Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд Тавантолгойн 1,072 ширхэг хувьцааг төр нээлттэйгээр худалдан авахыг хүсч байна

Н.Пунцагболд
2016 оны 4 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын нийгэмд олон янзын асуудал өрнөж байгаа. Тэгвэл тэр дундаас хамгийн анхаарал татсан нь Тавантолгойн 1,072 ширхэг хувьцаагаа ямар ч үнээр хамаагүй зарах хүсэлтэй иргэдийн горьдлого л байна.

Аль өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагаас эхлээд иргэд Урт цагаан орчимд олноороо цугларч, хувьцаа авч байгаа гэх хэн мэдэгдэхгүй хүмүүсийг хайж, хүлээсээр. Тэгвэл манай сонины сурвалжлах хэсэг өчигдөр Урт цагаан орж, хувьцаагаа зарахаар зогсч байгаа хүмүүстэй уулзаж, сурвалжилсан юм.


 Үүрийн 06:00 цаг хүртэл зогсоод хувьцаагаа зарж чадсангүй

Урт цагаан орчимд өдрийн 11:00 цагийн үед очиход 50 орчим хүн энд тэнд хэсэг хэсгээрээ бөөгнөрөн зогсч байгаа нь харагдлаа.

Монгол-Тайванийн төвийн зүүн талд гурван залуу зогсч байгааг хараад очиж уулзав. Гэхдээ сурвалжлага хийж байна, сониноос яваа гэдгээ мэдээж нуусан. Хувьцаагаа зарах гэж горьдож яваа хэмээн жаахан буу халлаа. Тэр гурав даваа гарагийн орой ирээд, бүр хоносон талаараа ярив.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт хувьцаа худалдаж авч байна гэж бужигнаснаас хойш өдөр болгон Урт цагаан орчимд зогсч байгаа аж. Улмаар Даваа гарагт өдөржин, шөнөжин зогсоод, өчигдөр үүрээр 06:00 цаг хүргээд гэртээ харьж амарчээ. 

Тэгээд буцаж ирээд зогсч байгаа нь тэр юм байна. Тэдний хэлж байгаагаар ямар ч байсан хувьцаа худалдаж авч байгаа үнэн гэнэ. Урт цагаан орчимд зогсч байхад машинтай хүн ирээд, янз бүрийн байдлаар дохиж, дууддаг аж. Улмаар ганц, хоёрхон хүн суулгаад яваад өгдөг юм байх.

Зөвхөн иргэний үнэмлэх байхад л хангалттай гэж хэлээд, хувьцааг нь авсан хүмүүс ч байгаа гэнэ лээ.

Хэрвээ бусад хүмүүс мэдчихээд араас нь гүйвэл “Сүүлтэй болчихлоо, буу. Такси барьсан гэж хэлээрэй” гээд буулгаад орхичихдог аж. Тэдний нэгээс нь машинтай хүн ирж, хувьцаагаа 350 мянган төгрөгөөр зарчих гэсэн юм байх. Тэгэхээр нь арай хямдхан байна гээд өгөөгүй гэв. 

Тэд аль хэдийнэ хувьцааны дансаа нээлгэсэн бичгээ авчихсан, биедээ аваад явж байсан. Гэхдээ тэдний хэлж байгаагаар хувьцаа авч байгаа хүмүүс заавал данс нээлгэснээ батлах бичиг баримт шаардахгүй байгаа юм байх. Зөвхөн иргэний үнэмлэх байхад л хангалттай гэж хэлээд, хувьцааг нь авсан хүмүүс ч байгаа гэнэ лээ. Үнэн худлыг бүү мэд, ямар ч байсан тэнд зогсч байгаа иргэд тэгж ярьж байна. За тэгээд хувьцаагаа 800 мянган төгрөгөөр зарсан хэд хэдэн хүн байгаа юм байх. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт хувьцааг бүр сая төгрөгөө хүртэл авч байсан тохиолдол гарчээ. 

Харин одоо бол 300 мянган төгрөгөөр л авч байгаа сурагтай. Шөнө зогсч байхад нэлээд үйл явдал өрнөжээ. Ногоон өнгийн Старекс машинтай хүн ирж, хувьцаа авна гээд Урт цагаан хавьд зогсч байгаа хүмүүс бөөнөөрөө дагаж гүйгээд сүйд болж. Мөн олон наймын тоотой дугаартай хар Ланд Круйзер 200 маркийн машинтай хүн ч ирж, хувьцаа авсан юм байх.

