Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабхагийн дарга, хатагтай Сумитра Махажан болон Энэтхэгийн Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Мөн хоёр орны хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн зарчмаар өргөжин, хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Монгол Улс Энэтхэг Улстай харилцан ашигтай, хоёр талын ашиг сонирхолд нийцсэн, тогтвортой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байгааг тодотголоо.
Цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, чиглэл, хэлбэрийг тодорхойлох, хувийн хэвшил хоорондын холбоо, хамтын ажиллагааг дэмжихэд Монгол-Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны үйл ажиллагаа чухал гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабхагийн дарга Сумитра Махажан тус улсаас Монгол Улсад айлчилж буй парламентын төлөөлөгчид олон намын төлөөллөөс бүрдсэн гэж танилцуулаад Энэтхэг, Монгол Улс хил залгаа хөрш биш боловч оюун санаа, соёл, шашнаараа холбоотой. Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, мэдээлэл, технологийн хөгжилд хамтдаа урагшлах нь зүйтэй гэв.
Мөн Энэтхэг улс хүн ам ихтэй ч тархан суурьшсан учраас орон нутгийг хөгжүүлэх бодлого баримталдаг. Монгол Улстай энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгийг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.