Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгой яах вэ?

Д.Оюун-Эрдэнэ
2016 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Тоймчийн үг

-1,072 хувьцааг амилуулах ганц боломж бол нүүрсээ баяжуулах-

Оюутолгойн далд уурхайн төсөл үргэлжлэх мэдээ цацагдаж эхэлсэнтэй зэрэгцээд Тавантолгой яах бол гэсэн хүлээлт сэрж эхэллээ. Өмнө  нь холбоотой юм шиг үргэлж хамтдаа яригдаж байсан “хоёр толгойн” нэг нь ч гэсэн ийнхүү амжилттай үргэлжлэхээр болсон нь чухал алхам. Харин нөгөө толгой -Тавантолгойг яах гэж байна вэ?

Оюутолгой бол Тавантолгой шиг Монголын 100 хувийн мэдлийнх биш. Төрийн мэдэлд 34 хувь нь байдаг ч дийлэнх нь гадны компанийн эзэмшлийнх. Харин Тавантолгой бол 100 хувь монголчуудынх. Гэтэл төр засаг ард түмнийхээ энэ хөрөнгийг  эцэг эхгүй хүүхэд шиг зөнгөөрөө “хүн болох”  шоовдорлогдсон тавиланд даатгаад хаяж буй юм биш биз.

Нүүрсний салбар ойрын таван жилдээ өндийж дээрдэхгүй гэсэн оноштой байгаа. Гэхдээ эмч хүн шинжлэх ухаанд эцсийн найдлагаа тавьж, өвчтөнөө эмчилж сэхээхийг оролддог шиг Тавантолгойг бизнесийн оновчтой менежмэнт, үр ашгаар сэхээх ямар боломж төр, засагт байна вэ?. 

Тавантолгойн уурхай дээр очиж үзсэн хүн бүр мэднэ дээ.  Жирийтэл шаталсан уурхайн талбайгаас  нүүрс тээвэрлэн давхилдах хүнд даацын  машины зам зуур  арц уугиж буй мэт утаа  энд тэнд суунаглан  байх овоолготой  таараагүй хүн ховор байх. Ялангуяа говийн нар ид халааж байх үед  усаар шүршээд ч нэмэргүй дахиад л уугих овоолсон тэр их шороог хаягдал нүүрс гэдэг. Хэн ч тоодоггүй бас ашигладаггүй  нүүрсний ийм хаягдалтай орон нутгийн Тавантолгой дээр ч, Эрдэнэс тавантолгойн уурхай дээр ч таарч байлаа.  Илчлэг сайтай коксжих нүүрсний дэргэд хаягдал хэмээн нэрлэгдсэн энэ эрчим хүчний нүүрсээр яах ч билээ, уугисаар л дуусдаг хэмээн олонхи нь  боддог.  Гэтэл үүнээс ч дор нүүрсийг  хэдхэн км-ийн цаадах  урд хөршийн нүүрсний үйлдвэрүүд манайхаас түүхээгээр нь авсан коксжих нүүрстэйгээ хольж угаагаад “Монголын тавантолгойн” нүүрс хэмээн Тяньжины боомт дээр зарж ашиг хийсээр  олон жил өнгөрлөө. 

Мэргэжиилтнүүдийн хийсэн тооцоогоор Тавантолгойн бассейнд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн Тавантолгой, төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компаниуд жилд дунджаар  зургаан сая тонн нүүрс олборлодог аж. Гэтэл үүнийх нь 30 хувь буюу хоёр сая тонн орчим нь овоолго болж хаягдан, уугиж шатсаар ийнхүү дуусч байна. Үүнийг үнийн дүнгээр тооцвол харамсмаар их боломжоо бид алддаг аж.. Баялгийг сорчлолгүй олборлох хуулийн заалт бий. Гэтэл төрийн өмчит Тавантолгой дээр энэ хуулийн заалт огт мөрдөгдөж хэрэгжээгүйгээс жилд  хоёр сая тонн нүүрсийг хятадууд ийнхүү хаягдал болгон Монголд үлдээж байна. Үүнийг хамгийн багаар 25 ам.доллараар тооцоход хоёр сая тонн буюу жилд 50 сая ам.доллараар үнэлэгдэх  нүүрсээ бид цамаанаар  овоолон шатааж байна шүү дээ.

