоод сонгогчдын итгэлийг буурч болохыг нэн тэргүүнд анхаарах ёстой.

Үүний тулд  хоёр зүйлийг нэн даруй өөрчил. Магадгүй эмэгтэй нэр дэвшигчдэд хандаж хэлэхэд, тойрог олдоогүйд бүү гутар гэж хэлмээр байна. Энэ удаагийн сонгууль бус маргаашийн төлөө, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө явах асар их боломжууд биднийг хүлээж буйг мартах учиргүй.  

Эмэгтэй  хүн ямар асуудалд үндэсний, олон нийтийн шинжээч байх юм  гэдгийг  бэлдэж өгөх ёстой. Тэгж гэмээнэ улс орон, эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой нь болж чадна. Мөн дагаж гүйдэг улстөрч  байх бус эрчүүдтэй оюуны  хүч чадлаараа зэрэгцэн ажиллаж чаддаг хүчирхэг  лидер болон хувирах ёстой хэмээн залуу улстөрч бүсгүйчүүддээ хэлэхийг хүсч байна. 

Би саяхан П.Ундармаа гэх эмэгтэйн урилгаар 70 гаруй эмэгтэйд лекц уншсан. Тэдэнд жендерийн тухай, улс орны хөгжилд эмэгтэйчүүд яаж нөлөөлдөг тухай, Скандиновын орнуудын туршлага, Монгол Улсын өөрийнх нь туршлагын талаар ярьж өгсөн. Үнэндээ нүүдэлчдийн соёл монгол эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлд хар толбо үлдээгээгүй соёл юм шүү дээ. 

Африкт XXI зуун гарчихаад байхад эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг зэрэмдэглэсэн хэвээр, Зүүн өмнөд Азид айлд бэр болж очихын тулд асар их инж өгөх учиртай. Санасанд нь хүртэл өгч чадаагүй бол боол нь болж хувирах  жишээтэй. Лалын ертөнцөд нөхрөөсөө өөр хүнд царайгаа харуулах учиргүй гээд л зовлон их бий. Бид тэдний дэргэд жаргалаараа яваа улс.

Тийм хатуу ёс заншлыг нүүдэлчдийн соёл бидэнд үлдээгээгүй юм шүү. Үүгээрээ бид бахархах ёстой. Ерөөсөө хаан, хатан ухааныг гэр бүлийн, төрийн  асуудалд  хэрэглэж ирсэн асар соёлтой ард түмний үр сад, бид чинь.  Гагцхүү эрчүүдээ өөрчлөхийн тулд эмэгтэйчүүд бид ажиллах ёстой.  Үүнийг өөрчилж чадахгүйн гор нь гэр бүлийн хүчирхийлэл манай улсад ямар янзтай байгаа билээ. Ийм орчныг бий болгосон нийгмийн бодлогоо эмэгтэйчүүд бид л өөрчилж болно. 

-Монгол Улсын Үндсэн хуульд эрэгтэй эмэгтэй  хүн бүр тэгш эрхтэй гэж заасан атлаа улс төрд эмэгтэйчүүд тэгш эрх эдэлж чадахгүй юм. Эмэгтэйчүүд тэр бүр нам байгуулж чаддаггүй учраас төрийн бус байгууллага төдийхнөөс дээш гарахгүй юм. Үүнд өдөр тутмын  ачаалал, хөрөнгө мөнгө ч нөлөөлдөг байх. Та надтай санал нийлэх үү? 

-Эмэгтэйчүүд нам  байгуулсан. Г.Уянга, Д.Сүхжаргалмаа, Ж.Занаа нарыг нэрлэж болно. “Монголын эрдэмтэн эмэгтэйчүүдийн холбоо” гэж байгуулагдан ажиллаж  байна. Гэхдээ улс төрд хөл тавих, нам байгуулах тухайд олон хүчин зүйл нөлөөлдөг.

Нэгдүгээрт, жендерийн асуудал. Хоёр дахь нь эмэгтэйчүүд хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал дээр гацчихдаг.  

Ерөөсөө дэлхийн практикт, эмэгтэй хүн улс төрд орж чаддаггүй, чөдөр тушаа болдог гурван зүйл бий. 

Ерөөсөө дэлхийн практикт, эмэгтэй хүн улс төрд орж чаддаггүй, чөдөр тушаа болдог гурван зүйл бий. Эхнийх нь эмэгтэйчүүдийн үзэл бодлын асуудал.

