Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Алдаатай хуулийн зэс цухуйв

Х.Хулан, Өглөөний сонин
2016 оны 4 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг

УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Эндээс төрсөн хууль нийтийн эрх ашгийг дээдэлсэн, үнэнд нийцсэн шударга, үг хэл дагуулахааргүй, амьдралд нийцсэн байх нь чухал. Энэ хуулийг нийгмийн харилцаа үүсгэгч иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөн нийгэмд эмх цэгц эрэмбэлэгдэх ёстой гэж иргэд ойлгож ирсэн.

УИХ-ын гишүүд ч сүүлийн үед хууль санаачлан УИХ-д өргөн барих нь ихэссэн. Хууль санаачлах ажил УИХ-ын гишүүний үндсэн үүрэг мөн ч зарим гишүүн шоу хийж олны анхаарлыг байнга өөр дээрээ татаж байхын тулд зарим хуулийг өөрчилж, ингэхдээ өөртөө эсвэл хэсэг бүлэг этгээдэд ашигтайгаар эргүүлж орхидог болоод байгаа.

Ийм замаар үндсэн зарчмаа алдаж, ардаа хэн нэгний эсвэл аль нэг улстөрчийн, улс төр эдийн засгийн бүлэглэлийн эрх ашгийг шингээсэн олон хууль төрдөг боллоо. Ийм хуулиудыг УИХ үтэр түргэн баталж байгааг олон нийт онцгойлон анхаарах цаг боллоо.

Энэ хуулиуд иргэдийн эрхийг хязгаарлаж, үүргийг нэмж, хөгжин дэвших боломжоос нь зулгааж, хөлсөө дусалтал хөдөлмөрлөсөн ч хүн шиг амьдрах бололцоог нь хязгаарлаж байгаа нь нууц биш. Ийм олон хууль 2012-2016 оны УИХ-аар батлагдаад байгаа. Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн ашиг сонирхол, олон нийтэд таалагдаж, тэндээс оноо авахын тулд сүрхий шоудсан хуулийн нэг бол Эрүүгийн хууль.

УИХ-ын дарга З.Энхболд Эрүүгийн хуулийг батлагдсаны дараа “Нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр маш чухал хууль батлагдлаа. 13 жилийн дараа энэ хуулийг эцэслэн баталлаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан чухал зорилт өнөөдөр биелж байна” хэмээн мэдэгдэж байсан юм. 

Гэвч шинэ хуулийн зарим зүйл заалтууд дээрх үзэл баримтлал шиг цэгц шулуун шударга байж чадаагүй. Хатуухан хэлбэл “гурван сая иргэнээ бодох ёстой” гэж ирээд зурагтын камерын өмнө бөхөлзөн зогсдог эрх баригчид ачир дээрээ гурван сая иргэнээ малаас дор үзсэнийг шинэ Эрүүгийн хуулиас харж болно. 

Эмч нар эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгөөр торгуулж, 2-8 жил хоригдоно

Эрүүгийн хууль амьдрал дээр нийцээгүй талаар эрүүл мэндийн салбарынхан мэдэгдлээ. Тэд “Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгийн торгох ял эсхүл 2-8 жил хорих ял эдэлнэ гэж заасан нь тус хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл дэх 5 жил хүртэлх хорих ялтай гэмт хэргийг тэнсэх боломжтой гэж заасанд багтаж чадахгүй байгаа.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагатай адил байна. 

Мөн хуулийн 10.1 зүйлд хүнийг санаатай алсан тохиолдолд 8-15 жилийн хорих ял эдэлнэ гэж заасан нь эмнэлгийн мэргэжилтэн болгоомжгүйгээр үйлчлүүлэгчид хүнд хохирол учруулах эсхүл нас барсан тохиолдлын эрүүгийн хариуцлагыг дээд хэмжээтэй адил байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.

Эмнэлгийн мэргэжилтний үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулиар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаардаг байсан бол Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар санаатай үйлдсэн гэм буруугын хэлбэрт хамааруулж эрүүгийн хариуцлагатай адил хэмжээтэй оногдуулсан шударга явдал биш” гэдгийг мэдэгдэв. 

Салбар хариуцсан сайд нь шоронд орсон. Сайдын томилгоог хийлгүй гацаасны гор нь эрүүл мэндийн салбарынхан, эмч нар болгоомжгүйгээр үйлчлүүлэгчид хүнд хохирол учруулах эсвэл нас барсан тохиолдол эрүүгийн хариуцлагын дээд хэмжээ авахдаа тулсан байх юм.