Ялангуяа ард түмний хувьцаа эзэмшиж, сая төгрөгөөр үнэлэгдсэн ч өнөөдөр ямар ч хуримтлалын ашиггүй өрийн төлөөсөнд ачигдаж байгаа Тавантолгойн Зүүн Цанхийн уурхай үр ашгаа тооцвол ард түмнийхээ баялгийг сорчлон,  үр ашиггүй  хаягдал овоолго үүсгэхгүй  байх  боломжтой.

Ард түмний амьдрал өдрөөс өөрт ядуурч хоолны мөнгөө олохын тулд  юугаа ч хамаагүй зарж худалдахад бэлэн байна. Үүний хамгийн наад захын жишээ бол 1,072 хувьцаагаа худалдах гэж өдөржин, шөнөжин горьдож, хэн нэг худалдан авагчийг  хүлээж буй Урт цагаан дахь хүмүүсийн цугларалт.  Өөрсдийгөө “шөнийн ангуучид” хэмээн нэрлэж буй нийгмийн нэг төлөөлөл болсон тэдэнд юун газар шороо, хувьцааны ирээдүйд өгөх үр ашиг.  Улстөрчийн биелдэггүй сайхан амлалтад итгэх,  хүлээх  найдвар нь өдрөөс өдөрт бөхсөнөөс ийнхүү өөрт ногдсон “баялгаа” хэнд ч хамаагүй зарахад бэлэн байна. 

Өрмийг нь хятадууд авч, хусам нь болж гологдон Монголд үлдсэн овоолго буюу хаягдал нүүрс үнэ цэнэгүй шороо биш. Ийм “шороог” хятадууд Өвөр Монголын Жинчуаны нүүрс баяжуулах цогцолбортоо манайхаас сорчилж авсан коксжих нүүрстэйгээ хольж хутгаад Тяньжины  боомт дээрээ 71 ам.доллараар тонн тутмыг нь үнэ хүргэн зарж байна. Гэтэл бид хамаг баялгаа сорчлуулж олборлуулаад тонн түүхий нүүрсээ 25 ам.доллараар зарж байхад ЭТТ компанийн хувьцаа хуримтлал болж  ард түмнийг хэзээ тэжээх вэ дээ.  

Нүүрсээ сорчлон олборлолгүйгээр бүгдийг нь баяжуулж боловсруулдаг болбол бид одоогийнхоосоо хоёр дахин их орлоо олох боломжтой. Орлогоос гадна олон зуун хүн ажлын байртай болох боломж бий. Гэвч энэ талаар  сүүлийн 4-5 жил ярьж, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтах бодлого болон холбогдох хууль, шийдвэр, тогтоомжуудад тусгасан ч өнөөдрийг хүртэл нүүрсний салбарт энэ бүхэн огт хэрэгжсэнгүй. 

Нүүрсээ баяжуулах боломж бий юу  гэвэл бүрэн боломж байна. Төрийн өмчит Тавантолгойн хажууханд хаяа нийлдэг Ухаа худагийн уурхайд  жилд 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай том үйлдвэр бий. 

Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа  төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, экспортын “нэг цонхны” бодлоготой болгох замаар нүүрсний салбараа хөгжүүлэх  олон сайхан ажил хийхээ мэдэгдэж байсан. ЭТТ болон “Энержи ресурс” компанийн хооронд түншлэлийн гэрээ хүртэл байгуулж , төрийн мэдлийн Тавантолгойн нүүрсийг Ухаа худагийн үйлдвэрт баяжуулан боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлохоор болж байсан санагдана. Гэтэл үүнээс хойш хэдэн жил өнгөрөв, юу ч өөрчлөгдсөнгүй, heregjsengui.  Харин ч төрийн мэдлийн ЭТТ компани нүүрсээ бүүр уурхайн аман дээрээс нь  тээвэрлэн хамгийн  хямд, хамгийн  болхи аргаар тав, арван ам.долларын “ашиг” олж байна. Төрийн  компанийн ийм “хүрзний” бизнесийг сайн ажиллаж байна, ашигтай ажиллаж байна хэмээн УИХ-ын даргаасаа эхлэн сүүлийн үед хөөрөгдөх болсон. Гэтэл үнэндээ  ЭТТ компанийн хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа амьдрал дээр Тавантолгойн ордыг хятадуудын бүрэн хараат болгоод байна. 

Монголын нүүрсний салбарт өнөөдөр Монголын биш хятадын бодлого хэрэгжиж байна. Үүнийг  эрх баригчид хүлээн зөвшөөрч чадахгүй  л байх. Гэхдээ монголын нүүрсний салбарын бодит байдал ямар хэмжээнд хүрснийг  үндэсний шилдэг  ТОП-100 компанийн жагсаалтаас  харж болно.  Сүүлийн хэдэн жилд өрнөсөн манай төр засгийн туйлширсан улстөржилт, бодлогогүй үйл ажиллагаа бүхэл  бүтэн нүүрсний салбараа  эдийн засгаасаа арчиж хаясныг эндээс хараарай. 
Татвар төлөлтийнхөө хэмжээгээр сүүлийн хэдэн жилд нүүрсний салбарын компаниуд ТОП-100-д тэргүүлэгч эгнээнд орж ирсэн. Гэтэл энэ удаад тэд бараа сураггүй болж арилжааны банкууд эхний 10-т орж ирсэн нь нэгийг бодуулж хоёрыг хэлж байна. 

Цаашид нүүрсний салбараа аврах уу, сэргэх мөчлөгийгнь хүлээж суусаар нэг мөсөн ингээд булшлах уу. 

2015 онд 14.5 сая тонн нүүрс экспортолжээ.  Үүнийг түүхийгээр нь экспортолсон хэмээн тонн тутмыг нь 25 ам.доллараар  тооцвол 362 сая 500 мянган ам.доллараар үнэлэгдэнэ. Харин Ухаа худагийн баяжуулах үйлдвэрийн хүчин чадлаар жилд 15 сая тонн нүүрсийг баяжуулаад Ганцмодны боомт дахь тонн тутмын 51 ам.доллараар тооцвол хоёр дахин их буюу 765 сая ам.доллараар үнэлэгдэж байна.  Үүнээс үзвэл  бид түүхий нүүрс болон  баяжуулж боловсруулсан нүүрсний экспортын  үнийн зөрүүгээс жилд зуу зуун сая ам.доллар алдсаар иржээ. 

