Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Мумбайн хувьсгалын Монгол хувилбар үгүйлэгдэж байна

Г.Баярсайхан, Засгийн газрын мэдээ
2016 оны 4 сарын 29
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Том том бүхээгтэй тэргүүд өглөө эртлэн гарч, хөдөөгийн тоос шороотой замаар хурдлан давхина. Нэг машин нь малчин Доржийн хотонд бууж, таван хонийг нь үнэ тохиролцон худалдаж авлаа. Тэд өнөөдөр 10 айлаар орж, мал худалдаж авах ёстой.

Гэхдээ өнөөх айлууд нь хоорондоо 5-10 км-ийн зайтай. Ийн явсаар үдшийн бор хоногтоо багтан төлөвлөгөөгөө арайхийн биелүүлнэ. Амжихгүй байх тохиолдол ч бий. Энэ бол дотоодын мах бэлтгэлийн компаниудын нийтлэг дүр төрх.

Сүү, ноос ноолуурын компани ч ялгаагүй энд тэнд тархан суурьшсан малчин өрх бүрээр орж, хэрэгтэй түүхий эдээ цуглуулдаг. Энэ хооронд ямар их цаг хугацаа, бензин тос, хөлс хөдөлмөр гарахыг төсөөлөөд үз дээ.

Ийм зовлон малчдад ч бий. Наадам дөхөхөөр хэдэн малаа портер машинд ачиж аваад хот суурин газар бараадна. Хэд хоног гүрийсний эцэст түүнийгээ борлуулж, хэдэн цаастай болно.

Гэвч энэ хооронд бензиний үнэ, хотод байх үеийн зардал нэмэгдэхээр хониноос нь гарсан ашиг тун шалихгүй.

Малчны хотноос иргэдийн гар дээр ирэх зам ийм хэцүү, зардал ихтэй болохоор үнэ дагаад нэмэгдэнэ.

Малчны хотноос иргэдийн гар дээр ирэх зам ийм хэцүү, зардал ихтэй болохоор үнэ дагаад нэмэгдэнэ. Бид 50 сая малтай хэрнээ үнэтэй мах, сүү хэрэглэдгийн нэг шалтгаан нь энэ.

Хэдэн жилийн өмнө Энэтхэгт яг ийм нөхцөл байдал үүсээд байлаа. 12 сая хүн амтай Мумбай хотын хажууд Ананд хэмээх жижиг хот байх. Хотын иргэд ихэвчлэн мал аж ахуй эрхэлж амь зууна. Түүхий эдийг нь худалдан авах аварга том зах зээл дэргэд нь байдаг ч ченжүүдээс болоод үүнийгээ ашиглаж чадахгүй. Дундын наймаачид тэдний сүү, түүхий эдийг хямдаар худалдан авч, Мумбайд өндөр үнээр зардаг байв.

Эцэст нь малчид нийлэн хоршоо байгуулж, бүтээгдэхүүнээ өөрсдөө Мумбайд нийлүүлэх болжээ. Ингэснээр иргэдийн ядруу амьдрал сайжирч, их хотынхон ч хямд үнэтэй сүү хэрэглэх болсон байна.

Мумбайн сүүний хувьсгал бусад жижиг хотод даруй халдварлаж, өдгөө хоршооны зарчим тэнд жинхэнэ утгаараа хөгжих болжээ. Олуулаа нэгдэн нийлж чадвал том ажлын ард гарч болдог жишээ энэ.

Малчид хэсэг бүлгээрээ нийлж, хоршоо байгуулах замаар ажлаа хөнгөвчлөх явдал Монголд байдаг уу гэвэл, тийм. Хоршоо байгуулах ажил бүр 1992 оноос эхтэй юм билээ. Уг нь малчид хоршоонд нэгдсэнээр хадлан тэжээлээ хамтран бэлдэх, түүхий эдээ бөөнд нь борлуулах гээд давуу тал их.

Нэг малчин 20 кг ноолуураа ачиж аваад шатахуун гарздан аймагтаа ирж борлуулах, хоршооны 10 айлж нийлж 200 кг ноолуураа том компанид борлуулах хоёрын хооронд их зөрүү байгаа биз. Дунд нь ядаж л ченжүүдийн гар дамжихгүй, зах зээлийн бодит үнээр зарна гээд олон талын ач холбогдолтой.

Тэр ч байтугай томоохон хоршоод сумынхаа төвд дэлгүүр, үсчин, нарийн боовны цех, хүлэмжийн аж ахуй эрхэлж, хэрэндээ л ашиг олдог жишээ бий. Архангай аймгийн “Баялаг хангайн сор” хоршоо гэхэд сарлагийн хөөвөр, ноолуур цуглуулаад Англи руу экспортод гаргадаг аж.

Зүй нь малчид энэ мэтээр эвлэлдэн нэгдэж байж түүхий эдээ зардал багатай хэрнээ өндөр үнээр борлуулах, учирсан бэрхшээлээ
хохирол багатай даван туулах боломж бүрдэнэ.

Мал хувьд шилжсэнээс хойш тоо толгой нь жил дараалан өсч буй нь сайшаалтай.

Хамгийн гол нь дундаас нь ашиг олж, үнэ хөөрөгддөг ченжийн сүлжээг таслан зогсоох нэг арга энэ юм. Угаас дэлхийн жишиг ч ийм.

Жишээ нь, Шинэ Зеланд улсын сүүний хэрэгцээний 90 хувийг хоршоод нь нийлүүлдэг. Японы фермерүүдийн 92 хувь нь хоршооны хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг бол Солонгост энэ тоо 90 хувь байх жишээтэй. 