Зарим хэвлэлээр хятадууд хувьцаа авч байгаа гэж мэдээлээд байсан тухай тэднээс лавлахад “Хятадууд Эмээлт дээр зөндөө хувьцаа авсан сураг байна билээ. Энэ хавиар бол дандаа монголчууд л яваад байгаа бололтой юм. Гэхдээ эндээс хамгийн ихдээ 800 мянгаар зарчихаад, цааш нь хятадуудад дамлаж 1.5 саяар зардаг  сураг  байна”  хэмээн  сүрхий  мэдээлэлтэй зүйл ярив. Тэднийг шөнө зогсч байхад нэг залуу руу найз нь утастаад “Хувьцаагаа зарчихлаа.

Сая төгрөгөөр л авч байна” гэж хэлээд, утас руу 20 мянган нэгж явуулсан юм байх. Мөн олон ч хүнийг машиндаа суулгаж авч яваад байгаа гэнэ. Зарим нь бүр мөнгөтэй болчихоод, хоолонд ороод, хувьцаагаа зарчихлаа гэж ярьсан аж. Тиймээс ямар ч байсан хувьцаа худалдаж авч байгаа нь үнэн, тэгээгүй бол энэ олон хүн яах энд зогсох билээ хэмээн тэд ярьсан юм.  Эхний тааралдсан гурван залуутай хөөрөлдөж зогсох зуур Урт цагаан орчимд цугларах хүний тоо эрс нэмэгдэв. Өнөөх гурав “Энэ юу ч биш. Жаахан өдөр тийшээ энэ хавиар дүүрэн хүнтэй болно” хэмээн ярьж байлаа. 

Тэр зуур хоёр хижээл насны хүн ирж “Хувьцаа үнэхээр худалдаж авч байна уу. Хаана очиж дансаа баталгаажуулах вэ” гээд л баахан юм асуулаа. Түүний дараа 30 гаруй насны хоёр залуу хүрч ирж “Хувьцаа үнэхээр аваад байгаа юм уу. Үнэхээр авч байгаа нь үнэн бол зарчихмаар байна. Энэ хувьцаа бидэнд хэрэг болно гэж юу байсан юм” хэмээн үглэв. Бид ч хувьцаа авна гээд үе үе машинтай хүмүүс ирж байгаа гэж хүмүүс ярьсан талаар хэлж өглөө.  Гэтэл өнөөх залуучууд “Тэгвэл яаж ийж байгаад олоод, зарна аа” гэсээр явж одов.

Хурууны хээ уншигч машинтайгаа явж байгаа гэнэ үү

Бидний яриа тэгсхийгээд өндөрлөөгүй. Нөгөө хэд бүр сонирхолтой зүйл ярьсан юм. Хувьцаа худалдаж авч байгаа хүмүүс машиндаа хурууны хээ уншигчтай, бүр нотариатын тамга тэмдэгтэй явж байгаа юм байх. Тиймээс иргэдээс хувьцааны данс нээлгэсэн гэрээ шаардахгүйгээр хувьцааг нь худалдаж авч байгаа гэнэ ээ.

Урт цагааны орчмоос машиндаа хүн суулгаж авч яваад, “Долоон буудал”-аас цааш явдаг юм байх. 

 Иргэд ч хувьцаагаа зарчихаад, очиж хямдралтай юм авна аа гэж яриад л шуураад байгаа юм байна. 

Тэнд нь ногоон микро автобустай хүмүүс байж байдаг гэнэ. Хурууны хээ уншигч машин, нотариатын тамга тэмдэг гээд бүхий л шаардлагатай зүйлс байсан аж. Өнөөх гурван залуугийн нэгийнх нь хажуу айлын хүн энэ талаар ярьжээ. Хоёр том хүнийх нь хувьцааг л авсан аж.

Хоёр хүүхдийн хувьд хурууны хээг нь уншуулах боломжгүй учраас аваагүй юм байх. 1,072 ширхэг хувьцааг нь 800 мянгаар худалдаж авсан талаар ярьсан. Хувьцааг авчихаад, гар утасных нь сим картыг хугалж хаясан аж. Мэдээлэл алдагдахаас сэргийлсэн нь тэр хэмээжээ. Тэгээд шинэ сим карт аваарай гэж мөнгийг нь өгсөн аж. 

