Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Шатахууны үнийг хөдөлгөх асуудлыг Уул уурхайн яам, Газрын тосны газар дангаараа шийддэг юм биш"

Б.Даваахүү
2016 оны 4 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

Уул уурхайн яамнаас cap бүрийн сүүлийн долоо хоногийн Лхагва гарагт “Ил тод уул уурхай" сэдэвт хэвлэлийн хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү ээлжит хурал өчигдөр зохион байгуулагдаж, Уул уурхайн сайд Р.Жигжид сүүлийн үед хийж хэрэгжүүлсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагнасан юм. Мөн тэрбээр хэвлэлийн хурлын дараа цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Энэ үеэр хэд хэдэн зүйлийг тодруулсанаа хүргэж байна.

-Нэг үе 30 ам.доллар хүртлээ унаад байсан газрын тос, газрын тосны бүгээгдэхүүний үнэ сүүлийн үед дэлхийн зах зээлд өсөх хандлагатай болж ирсэн. Цаашид ч өснө гэдгийг зарим судлаачид хэлж буй. Тэгэхээр энэ үнэ манайд зарагдаж буй шатахууны үнэд нөлөөлөх үү. Ер нь цаашид шатахууны үнэ тогтвортой байх боломж бий юу?

-Газрын тосны ч, бүтээгдэхүүний ч үнэ өсч байгаа. Гэхдээ эерэг тал бас бий. Валютын ханш буурч байна. Бид хилийн худалдаа хийдэг. Валютаар худалдан авалт хийдэг учраас валютын ханшны нөлөөлөл шууд утгаараа нөлөөлдөг. Энэ нөлөөлөл эергээр тусч байгаа хэрэг. Энэ cap гарснаас хойш шатахууны үнэ гурван долоо хоногийн хугацаанд буурч байсан бол саяхнаас бага зэргийн өсөлт ажиглагдаж байна.

Ерөнхийдөө ийм хэмжээнд байхад эерэг гэж ойлгож болно. Газрын тосны үнийн ирээдүйн хувьд, зургадугаар сарын хэлцлүүд 50 орчим ам.доллар гэсэн хүлээлт бий.

Газрын тосны үнийн ирээдүйн хувьд, зургадугаар сарын хэлцлүүд 50 орчим ам.доллар гэсэн хүлээлт бий.

Өнөөдрийн байдлаар газрын тос баррель тутамдаа 46.2 ам.долларын үнэтэй байгаа. Цаашдын үнийн хэлбэлзлийг дааж чадна гэсэн тооцоотой байна.

Ер нь үнийн өсөлтөд зохицуулалт хийх бүрэн боломжтой. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, манай улс импортын шатахуунаар 100 хувь хангагдаж байдаг. Тийм учраас шатахуун, нефт бүтээгдэхүүний хангалтыг найдвартай тогтвортой төвшинд барих нь маш чухал.

Мөн дээр нь үнийг тогтвортой төвшинд барих шаардлагатай байдаг. Энэ асуудалд алс, ирээдүйгээ харсан, судалгаанд үндэслэсэн бодлого барьж байна. Түүнчлэн үнийг хөдөлгөх асуудлыг уул уурхайн яам, Газрын тосны газар дангаараа шийддэг юм биш.

Төрийн болон ТББ иргэдийн төлөөллөөс бүрдэх Үнэ зохицуулах зөвлөл гэж бий. Зөвлөл асуудлыг тал бүрээс нь хэлэлцэн саналаа тавьдаг. Тэгэхээр асуудлыг хэн нэгэн хун сэтгэлийн хөөрлөөр салангид ярих бус горимынх нь дагуу явуулах нь зүйтэй байх.

-Шатахууны үнэ улс орон даяар буурч чадсан уу?

-Өнгөрсөн оны сүүлээс эхлээд Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх нийт шатахууны жижиглэнгийн үнийг нийслэл хотын төвшинд авчрах ажлууд шат дараалалтайгаар хийгдэх байгаа. Барууны таван аймгаас эхлээд үндсэндээ 80-400 орчим төгрөгөөр нийтэд нь шатахууны үнийг буулгасан.

-Нүүрсний экспортын хэтийн төлөвийг хэрхэн төсөөлж байна. Экспортын хэмжээ цаашид нэмэгдэх болов уу, эсвэл буурах уу. Ер нь сэргэлт ажиглагдаж байна уу?

-Манайх нүүрсээ БНХАУ-д экспортолж байна. Голчлон коксжих нүүрс. Тус улс руу 2011 онд нүүрсийг хамгийн их хэмжээгээр буюу 21.1 сая тонныг экспортолж байсан. Тухайн үедээ Хятадын импортын 48 хувийг эзэлж байсан юм. Австралид үер болж, тус улсаас Хятад руу экспортлох нүүрсний хэмжээ багассантай холбоотойгоор манай нийлүүлэлт нэмэгдсэн байх жишээтэй.

Үүнээс хойш 2013 онд манай нүүрсний нийлүүлэлт буурсан. Харин өнгөрсөн онуудад тус улсад нийлүүлэх нүүрсний экспорт бага багаар өссөн үзүүлэлттэй байгаа.