Хайхрах эзэн, дэмжиж туслах төрийн бодлогогүйгээр энэ том салбарын ирээдүй  цаашид бүүдийсээр л байна. Ядаж л Австрали, Индонез, ОХУ шиг татварын хөнгөлөлт, тэглэлтийн дэмжлэг Монголын нүүрсний салбарынханд дорвитой хийгдэхгүй байна. Австрали, Индонез улсууд Хятадтай чөлөөт худалдааны гэрээ хийх замаар нүүрсний татвараа тэглүүлж чадсан бол одоо ОХУ идэвхтэй ажиллаж байна. ОХУ Хятадад нүүрсээ татваргүй нийлүүлэхийн тулд Эрчим хүчний яамныхаа дэргэд тусгай ажлын хэсэг гарган, амжилттай хэлэлцээр хийж эхэлжээ. Энэ тавдугаар сард болох Орос-Хятадын Эрчим хүчний хамтын ажиллагааны зөвлөлийн хурлаар Оросоос Хятадад нийлүүлэх нүүрсний тарифыг хөнгөлөх асуудлыг шийдэхээр  болжээ. Энэ талаар ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Аркадий Дворкович албан ёсоор мэдэгдээд байна. Гэтэл Монголын төр засаг гадаад ертөнцөд биш,  дотооддоо нүүрсний салбартаа тэргүүлэгч үндэсний компани “Энержи ресурс”-тай “дайн зарлан”  дарамталсаар Монголын нүүрсний үнэ цэнийг гадаад ертөнцөд үнс болгоод байна.  Үүнээс Монголын ард түмэн юу ч хожсонгүй. Тамын тогооны үлгэрээрээ өрсөлдөгч нарынхаа элэг доог, тохуурхалын бай  болж эцэст нь эдийн засгаа элгээрээ хэвтүүллээ. Харин уршигт нь нь хятадууд Монголын Тавантолгойд бүхэлд нь хяналтаа тогтоож,  хамгийн хямд түүхий нүүрсний бааз болгож, Монголын нүүрсний компаниуд хамгийн өндөр буюу 40 гаруй хувийн импортын татвар төлөгч орон болж үлдлээ.

Алдсан цаг хугацаа дотоод тэмцлийнхээ уршгаар нүүрсний экспортоос Монголд үлдэж болох нэмүү өртөг, ажлын байр, экспортын орлого, татварын орлого гээд шууд үнэлж болох маш их боломжоо бид хятадын захын нэг мужид нь алджээ. 

Хамгийн эмгэнэлтэй нь өнөөдөр ЭТТ компани ард түмний Тавантолгойн ордод лиценз гэх алга дарам цаасыг  100 хувь эзэмшиж буйгаас бусдаар бүх эрх мэдэл, үр ашгаа хятадуудад бүрэн алдчихаад байна.  Энд олборлолтыг нь хятадын компани хийж, хятад жолооч нар Монголын хилд 200 км нэвтрэн тээвэрлэлтээ хийж, хамгийн хямд үнийг хятадууд өөрсдөө тогтоож, өөрсдөө худалдан авч байна. Тэнд  зөвхөн хар ажил дээр нь л  Монголын 200 ажилчин ажиллаж байна. Хичнээн өртэй, зээлтэй, өр төлбөртөө Тавантолгойн нүүрсийг өгч байгаа ч гэсэн ингэж болно гэж үү. Хэзээ болтол ийм байх вэ? Өр төлөх гэж, хятадын түүхий нүүрсний бааз болох гэж Тавантолгойн үүцийг нээгээгүй. Гэтэл бид дотоодынхоо тэмцэл, улстөржилтөөс болж “хоёр толгойнхоо “ нэгийг ийнхүү урд хөршдөө ямх ямхаар алдсаар байх уу. 

Дэлхийн эрдэс баялгийн зах зээл хүндрэлтэй байгаа ч Оюутолгойгоо хөдөлгөж чадлаа. Харин одоо  УИХ, Засгийн газар болон төрийн мэдлийн ЭТТ компанид Тавантолгойг  Монголдоо ашигтай байлгах талаар  ямар бодого хэрэгжүүлж, юу хийх гэж байна вэ.  Гаднаас тусламж гуйгаад Оюутолгой шиг Тавантолгойд  итгэх хөрөнгө оруулагч олдохгүй л болов уу. Харин дотоодоо ямар боломж, бололцоо нөөц байна вэ. Одоо төр, хувийнхантайгаа өрсөлдөх биш хамтран түншлэх хэрэгтэй байна. Дотооддоо ядаж эв түнжинтэй баймаар байна. Эвтэй байхдаа хүчтэй гэдэг биз дээ.  Хэрэв ингэж чадвал нүүрсний салбартаа, Тавантолгойдоо гэрэл тусгах ганц л боломж байна. Айлаас эрэхээр авдраа  уудал гэдэг дээ.