Түүгээр ч барахгүй “Тэнд байна гэж хүмүүст хэлэх юм бол хаягаар чинь очоод ална шүү” гэж сүрдүүлсэн аж.  Тэд мөнгөө л авсан бол болоо гээд л өнгөрсөн тухайгаа ярьж. Ерөнхийдөө сүүлийн үед хувьцааны үнэ буурч, 300-400 мянган төгрөгөөр л авч байгаа сураг байна. Ням гарагт гурван эмэгтэйг нэг нөхөр машиндаа суулгаад явсан юм байх. 400 мянган төгрөгөөр хувьцааг чинь авна гээд. Замдаа өнөөх эмэгтэйчүүд нь хувьцааны үнээ өсгөхөөр ярилцтал хотоос зайдуу аваачаад буулгаад орхичихсон учраа алхаж ирсэн сураг ч байгаа юм байна.  Зарим нэг нь тандалт хийгээд, хэдэн төгрөгөөр зарж байгааг нь судалж яваа ч сураг гарсан. 

Ямар ч байсан иргэд “Горьдлого компани”-ийн захирал хийж, бүтэн 4-5 өдөр Урт цагаан хавиар эргэлдэж байна. Хүн бүр л хувьцаа авч байгаад итгэж байгаа бололтой юм. Бүр зарим нэг дэлгүүрийнхэн Урт цагааны орчимд очиж, иргэдэд купон маягийн юм тараасан байна билээ. Иргэд ч хувьцаагаа зарчихаад, очиж хямдралтай юм авна аа гэж яриад л шуураад байгаа юм байна. Энэ мэтийг ярилцаж байх зуур өнөөх гурав Амгалангийн зах орох уу гэсээр тэндээс холдсон юм. Учир нь Амгалангийн зах орчимд ч бас хувьцаа худалдаж авч байгаа талаар цуурч эхэлсэн байна. 

“Хятад, Солонгос, Япончууд хувьцаа авч байгаа”  

Эхний тааралдсан гурван залуутай нэлээд хэдэн минут хөөрөлдсөний дараа хэсэг бөөгнөрсөн хүмүүс дээр очлоо. Нэг хижээл насны эрэгтэй “Ах нь Эмээлтэд очоод, хоёр хоносон. Хувьцаа авч байна гээд байхаар нь. Гэтэл зарж чадсангүй. Хоёр дахь өдрийнх нь шөнө зөндөө олон хүн машинтайгаа эгнээд зогсчихсон байсан. Би ч сүүлдээ ядраад унтаад өгсөн. 

Гэтэл өглөө босоод иртэл ганц ч байхгүй явчихсан байна билээ. Бодвол хувьцаагаа зарсан юм байлгүй дээ. Би л зарж чадаагүй буцаад ирсэн” хэмээн ярьсан юм. Тэр хавьд байгаа зарим хүмүүсийн хэлж байгаагаар Хятад, Солонгос, Японы иргэд хувьцаа худалдаж авч байгаа бололтой юм. Баттай мэдээлэл биш, бас л дам сонссон бололтой. Харин тэр хавиар цугласан иргэд “Хувьцаа авч байгаа нь худлаа байх. 

Аваад байна л гэх юм. Зарим нь хувьцаагаа зарчихлаа л гэх. Тэгсэн мөртлөө авч байгаа хүн нь олдохгүй байна шүү дээ. Худлаа цуурхал байх” хэмээн ярьж байлаа. Иргэд хэрвээ авч байвал хувьцаагаар хямдхан ч хамаагүй зарчихмаар байна хэмээн хоорондоо ярьж байсан юм. 

“Засгийн газар иргэдээсээ хувьцааг нь нээлттэй аваач ээ”

“Би хувьцаагаа зармааргүй л байна. Гэхдээ өнөөдөр ард түмний амьдрал ямар хэцүү байгаа билээ. Хямдхан ч хамаагүй зараад, хэдэн өдөр ч болов санаа амар явмаар байна. Би уг нь ажил хийдэг. Барилга дээр засал хийдэг юм. Хоёр гурван жилийн өмнө гайгүй л байсан. Цалин мөнгөө цагтаа авдаг байлаа. Одоо байдал үнэхээр дордчихож.

Цалингаа өгч байгаа газар алга. Сүүлийн хоёр сар дөрвөн ч газар ажиллаад цалингаа авч чадаагүй л байна. 15 хоног ажиллаад л гардаг, цалингаа өгдөггүй. Хувийн байгууллагуудад ажиллахаар 300 мянган төгрөгийн цалин өгнө. Түүнийх нь 50, 60 мянга нь нийгмийн даатгал, татварт яваад өгдөг. 

