Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Шийдэл үгүйлэгдсэн үрийн бодлого

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 4 сарын 19
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Copyright © http://www.geourdu.co

Монгол Улс газар тариалангийнхаа салбарт гурван ч удаа хувьсгал хийжээ. Хөгжлийн үе шатыг нь аваад үзвэл 1959-1970, 1970-1990, 2008 оноос өнөө үе гэж үечилдэг байна. 2014 онд тариаланчид атар газар эзэмшсэний 55 жилийн ойг нижгэр тэмдэглэсэн. Гэвч өнөөдөр энэ салбар бүрэн жигдэрч чадаагүй л байна.

Газар тариалан эрхэлж эхэлсэн жилүүдэд төр засгаас ихээхэн анхаарсны дүнд гурилын дотоодын хэрэгцээг боломжийн хэмжээнд хангаж чаддаг болжээ. Гэхдээ энэ нь салбарынхны хувьд чамлалттай байдаг аж. 1990-ээд оны нийгмийн шилжилтийн үед бүхэлдээ уналтад орсон газар тариалангийн салбарыг 2008 оны “Атрын III” аян сэргээсэн.

Гэсэн хэдий ч учир дутагдалтай тал олон бий гэдгийг Ерөнхий сайд асан, гавьяат агрономич, доктор Ш.Гунгаадорж гуай тэмдэглэлдээ онцлов. Тус салбарынхан нэлээд хэдэн удаа асуудал тавьж, удаан хөөцөлдсөний эцэст Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн батлуулжээ. 

Дэлхий дээр улаанбуудай тариалдаг цөөхөн орон бий. 

Бодлоготой боллоо гээд байдал дээрдсэнгүй. Харин ч энэ бодлогыг боомилсон зүйл гарч ирж, салбарын хөгжилд чөдөр тушаа болсоор байгаа аж.

Уг нь салбар гэдэг цогцоороо хөгжих учиртай. Гэвч хөдөө аж ахуйн салбарынханд тийм боломж олдохгүй байгаа юм байна.
Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн яам тархай бутархай байсан цагт төрөөс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг зангууны үлгэр гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. 

Учир нь Дархан-Уул аймагт байрлах Ургамал, газар тариалан, сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн нь БСШУЯ-ны харьяанд, Улсын үрийн нөөцийн газар нь Онцгой байдлын ерөнхий газрын мэдэлд байдаг болохоор эдгээр байгууллагын үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуйн яам оролцох эрхгүй аж.

Үрийн сортын чанарыг сайжруулахын тулд Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалан, сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн санаа тавих ёстой. Гэвч энэ байгууллага БСШУЯ-ны харьяа, тус газраас төсөвтэй учраас ХХААЯ санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга байдаггүй юм байна. 

“Улсын үрийн нөөцийн газрын үйл ажиллагаанд ч хөндлөнгөөс оролцох боломжгүй. Улсын үрийн нөөцийн газарт ямар сортын үр авч байгааг бид мэдэх аргагүй.

Иймд чанартай үр авахыг хүссэн зөвлөмж хүргүүлдэг” хэмээн холбогдох мэргэжилтнүүд нь ярилаа. Ш.Гунгаадорж гуай тус салбарын хөгжлийн талаар “Хүнс, хөдөө аж ахуйн яам салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудаасаа хол хөндий байгаа нь шинжлэх ухааны үндэстэй бодлого явуулах, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог ойртуулахад бэрхшээлтэй болгож байна. 

Салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудыг хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи болгон нэгтгэж, яамны харьяанд ажиллуулах хэрэгтэй” гэсэн санал гаргажээ. 

Тариаланчдын хамгийн сэтгэл зовоосон асуудал нь улаанбуудайн үрийн хомсдол.

Гэвч энэ саналыг хэн ч дэмжсэнгүй өнөөг хүрэв. Ийм байхад төрөөс баримтлах бодлого хэрэгжих боломжгүй гэсэн тайлбар өгч байна.

Сүүлийн үед тариаланчид их ууртай байгаа. Цаг агаарын нөхцөл байдлыг буруу тооцоолсноос болж ургацынхаа ихэнх хувийг алдсан, энэ жил тариа тарих үр хомс гээд тэдэнд бухимдах шалтгаан мундахгүй гарсаар. Энэ бүхэн өнөөх л үрийн бодлоготой холбоотой аж.

Гавьяат агрономич Ш.Мардаан гуай ч үрийн бодлого учир дутагдалтай байгаагаас болоод тариаланчид өнөөдөр бухимдахад хүрсэн гэдгийг үгүйсгэсэнгүй. Тариаланчдын хамгийн сэтгэл зовоосон асуудал нь улаанбуудайн үрийн хомсдол.

Дэлхий дээр улаанбуудай тариалдаг цөөхөн орон бий. Манай улсын гол импортлогч нь хоёр хөрш. ОХУ болон БНХАУ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүй. Ийм нөхцөл байдалд импортын улаанбуудайнд хэт найдалгүй, дотооддоо тодорхой хэмжээний нөөцтэй байх нь зөв шийдэл хэмээн тариаланчид үзэж байна.

Улаанбуудайн үрийн бодлого, үрийн асуудал зөвхөн хэдэн тариаланчдын сэтгэлийг чилээсэн зүйл ч биш. Монгол Улс, тэр дундаа гурван сая иргэний гурилын хэрэгцээтэй холбоотой асуудал.

Хүнс, хөдөө аж ахуйн яамны хийсэн судалгаагаар айл өрхийн хэрэгцээний 40-50 хувийг гурил, гурилан бүтээгдэхүүн эзэлж байна гэсэн дүн гарсан байсан. Махны дараа гурилын хэрэгцээ бичигдэж буй. Тиймээс л энэ салбарын бодлогыг цогцоор нь тодорхойлох шаардлага тулгарч байна.

Зураг