Хамгийн хатуу хуультай гэгддэг БНХАУ Эрүүгийн хуульдаа эмнэлгийн мэргэжилтэнд оногдох ялын дээд хэмжээг гурван жил, ОХУ дөрвөн жилээр тогтоогдсон байдаг. Гэтэл эрүүл мэндийн эрхэлсэн сайдгүй, эрүүл мэндийн даатгал, менежментийн бодлого алдагдсан, эмнэлгүүд ачаалал хэтэрсэн зэрэг эмнэлгийн мэргэжилтнээс шалтгаалахгүй эрсдэл өндөртэй “ардчилсан Монгол” эрүүл мэндийн салбарынхнаа өндөр ялаар яллах гэж байгааг шударга бус хэрэг гэж үзсэн цагаан халаадтануудаа өмгөөлөхөөс өөр аргагүй. 

Эрүүл мэндийн салбар болон энгийн номхон иргэдээ “золиослох” хуулиа өөрчилж амжих уу

Цаг хугацааг эргүүлэн харвал, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анх хэлэлцсэн 2015 оны зургаадугаар сарын 25-ны УИХ-ын чуулган дээр гишүүд Д.Дорлигжав сайдын оруулж ирсэн Эрүүгийн хууль нь сайжрах биш бүр дордсон байна.

Бизнес эрхлэгчид, ажил олгогч эзэд, аж ахуйн нэгж хуулийн этгээдийг 48 зүйл заалтаар эрүүгийн хэрэгт татаж, торгох, эрх хасах, татан буулгах, ял оногдуулахаар болж. Тэр ч байтугай хуулийн этгээдийн хувьцаа, хөрөнгө орлогыг хураах заалт оруулж, Үндсэн хууль, хүний эрхийн олон улсын болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих оролдлого хийж байна гэж тэд сануулсан байх юм. 

Мөн улс төрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүний биед гар хүрлээ гэхэд 5-12 жилийн ял оноох нь. Энэ хуулийг баталлаа гэхэд шоронд байгаа хүний тоо нэмэгдэж болзошгүй байна. Эрх мэдэл, мөнгөтэй хүмүүс хөнгөн ял, торгуулийг авч, санамсаргүй үйлдлээс болж, өөрийгөө хамгаалж чадаагүй нэг нь хүнд ял авах нөхцөл бүрдчих вий.

Тиймээс хуулийг иргэнээ хамгаалсан байдлаар баталъя гэцгээж байсан юм. Гэвч байдал дээрдээгүйг энэ хуулийн хамгийн том хохирогчдын нэг болох гэж байгаа цагаан халаадтанууд мэдэгдэв. 

 Хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 

Цаг наргүй, цалин багатай ажилладаг эмч нараа яллаад Монгол Улс юу хожих вэ. Өнөөдөр эрүүл мэндийн салбар тэр дундаа улаан бурхны дэгдэлтийн үед бүх эмнэлгүүдэд шалаар нь дүүрэн хүүхдүүд хэвтчихсэн, эмнэлгүүд ачаалалтай ийм үед эмч нарыг нэг нэгээр нь барьж хориод, яллаад эхэлбэл төрийн хэдэн эмнэлэгт байтугай, төлбөртэй эмнэлэгт хэн ажиллах юм бэ. Хоногийн хоолны мөнгөө хэмнэж төрийн хэдэн эмнэлгээ барааддаг ард иргэдээ тэгээд хаана очиж үйлчлүүл гэх гээ вэ. 

УИХ-ын гишүүд, хууль санаачлагчид энэ мэт асуудлыг тооцолгүй Эрүүгийн хуулиар “тоглочихсон” байх юм. Хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Эрүүл мэндийн салбарын арван мянган эмч, ажилчид холбогдох байгууллагуудад өөрсдийн шаардлагыг хүргүүлээд цөөн хонож байна. 2012-2016 оны УИХ-д хугацаа тун бага үлдсэн.

Хаврын чуулганы энэ богино зайд энэ хуулийг өөрчилж, эрүүл мэндийн салбарынхан болон энгийн номхон иргэдээ “золиослох” гэсэн үйлдлээ зогсоож амжих болов уу. Эс бол сонгуулийн гараа эхэлсэн энэ мөч Эрүүгийн хуулийг санаачилсан болон лообийдсон, батлахаар гар өргөсөн УИХ-ын гишүүдэд хүндээр тусч, тэд парламентын босгоор давахгүй ч байж мэдэх бас нэг нөхцөл бүрдээд байна биш үү. 


Хэн юу хэлэв? 

