Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Орлого зарлагын дэнс буюу ослын даатгал

Г.Байгаль, Засгийн газрын мэдээ
2016 оны 4 сарын 25
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Бат үйлдвэрийн суурь машинд долоовор хурууныхаа нэг үеийг “алдчихаж”. Түүний гэмтсэн яс нь бороолж, эдгэх гэсээр хоёр cap болов. Азаар албан газраас нь эмчилгээний зардлыг дааж, харин энэ хугацааны цалингаа Нийгмийн даатгалын сангаас нөхөн олговор хэлбэрээр авахыг зөвлөжээ. 

Хоёр cap ажилгүй байсан Бат ч энэ мэдээг сонсоод Нийгмийн даатгалын ерөнхий газар луу харайлгав. Харин тус газраас ослын улмаас алдсан хөдөлмөрийн чадварыг нь харгалзан нөхөн олговор олгоно. Тиймээс энэ хувь хэмжээгээ тогтоолго гэсэн хариу өгөх нь тэр. Ингээд нотолгоо авахаар Бат шүүхийн шинжилгээний байгууллагад хандтал зөвхөн эрүү үүссэн нөхцөлд шинжилгээ хийнэ гээд хүлээж авсангүй.

Арга мухардсан Бат Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссыг зорьсон. Харамсалтай нь, тус комисс зөвхөн 90-ээс дээш хоног өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдсан түвшинг нь тогтоодог аж. Ингээд хувь хэмжээг мэдсэнгүй. Улмаар нотлох баримтаа бүрдүүлж чадаагүй учир НДЕГ луу ч зүглэсэнгүй. Мэдээж нөхөн олговроо авч чадалгүй хоцорчээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар иргэн Бат энэ тохиолдолд таван сарын цалинтай дүйх нөхөн олговор авах учиртай. Тус хуулийн 97-гийн 1.1-д “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс үүссэн хөдөлмөрийн чадвар алдалтыг 0-30, 30-50, 50-иас дээш хувь хэмээн ангилан, нөхөн олговор олгодог. Батын гэмтэл нь 0-30 хувьд хамаарах бөгөөд нөхөн олговроо Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын (ҮОМШӨД) сангаас авна” гэжээ.

Өөрөөр хэлбэл, цаасан дээр бичигдсэн хуулиар иргэн Бат ийм эрх эдэлнэ. Гэвч хууль хэрэгжүүлэх журам тодорхой бус, цоорхойтойгоос иргэд нөхөн олговор ч үгүй, бие эрхтэн, сэтгэл санаагаараа хохирч буйн жишээ энэ.

Хэрэв үүнийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг тогтоодог болчихвол хууль хэрэгжих боломжтой гэж Монголын үйлдвэрчний эвлэлээс үзэж байна.

ҮЛ МЭДЭГДЭХ ҮЛДЭГДЭЛ

Уншигч та үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн сүүлийн дөрвөн жилийн орлого, зарлагын дүнг (зураг 1) харж байна. Үүнээс үзэхэд сангийн орлого зарлагаасаа тогтмол 2-3 дахин өндөр буйг харж байгаа биз. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн мэдээллээр өнгөрсөн онд ҮОМШӨД-ын санд нийт 109.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн. 

Харин үүнээс бараг гурав дахин бага буюу 33.5 тэрбум төгрөгийн зарлага гадагшилжээ. Зөвхөн 2015 онд тус санд 76.2 тэрбум төгрөгийн илүүдэл үлдсэн байна. Хэрэв энэ санг компани гэж үзвэл ийм хэмжээний ашигтай ажилласан гэсэн үг.

2015 онд тус санд 76.2 тэрбум төгрөгийн илүүдэл үлдсэн байна.

Бас зөвхөн 2015 онд ч биш. сүүлийн дөрвөн жилд зарлагаа хэд нугалсан “ашиг” хүртсэн. Энэ дөрвөн жилийн үлдэгдлийг нэгтгэхэд 245 тэрбум төгрөгт хүрч байна.

Гэхдээ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим хуудсанд тавигдсан ҮОМШӨД-ын сангийн сүүлийн дөрвөн жилийн орлого, зарлагын мэдээлэл нь хоорондоо зөрүүтэй байсныг уншигч танд урьдчилан хэлье.