Сүүлийн хоёр сар дөрвөн ч газар ажиллаад цалингаа авч чадаагүй л байна. 

Үлдсэн мөнгөөр нь хоол унд, хувцас хунараа зохицуулна. За тэгээд автобус унааны мөнгө хэрэг болно. Тэгэхээр хаанаа ч хүрдэггүй. Ийм байхад бид хувьцаагаа ч болов зарж мөнгө олохгүй яах юм”. Энэ бол нэгэн иргэний яриа. Үнэхээр иргэдийн амьдрал хэцүү байна. Урт цагаан хавьд очиход өнгөтэй өөдтэй хувцастай, боломжийн амьдралтай хүн нэгийг ч харахгүй.

Дандаа ажилгүй, гэрээ хороололд амьдардаг, хөдөөнөөс ирсэн болов уу гэмээр хүмүүс л 100-гаараа зогсч байна. Тэд “Уг нь бид хувьцаагаа зармааргүй байна. Зарчихлаа гэхэд Хятадууд л авна. Тэдний л өмч болоод дуусна. Бидний үр хүүхдэд юу үлдэх билээ. Түүний оронд Засгийн газар нээлттэй худалдаад авчихмаар байна. Ойрын хугацаанд асуудлаа шийд. Заавал сонгуулийн дараа асуудлыг шийднэ гэж яриад яахав. Энд шөнөжин өдөржин хүмүүс хувьцаагаа зарах гээд л байж байна. Бид бүгд дэлгүүрт өртэй. Талхаа зээлж идэж байна. Төр 1,072 ширхэг хувьцааг сая төгрөгөөр биш юм гэхэд 700-800 мянгаар авахад л болно. 

Тэгвэл бид Хятадуудад өгөхөөс илүү өөрсдийнхөндөө л зарна. Эх орноо, газар нутгаа харийнханд алдчихъя гэсэн сэтгэлтэй хүн байхгүй” хэмээн ярьсан юм. Мөн тэд 76 гишүүнээс нэг нь ч болов бидэнтэй ирж уулзаад, иргэдийнхээ санаа оноог сонсооч ээ. Телевиз, сониноор энд хүмүүс цуглаад, хувьцаагаа зарах гээд байна гээд өчнөөн мэдээлээд байхад яагаад нэг нь ч тоохгүй байна хэмээн ярьж байсан юм.

Мөн “50 хүрчихсэн бид одоо 10 жил насалж чадаа ч уу, үгүй ч үү. Гэтэл Тавантолгой нь ашиглалтад ороод, бидэнд мөнгө өгтөл өдий байна. 10 жилийн дотор лав юу ч өгөхгүй. Тийм байхад бид 1072 хувьцаа нэртэй хий хоосон юм хадгалаад яадаг юм. Зарсан нь дээр” гэж ярих хүмүүс ч их байлаа. 

Урт цагаан орчимд гэмт хэрэг гарч эхлэх нь 

Олон хүн цугларсан газар янз бүрийн гэмт хэрэг гардаг нь ёс. Тэгвэл Урт цагаан орчимд хүмүүс хонон, өнжин олноороо цугларч байгаатай холбоотойгоор гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарч эхэлсэн талаар иргэд хэлж байлаа. Тэр хавьд цугласан настай эмэгтэйчүүд “Хувьцаа авна гэж шөнө машинтай залуучууд ирсэн. Тэгээд дандаа залуу охидуудыг авч яваад, хол аваачиж буулгаж хаяж тоглосон явдал гараад байгаа. Мань мэтийг очихоор тоохгүй, бүр түлхэж унагаасан” хэмээн ярьж байсан юм. 

Тэгвэл зарим нэг нь “Шөнө энэ хавиар бүтээлэг нөмөрсөн, дотуур хувцастай эмэгтэй явж байсан. Биеэ үнэлэгч юм байх аа. Энд хүмүүс хувьцаагаа зарж байгаа болохоор мөнгөтэй эрчүүд байгаа гэж бодож ирсэн юм байлгүй. Бүр улаан цагаандаа гарчихсан, нүцгэн шахуу яваад байгаа юм даа” хэмээн ярьж байлаа. 