Харин Монголын тухайд байдал өөр. Өдгөө Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоонд 640 хоршоо бүртгэлтэй байдаг. Энэ дунд арваадхан хүнтэй жижиг хоршоо байхад 800 гишүүнтэй том нь ч бий. Эдгээр хоршоонд 50 мянган өрхийн 140 мянга орчим хүн хамрагддаг аж. Нэг үеэ бодвол хоршоодын тоо нэмэгдсэн гэсэн үг. Гэхдээ л хангалтгүй хэвээр.

Нэгэнт мал аж ахуйн сэдэв хөндсөнийх нь Монгол малын чанар, ашиг шимийг дурдахгүй өнгөрч боломгүй. Мал хувьд шилжсэнээс хойш тоо толгой нь жил дараалан өсч буй нь сайшаалтай. Гэхдээ бид малынхаа тоонд л анхаараад чанарын асуудлыг мартаж орхижээ.

» Малчны хотноос иргэдийн гар дээр ирэх зам ийм хэцүү, зардал ихтэй болохоор үнэ дагаад нэмэгдэнэ.

» Монгол мал бүтэн жилийн тэжээлийнхээ 90-95 хувийг байгалийн бэлчээрээс өөрсдөө олж иддэг.

» Гаднын хүн Монголд мал маллаад ашиг олж байхад манайхан хотон дахь малаа аль болох өсгөх юмсан л гэж бодсон хэвээр.

Уг нь Монгол малын мах хамгийн цэвэр, органик хүнс гэдгийг эрдэмтэд судалгаагаар тогтоосон. Энэ талаар Монголын махны холбооны захирал Б.Очирбат ийн ярьсан юм.

Монгол малын мах уураг ихтэй, бас шүүслэг байдаг. Өөр нэг чухал зүйл гэвэл үл орлуулах витамин буюу амин дэмээр баялаг. Яагаад ийм амт, чанар сайтай байдаг вэ гэхээр хоёр, гурван шалтгаан бий. Дэлхийд ховордсон нүүдлийн мал аж ахуй зөвхөн манайд л байна.

Байгалийн олон төрлийн бэлчээр, цэцэг ногоогоор хооллодог мал гэвэл Монголынх. Бүтэн жилийн тэжээлийнхээ 90-95 хувийг байгалийн бэлчээрээс өөрсдөө олж иддэг. Идэж байгаа тэжээлд нь хүн, малд ашиг тустай эмийн ургамал их.

 Дэлхийд ховордсон нүүдлийн мал аж ахуй зөвхөн манайд л байна. 

Мөн ихэнх мал байгалийн цэвэр, цэнгэг усаар ундаалдаг. Түүнчлэн Монгол мал хэвтрээ байнга сэлгэдэг. Ингэснээр хэвтрээс шалтгаалсан халдварт өвчнөөр өвчлөх магадлал бага. Тиймээс монгол малын мах органик, байгалийн цэвэр бүтээгдэхүүн”.

Гэхдээ тэрбээр малын тоонд бус, чанарт анхаарах ёстой гэдэгтэй санал нэг байв. Мал аж ахуй өндөр хөгжсөн Австрали зэрэг бусад оронтой харьцуулахад Монгол малын жин дэндүү бага.

Нас гүйцсэн эр хонины гулууз мах 30 гаруй кг л хүрнэ. Гэхдээ ийм хонь маш цөөн. Дунджаар 20-25 кг гэж болно. Гэтэл Австралийн 12 сартай хурганы гулууз мах 30 кг өлхөн хүрдэг байна. Үхэр ч ялгаагүй. Монгол үхрийн гулууз махны дундаж жин 150-200 кг бол Австралийнх 300-400 кг гэж л ярина.

Булганд амьдардаг канад малчны түүхийг хүмүүс сонссон байх. Мань хүн цөөн тооны үхэртэй. Тэр нь махны гарц сайтай тусгай үүлдрийнх. Зун, намарт нь байгалийн жамаар бэлчээж байгаад өвөл нь нядлаад үйлдвэрүүдэд махаа нийлүүлнэ. Үүнээсээ багагүй ашиг олдог гэнэ.

Гаднын хүн Монголд мал маллаад ийнхүү ашиг олж байхад манайхан хотон дахь малаа аль болох олшруулах юмсан л гэж бодсон хэвээр. Санаснаар болдог бол хот, суурин газрын эргэн тойронд мал аж ахуйн том фермүүд байгуулж, тэнд нь шилмэл үүлдрийн мал олныг тэжээхсэн. Нэг үеэ бодвол ийм санаачилга бодитой ажил хэрэг болж эхэлснийг онцлох ёстой. Гэхдээ социализмын үеийн аж ахуйтай яаж харьцуулахав.

Тухайн үед 800 үнээтэй фермер байсан гэж ахмадууд ярьдаг. Сүүний үйлдвэрүүд тэндээс түүхий эдээ бөөнд нь авчихна. Мөн махны үйлдвэрт тушаах малаа суман дээр төвлөрүүлж, айвуу тайвуу туусаар хотод хүрдэг байв. Энэ завсар мал нь улам таргалаад очно. Үүнд зориулан тууврын зам гаргаж, зам дагуу худаг ус, хашаа хороог нь хүртэл бэлддэг байлаа.

Харин одоо ингээд явбал манай нутгаар дайрч гарлаа, төлбөр төл гэж нэхээд бөөн юм болох байлгүй. Мэдээж фермийн аж ахуй байгуулъя, өндөр ашиг шим өгдөг сайн үүлдрийн малтай болъё гэж боддог малчин олон байх. Гэхдээ ганц малчин яаж ч хичээгээд энэ нүсэр ажлыг нугалж чадахгүй. Тиймээс нэгдэн нийлэх ганц л гарц харагдаад байна.

Зураг