Хууль батлагдахын өмнө: 

УИХ-ын гишүүн Даваасүрэн: 

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга нь иргэн хүнд халтай байхаар боловсруулсан байгааг эргэн харах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: 

-Энэ байдлаараа Эрүүгийн хууль явахгүй нь л дээ. Ажлын хэсэг бол асуудал дээр гурилддаг юм байна. Энэ чухал хууль дээр гурилдлаа. Аливаа хуулийг тал бүрээр нь ярилцахаас илүү олонхоороо түрээд шийдсэн. Харин эдийн засгийн гэмт хэргийн бүлэг дээр дэвшил авчраагүй. Энэ хуулийн нөлөөлсөн нэг зүйл бол төрийн байгууллага. Д.Дорлигжав сайд, Батцэрэн шүүгч гээд ажлын дэд хэсгээс маш сайн тайлбар ав. Энэ хуульд заагаагүй хүмүүсийг чөлөөтэй зорчин явах эрхийг нь хязгаарлаад, цагдан хорьдог заалтууд нөгөө хууль дээрээ байх ёстой.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Ажлын хэсэг дээр ярилцах асуудал олон байна. Ялангуяа бизнес эрхлэгчтэй холбоотой асуудлаар ярилцах ёстой. Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан хүнд үед хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ дэмжих ёстой гэж ярьдаг. Гэтэл Эрүүгийн хуулиар бизнес эрхлэгчдээ хүндрүүлсэн хууль батлах гээд байна. /newscom.mn/

Хууль батлагдсаны дараа:

ЭХНӨОШМ-ийн түр хорооны дарга, Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар: 

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг “шоронжуулсан” хууль болсон гэдгийг албан ёсоор мэдэгдье. Тухайлбал, тус хуульд эмнэлгийн мэргэжилтэн ямар нэгэн байдлаар болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэмт хэрэг болгон ангилж 20-80 сая төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хорих ял эдлэнэ гэж заажээ.

Өмнөх хуулиар болдог байсан зохицуулалтыг эмч мэргэжилтнүүдийг шоронжуулсан хууль баталснаар хүний амь нас, эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа нэг салбарын мэргэжилтнүүдийг бухимдуулж байна. Өнөөдөр улаан бурхны дэгдэлт идэвхжсэн, бүх эмнэлгүүд шалаараа дүүрэн хүүхэдтэй, ачааллаа дийлэхгүй ажиллаж байна.

Ийм хүнд цаг үе, хүнд орчин нөхцөлд тохирохгүй хуулийг Монгол Улс мөрдөх нь. Тиймээс хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг бид холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Энэ шаардлагад салбарын арван мянган эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд гарын үсгээ зурсан. Өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбарт хүнд нөхцөл үүсэж, салбарын яам нь улс төржиж, сайд нь байнга солигдож байна. Үүнээс болж ийм хууль батлагдлаа.

УНТЭ эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ц.Ганбат:

-Эмч нар санамсаргүй, болгоомжгүй байдлаас үүдэж л алдаа гаргадаг. Гэтэл ийм хүнд ял оногдуулж байгаа нь шударга биш. Манай нийгэмд нийцэхгүй, хүний ёсонд таарахааргүй ийм хууль мөрдөх гэж байгааг хуулийн мэргэжилтнүүд ч эсэргүүцэж байна.

Тэд хэрвээ энэ хууль хэрэгжвэл манай улсад цаашдаа эмнэлгийн тусламж үзүүлэх, ажиллах боломж, бололцоо байхгүй болно гэж үзэж байгаа. Хууль ялангуяа мэс заслын эмч нарт хамгийн хүндээр тусаж байна. 

Эмч нар санамсаргүй, болгоомжгүй байдлаас үүдэж л алдаа гаргадаг. 

Бид хариуцлагаа үүрэхгүй гэж байгаа юм биш, ногдох хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ энэ бол хэтэрхий хүнд хариуцлага. 20-80 сая төгрөгийн торгууль төлж, эмчлэх эрхээ хасуулсан хүн дараа нь амьдралаа яаж залгуулах вэ. Эмч нарын ирээдүй маш бүрхэг болж байна аа гэсэн үг. Өнөөдөр арван жил сурсаад мэс заслын эмч болж байна. 

Арван жил ажиллаж мэс заслын эмч болчихоод санамсаргүй, болгоомжгүй байдлаас болж эрхээ хасуулж, их хэмжээний мөнгө төлөх санхүүгийн чадвар эмч нарт байхгүй. Тэгэхээр энэ хууль хөрсөндөө буугаагүй хууль гэдэг н харагдаж байна.

Ард түмэн ч гэсэн бидний тайлбарыг ойлгох байх. Тэд эмчгүй болно гэсэн үг. Ямар ч хүн ашиг олно, мөнгөтэй болно гэж эмч мэргэжлийг сонгодоггүй. Буяны ажил гэж ойлгодог юм. /metuf.mn/

Зураг