Гэх мэтээр гэмт хэргийн чанартай үйлдлүүд гараад эхэлж. Бүр биеэ үнэлэгчид хүртэл дэнгийн эрвээхэй аятай тэнд “гэрэл асч” магадгүй гэж горьдон очиж байгаа бололтой. Энэ тал дээр Чингэлтэй дүүргийн цагдаагаас ямар байдлаар хяналт тавьж ажиллаж байгаа талаар тодруулахаар очсон боловч мэдээлэл өгөх хүн байхгүй гэж шалтгаанаар үүдэнд сууж байгаа цагдаа нь буцаалаа. Гэхдээ тус дүүргийн цагдаа 24 цагийн турш Урт цагаан хавиар эргэлдэж байгаа хүмүүсийг хянаж ажиллаж байгаа гэдгийг хэлсэн юм. 

Эрдэнэс-Таван толгойн хувьцааг арилжаалах, зарах ямар ч боломж нээгдээгүй

Иргэд Тавантолгойн 1,072 хувьцаагаа зарахаар Урт цагаан орчимд цугларсан нь Монгол-Тайванийн төвийн нэгдүгээр давхарт байрлах “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК-ийн тараасан цуурхалтай холбоотой гэдгийг иргэд хэлсэн байсан.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр болох “Урт цагаан”-ы орчим өрнөөд буй “1,072 хувьцаатай холбоотой” үйл явдлын талаар Цагдаагийн байгууллагаас “Санхүүгийн зохицуулах хороо”-той хамтран Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтсийн хурлын зааланд өчигдөр мэдээлэл хийсэн юм. 

Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны хяналтын хэлтсийн дарга Б.Долгорсүрэн ярихдаа “Эрдэнэс-Таван толгойн хувьцааг арилжаалах, зарах ямар ч боломж нээгдээгүйг хэлмээр байна. Тухайлбал, хувьцааг арилжиж, мөнгө болгохоор болвол Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо аль алинд нь бүртгүүлж, албан ёсны шийдвэр гарах ёстой.

Гэтэл ямар ч шийдвэр гараагүй учраас хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлээгүй” хэмээн ярьсан байна. 1,072 хувьцааг иргэд өөрийн болгож баталгаажуулахын тулд брокер, дилерийн компанид данс нээлгэх боломжтой бөгөөд данс нээх 60 гаруй компани байдаг аж.

Гэтэл иргэд энэ данс нээх үйл явцыг зарах мэтээр ташаа ойлгож байгааг мөн дуулгалаа. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хувьцаагаа зарж байна гэх иргэдийн мэдээллийн мөрөөр шалгахад хувьцаа зарсан гэх ямар ч нотолгоо, баримт олдоогүй гэдгийг хэлсэн юм. 

Тиймээс ЭЦГ-аас “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах төв” НҮББ-ын гүйцэтгэх захирал А болон “Стандарт инвестмент ҮЦС” компанийн гүйцэтгэх захирал Ж нарт Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Бүр тодруулбал, энэ сарын 20-нд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны “Стандарт Инвестмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарыг шалгаж эхэлсэн байна. Тэдэнд хувьцаа олгох нэрээр иргэдийг залилсан хэмээж Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ. 

“Стандарт Инвестмент” болон “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын гүйцэтгэх захирал нар нь 2015 оны тавдугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулан үнэт цаасны “Новел Инвестмент” ХХК-ийн салбар төлөөлөгчийн газрыг байгуулжээ. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос  хууль  журмын дагуу тусгай зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна.

Мөн “Стандарт Инвестмент” ХХК-ийн үйл ажиллагаагаа явуулдаг Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутагт “Монгол Тайванийн төв”-ийн байранд “Новел Инвестмент” ХХК нь иргэдийн хувьцааны данс нээх ажлыг эрхэлж байжээ. СЗХ-ноос эрх олгосон 60 гаруй байгууллагад “Новел Инвестмент” ХХК багтаагүй байсан аж. Тиймээс иргэд тухайн компани дээр 5,000 төгрөгөөр нээлгэсэн данс нь баталгаажихгүй учраас компанийн удирдлагуудыг хууль бусаар орлого олсон хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. 