Харин нийт үлдэгдлийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодруулахаар оролдсон боловч “Удирдлагаас зөвшөөрөл авч байж мэдээлнэ” хэмээн тус газрын Төлөвлөлт, санхүү бүртгэлийн газрын мэргэжилтэн хэлээд, сураг тасарлаа.

Ослын даатгалын сангийн орлого нь зарлагаасаа хэд дахин илүү. Магадгүй энэ нь чихэнд чимэгтэй мэдээ ч байх болох юм.

Монгол Улсад үйлдвэрлэлийн осол бага гардаг гэж баярламаар. Гэвч статистик мэдээг сөхвөл, сүүлийн гурван жилд энэ төрлийн осол, өвчлөл дорвитой буураагүй, 10 мянгаас дээш түвшинд хадгалагджээ. Мөн Монголд үйлдвэрлэлийн осол өндөр хөгжилтэй орнуудаас найм дахин өндөр тохиолддог гэх судалгаа ч байна.

Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд 10 мянга гаруй иргэн хамрагдаж, 30.1 тэрбум төгрөг зарцуулсан.

Үүний дийлэнхийг үйлдвэрлэлийн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийн тэтгэвэрт зориулжээ. Харин хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх болон урьдчилан сэргийлэх зардал хамгийн бага жинг дарж байна.

Угтаа “Дэлхийн улс орнууд дээрх хоёр чиглэлд сангийн хөрөнгөө харамгүй зарцуулдаг. Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээх нь осолд өртсөн иргэнд тэтгэмж олгохоос ч ач тустай. Тиймээс барууны орнууд олон сая ам.доллар төлөөд ч хамаагүй хиймэл эд эрхтэн суулгаж, эргээд хөдөлмөрийн армид нь элсүүлэхийг хичээдэг” гэж Германы Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Штефан Хробот хэлэв.

Бас урьдчилан сэргийлэх нь зардал бус хөрөнгө оруулалт гэж үздэг байна. Учир нь урьдчилан сэргийлэх зардалд их хэмжээний хөрөнгө, хүч зарцуулбал удаах жилд нь осол, өвчлөлийн тоо буурч, зарлага нь татардаг.

Өнгөрсөн онд хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхэд 31.4, урьдчилан сэргийлэхэд 383 сая төгрөг тус тус зарцуулжээ. 

Тэгвэл Монгол Улс энэ хоёр чиглэлийг төдий л тоодоггүй. Өнгөрсөн онд хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхэд 31.4, урьдчилан сэргийлэхэд 383 сая төгрөг тус тус зарцуулжээ. Тэр ч бүү хэл, 2013 онд ослоос сэргийлэхэд нэг ч хөрөнгө зарцуулаагүйг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн мэдээллээс харж болно.

Тэр хэрээр ҮОМШӨД-ын сангийн зарлага тогтмол өссөн нь энэ. Өнгөрсөн жил энэ даатгалд 10,993 иргэн хамрагджээ. Гэвч энэ тоог бууруулах талд бодлого алга. Уг нь нэг ч гэсэн Монгол хүнийг ослоос хамгаалах санхүүгийн боломж байгааг дээр хэлсэн. Бас тэр мөнгөний эзэд нь угтаа иргэд.

Ийм нэг системийн гажиг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд үүсээд олон жилийг үджээ. Үүнийг ч албаныхан хүлээн зөвшөөрч байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Н.Батчимэг “Өдгөө мөрдөж буй Нийгмийн даатгалын багц хуулийг 21 жилийн өмнө баталсан.

Хууль шинээр төрж байсан 1995 онд Монгол Улсад уул уурхай, барилга, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбар өнөөгийнх шиг хөгжөөгүй байв. Одоо бол хотжилт ч хүрээгээ тэлж, салбар бүр сэргэн мандаж байна. Тиймээс хууль, эрх зүйн орчноо ч энэ сэргэлтэд тохируулах шаардлага бий” гэж өнгөрсөн долоо хоногт болсон “Нийгмийн даатгалын санд эзлэх ослын даатгалын хувь хэмжээ” хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм.

Өдгөө Нийгмийн даатгалын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа. Энэ төсөлд эдгээр асуудлыг тусгах хэрэгтэй гэж Монголын Үйлдвэрчний эвлэл, хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтнүүд үзэж байна. Эс бөгөөс системийн гажгаас болж олон монгол хүн эрүүл мэнд, эдийн засаг, бие эрхтнээрээ хохирсоор байх нь.

Зураг