Хоёр дахь нь хөрөнгө нөөцийн боломж. Гурав дахь нь гэр бүлийн дэмжлэг. Монголд өнөөдөр хэн нам байгуулаад байгаа юм. Юуг үндэслэн нам байгуулаад байгаа юм. Улс төрийн үзэл баримтлал  нь товойлгоод байна уу, мөнгө нь товойлгоод байна уу. Үүнийг энгийнээр харахад л бүх зүйл ойлгомжтой байгаа биз дээ.  

Нөгөөтэйгүүр, бүсгүй хүн нийгэм, гэр бүлийнхээ төлөө мөнгөөр үнэлж баршгүйгээр хөдөлмөрлөдөг учраас улс төрд орох, шийдвэр  гаргахад туршлага олж авах цаг заваар хомс байдаг юм. Үүгээрээ бид эрчүүдэд гадуурхагддаг. Дэлхийн парламентийн судалгаанд эмэгтэй хүнийг дээр дурьдсан гурван зүйлээр нь дэмжиж өгөх хэрэгтэй гэсэн байдаг юм. Тийм болохоор эмэгтэй хүний хөлс төлөөгүй хөдөлмөрийг үндэсний бүтээгдэхүүнд тооцох ёстой.

Өнөөдрийг хүртэл эмэгтэй хүний хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж тааруу. Эр нөхрүүд ажлынхаа хажуугаар  цамцыг минь  угаагаад, гэрээ цэвэрлэчихэж, баярлалаа чамдаа гэдэг бил үү. Зочид буудалд ганц хоноход хэдэн төгрөг төлдөг билээ, хими цэвэрлэгээнд цамцаа өгөхөд  хэд билээ. Тэгсэн атлаа бүхнийг амжуулсан гэргийнхээ  хөдөлмөрийг үнэлдэг бил үү. Тийм л учраас эмэгтэй улстөрчдийг өсгөж өндийлгөх улс төрийн бодлого намуудад байх ёстой. Жендерийн бодлогыг өндөрт авч яваа улс төрийн хүчин манайд байна уу. 

Би МАН-ын хүн л дээ. XXYI их хулын үеэр намын доторхи удирдах албан тушаалын 25 хувийг заавал эмэгтэйчүүд хаших тухай дүрмэнд  тусгах гэж бид хирдээ л их юм  болж байсан. Намынх нь дүрэмд ингэж заасан улс төрийн өөр хүчин байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна. Энэ мэтчилэн эмэгтэйчүүдийнхээ төлөө юм хийх ёстой.

Ийм боломж, орон зай манай оронд байна уу гэвэл байна. Гагцхүү олж харах билгийн нүд л үгүйлэгдээд байх юм даа. Ер нь Монгол Улс шиг эмэгтэйчүүд нь өндөр боловсрол эзэмшсэн орон цөөхөн шүү. Эл амжилтаа  баталгаажуулах ёстой. Дээд боловсролтой хүний 42 хувь нь эмэгтэйчүүд байна.

Ерөнхий болон дээд сургуульд сурч байгаа залуучуудын 60 шахам хувь нь охид байх жишээтэй. Ийм боломж олгосон төрийн бодлого аль улсад байна гэдгийг  судлаад үзэхэд ч гэмгүй.  Тэгэхээр эмэгтэйчүүд маань олж авсан боловсрол, мэдлэгийнхээ тодорхой хувийг нийгмийн сайн сайхны төлөө, төрд зориулах хэрэгтэй байгаа юм. 

-Таны улс төрд хөл тавьсан түүхийг сонирхож болох уу?

-Залгамж халаагаа бэлдэх тухай дээр дурьдаад өнгөрсөн. Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, дэлхийн энх тайвны шагналтан, зохиолч С.Удвал гуайг та бүхэн мэдэж буй. 1972 оны а “Мартын 8”-ны төвийн хурал дээр Сэлэнгэ аймгийн ЭХГ-ын дарга Д. Мөнхөө гэж ирээдүйтэй залуу  эмэгтэй байна гэж илтгэлдээ оруулсан. Би нийгмийн  анхааралд орж аймгийн дарга дуудаж хариуцлагатай дарга хийлгэнэ гээд л.

Тэгтэл Намын Төв Хорооны боловсон хичний хэлтсээс Коммунист намын дээд сургуульд явуулна, ЭМЯ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зохион байгуулалтын курст явуулна гэхчилэн санал тавьж би тодорч байлаа. Тэгэхээр энэ бол лидер эмэгтэй бусдыгаа хэрхэн өөд татаж болдгийн бодит том жишээ.