Тодруулбал, 2013 онд БНХАУ-ын нийт импортын 20 хувийг эзэлж байсан бол 2014 онд 24 хувь, 2015 онд 27 хувийг нь манай экспортын коксжих нүүрс эзлэх болсон. Шулуухан хэлэхэд, Хятадын нийт импортын хэмжээ багассантай холбогдуулан хэмжээ багасах ерөнхий хандлага ажиглагдаж байгаа ч, 2017 оноос бага зэрэг сэргэх хандлагатайг олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагууд онцолж буй.

2015 оны арванхоёрдугаар сараас 2016 оны хоёрдугаар cap хүртэл коксжих нүүрсний үнэ хамгийн доод төвшиндөө үргэлжилж байсан бол хоёрдугаар сараас хойш өссөн үзүүлэлттэй гарсан.

Мөн үеийнхийг өнөөдрийнхтэй харьцуулахад хамгийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ 20 ам.доллараар нэмэгдсэн байгаа юм. Тиймээс цаашдаа үнэ өснө. Ингэснээр манай нүүрсний экспорт нэмэгдэх нь гарцаагүй. Үүнээс гадна нөгөө талын эрэлт нэмэгдэх хандлагатай, гэрээлэх нэгжүүд идэвхтэй хөдөлгөөнд орж байна гэсэн мэдээлэл ирсэн.

2016 оны хувьд 19.5 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөсөн байгаа. Эхний гурван сарын байдлаар 3.3 сая тонн нүүрс экспортод гаргасан байна. Экспорт нэмэгддэг ид үе нь 7-12 cap байдаг. Ямартай ч, төлөвлөсөн хэмжээнийхээ нүүрсийг экспортолно.

Нүүрсний хувьд ийм байна. Бусад ашигт малтмалын хувьд экспорт. гадаад худалдааны нөхцөл байдал хүнд хэвээр үргэлжлэх болов уу гэж санаа зовж байна.

-“Сентерра Гоулд” корпорацийн Ерөнхийлөгчтэй уулзаж, Гацууртын ордын хөрөнгө оруулалтын болон Орд ашиглах гэрээний явцын талаар ярилцсан гэсэн. Ер нь гэрээний явц ямар шатанд байна вэ?

-“Сентерра Гоулд” корпорацитай хийх яриа хэлэлцээр ид үргэлжилж байна. УИХ-аар шийдвэр нь гарчихсан. Одоо Орд ашиглах гэрээг байгуулах ёстой. Мөн нөгөө талаас Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах санал тавьсан. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөрөнгө оруулагч тал хүсэлт тавьсан тохиолдолд гэрээ байгуулж болно гэсэн заалттай. Үүний дагуу хүсэлтийг нь хүлээн авч, санал солилцон яриа хэлэлцээр хийж байна.

Эхний хэлэлцээрийг Канадад хийсэн. Дараагийн шатны хэлэлцээрийг хоёр ч удаа Улаанбаатар хотноо зохион байгуулаад байна. Хоёр ч ажлын хэсэг ажиллаж байгаа. Аль болох ойрын хугацаанд нэгдсэн ойлголцолд хүрч дээр дурдсан хоёр гэрээг байгуулахын төлөө ажиллаж байна.

Түүнчлэн, Орон нутагтай хамтарч ажиллах гэрээг байгуулах ёстой. Үүнийг Сэлэнгэ аймаг, Мандал сум, орон нутгийн иргэдийн төлөөлөл хөрөнгө оруулагч талтай байгуулах ёстой. Гэрээний загварыг саяхан ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэж батлуулсан.

-Хөрөнгө оруулалтын хэмжээг тодруулаач?

-Гэрээ хэлцэл байгуулагдмагц энэ зунаас эхлээд хөрөнгө оруулалт хийгдээд эхэлнэ. Нийт хөрөнгө оруулалт 500 тэрбум төгрөг байгаа.

-Сүүлийн үед 1,072 ширхэг хувьцаа зарж, борлуулах хүсэлтэй иргэд нийслэлийн аль нэг хэсэгт цугларч, хонож өнжих болсон. Ер нь зарж борлуулах хууль эрхзүйн боломж байгаа юм уу?

-Ташаа мэдээлэл иргэдийг үймүүлээд байх шиг байна. 1,072 ширхэг хувьцаа одоогоор арилжаа нь эхлээгүй, Монголын хөрөнгийн биржид бүртгэлгүй, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй, захиран зарцуулах, өвлүүлэх, хэн нэгэнд шилжүүлэх эрхгүй хувьцаа.

Хууль эрхзүйн хүрээнд 1,072 ширхэг хувьцааг зарж борлуулах ямар ч боломжгүй. Хувьцаа хэзээ арилжаанд орохыг Эрдэнэс Таван толгой ХК өөрөө шийднэ. Компани өөрөө өөрийнхөө бизнесийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, дэлхийн зах зээл дэх төлөв байдлыг харгалзан дүн шинжилгээ хийсний дүнд шийдвэрлэх ёстой.

Зураг