Хэдийгээр энэхүү нөхцөл байдал эхлэх үед Санхүүгийн зохицуулах хорооныхон болоод Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас ухуулга хийж, иргэдээс тараасан хэдий ч өнөөдрийг хүртэл хүмүүс хувьцаа худалдаж авч байгаа гэдэгт итгэсээр байна. Мөн хэдэн арваараа Урт цагаан орчимд хөлхөлдөж байгаа юм. Тиймээс дахин ухуулга, сурталчилгаа хийж, тараахгүй бол нөхцөл байдал цаашид яаж ч өөрчлөгдөж болох талтай. 

Иргэд ээ, үнэт цаасны дансаа нээлгүүлснээр хувьцаагаа захиран зарцуулах эрхтэй болохгүй 

1,072 хувьцааг худалдаж авч байна гэх дуулиан тарьж, иргэд Урт цагааныг сахисанаас хойш албаны хүмүүс, байгууллагууд анхааруулсан мэдээлэл гаргаад бай­гаа. Бүр Санхүүгийн зохицуу­лах хорооноос мэдэгдэл гар­гаж, хувьцаа зарах, худалдаж авах ямар ч боломжгүй гэдгийг анхааруул­сан. Иргэд өнөөдрийг хүр­тэл энэ мэдээлэлд итгэхгүй, харин цуурхалд итгээд байгаа болол­той. 

Эсвэл хэн нэгэн үнэхээр хувь­цаа худалдаж аваад байгаа ч байж болох юм. Ямар ч байсан иргэ­дэд анхааруулах үүднээс зарим албаны эх сурвалжийн яриаг энд багтаах нь зүйтэй болов уу. 

Б.Өлзийбаяр: 1,072 хувьцааг захиран зарцуулах, өвлүүлэх, шилжүүлэх, бэлэглэх, арилжаалах ямар ч эрх нээгдээгүй

/Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга/

Данс нээх ажил өнөөдөр гэнэт эхэлсэн юм биш. 2011, 2012 онд Засгийн газрын тогтоол гарснаас хойш данс нээх ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 800 мянган иргэн Үнэт цаасны төлбөр тооцооны харилцах дансаа нээлгүүлээд байна. Энэ ажил цаашид ч үргэлжлэх болохоор иргэд яарах хэрэггүй.  

Ихэнх иргэд үнэт цаасны дансаа нээлгүүлснээр хувьцаагаа захиран зарцуулах эрхтэй болно гэж бодоод байх шиг байна. Тиймэрхүү худал цуу яриа газар авч, иргэд олноороо нэг газар цуглараад байгаа юм.  

Аливаа хувьцааг арилжаалахад заавал Монголын хөрөнгийн биржээр дамждаг. 

Нэгдүгээрт, иргэн таны хувьцаагаа захиран зарцуулах эрхийг Засгийн газраас шийддэг.

Хоёрдугаарт, 1,072 хувьцааг одоохондоо захиран зарцуулах, өвлүүлэх, шилжүүлэх, бэлэглэх, арилжаалах ямар ч эрх нээгдээгүй байгаа. Тиймээс бүртгэлгүй байгаа хувьцааг зарах ямар ч боломжгүй. Одоогоор бидэнд хувьцаагаа зарсан болон авсан хүний талаарх мэдээлэл алга. 

Аливаа хувьцааг арилжаалахад заавал Монголын хөрөнгийн биржээр дамждаг. Гэтэл энэ хувьцаа Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй хувьцаа шүү дээ. Тэгэхээр хэн нэгэнд зарж борлуулах ямар ч боломжгүй гэдгийг дахин хэлье.  Манай ард иргэдийн хөрөнгийн зах зээл, үнэт цаасны талаарх мэдлэг маш дутмаг. Тийм болохоор ийм худалд цуурхалд итгэж цугларсан гэж бид харж байна.

Ж.Батзандан: 1,072 хувьцаа хөрөнгийн зах зээлд арилжигдах хүртэл зарах ямар ч боломжгүй 

/УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга/ 

-1,072 хувьцааг хятадуудад зарах гэж байна гэдэг худлаа мэдээлэл. Харин 1,072 хувьцааг чөлөөтэй хөрвөх эрхийг Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор хаасан.

Өөрөөр хэлбэл,  "Хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хувьцааг саналын эрхгүй аливаа хэлбэрээр захиран зарцуулах боломжгүй" гэж Засгийн газрын тогтоолд маш тодорхой заасан байгаа. Тиймээс Тавантолгойн 1,072 хувьцаа хөрөнгийн зах зээлд арилжигдах хүртэл захиран зарцуулах, тэр тусмаа гадаадын хүнд зарах боломжгүй.  

Зураг