Тэгээд би МХЗЭ-ийн XYI их хуралд төлөөлөгчөөр орж ирээд л МХЗЭ-ийн Төв Хорооны сургууль, оюутан залуучуудын хэлтсийн дарга болоод л үндэсний хэмжээнд, олон улсын төвшинд асуудлыг харах, таньж мэдэх боломжийг надад олгосон.  

Түүний буянд би шинэ Үндсэн хуулийг батлалцаж, УИХ-д сонгогдон, Эрүүл мэндийн яамны орлогч сайдын албыг хашиж, үндэсний болоод олон улсын хоёр том шагналын эзэн болж, ард түмэндээ тэр хэмжээгээр үнэлэгдэж явна аа. Тиймээс С.Удвал  гуай шиг  шинэ залуу лидерүүдийг олж харж, өсгөж, хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд  бид анхаарах ёстой.

Өөрөөр хэлбэл, хойч үедээ санаа тавьсан хүн дараа үедээ хүндлэгддэг гэдгийг манай лидер эмэгтэйчүүд алхам тутамдаа санаж яваасай хэмээн ахмад хүний хувьд захих байна.

Эрчүүд ч ялгаагүй. Улс төрд хөл тавих гэж буй хэн бүхэнд энэ хамаатай болов уу. Үнэндээ алдар хүндийн хэрэгцээ шаардлагыг улс төр хангадаг юм. Гагцхүү тэр алдар хүндийн  хэрэгцээ шаардлага нь ард түмний  нийтлэг эрх ашигт нийцэж байна уу, үгүй юу гэдгийг ард түмэн өөрсдөө шүүгээд  төлөөллөө төрд илгээх сонголтоо хийх ёстой юм. 

-Улс төр дэх фракци, бүлэглэлүүд л улс орны хувь заяаг шийдэж байгааг та юу гэж харж байна вэ. Өнгөрсөн  өдрүүдэд улс төрийн үйл амьдрал хагас өдрийн  дотор  хэдэн янз хувирлаа. Та ч үүнийг анзаарсан байх?

-Үнэхээр харамсалтай. Биднийг УИХ-д сууж байхад фракци энэ тэр гэж юм байгаагүй шүү дээ. Үндсэн хуулийг батлахад есхөн эмэгтэй гишүүн байлаа. Эмэгтэй депутатуудын бүлэг гэж байгуулаад би ахлахаар нь ажилласан юм. Бид  ямар шаардлага тавьж байсан бэ гэхээр хоёр эрэгтэй гишүүн яриад нэг эмэгтэй гишүүн ярина.

Бид цөөхөн хэдий ч Монголын хүн амын 50 хувийг төлөөлж байгаа шүү гэдэг байлаа. Тэр үед хамгийн ардчилсан зүйл нь юу байв гэхээр ямар ч асуудал дээр эмэгтэй депутатын бүлэг зөвшилцөх уулзалт  болоход нэг саналын эрхтэйгээр оролцдог байсан. Мундаг ардчилал байгаа биз. Түүнээс хойш УИХ-аас тийм ардчиллыг олж хараагүй.Намын доторхи фракци гэдэг  нь үзэл санаа нь нэг  боловч хэрэгжүүлэх арга зүйн хувьд өөр өөр бодолтой хүмүүсийн бүлэг гэж ойлгодог.

Тиймч  байх. Манайд фракци болох  шалгуур нь юу болж  байгааг  би сайн мэдэхгүй. Үнэндээ энэ УИХ-ын гишүүдийн чинь либеритари, социал үзлээ ялгаж байгаа нь хэд юм бол доо. Би заримдаа гайхширдаг юм. Нэг сонгуульд, нэг намаас нэр дэвшсэн атлаа  дараагийн  сонгуульд шал өөр үзэл баримтлал бүхий намаас нэр дэвших гээд явж байдаг гээч. Үүнийг би  ойлгодоггүй.  

Үнэндээ би энэ тал дээр олон зүйлээр жишээ татан ярьж болно. Эцэст нь хэлэхэд, Чингисийн дэлхийд дуурсгасан нэр алдрыг дараа  үедээ өртөөлөөсэй. Үүний тулд өнөөгийн улстөрчид  эрхэм эрх ашгийн төлөө нэгдэж чаддаг байгаасай гэж хүсэх байна. Тэр фракци энэ тэр чинь  Монгол Улсын нийтлэг эрх ашгийн дэргэд юу ч биш шүү дээ хэмээн ахмад хүний хувьд захих байна даа. 

Зураг