Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Стандарт нь 12, аюул нь 12 мянга

Б.Бямбасүрэн, Засгийн газрын мэдээ
2016 оны 4 сарын 15
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

-150 метрийн цаана байх ёстой хийн түлш худалдах цэг 10 метрт ойртож иржээ-

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах 56 дугаар цэцэрлэгийн багачууд аюултай орчинд хүмүүжиж байна. Учир нь тус цэцэрлэгээс ердөө 10 метр хүрэхгүй зайд хааш хаашаа 6X3 хэмжээтэй, нэг давхар байшинд “Дашваанжил” компанийн хийн түлш борлуулах цэг ажиллаж байгаа юм. 

Энэ талаар манай сонинд ирсэн уншигчийн мэдээллийг бататгах үүднээс тус газрыг зорилоо. Үнэхээр тус цэцэрлэгийн дэргэд “Хийн тоног төхөөрөмжийн худалдаа” гэсэн хаягтай жижиг байшин байв. Дотогш ортол хэрэглэж байсан баллоноо цэнэгтэй шинэ баллоноор солиулахаар нэгэн эмэгтэй ирсэн байв. Харин борлуулагч нь арын өрөө рүү ороод, өөрөө солиод авахыг хүссэн юм.

Ийнхүү хуучныг шинээр солихыг хүлээн тав орчим минут саатах хооронд хурц үнэр хамар цоргиж, дотор муухайруулав. Арын өрөөг нь харах хүсэл эрхгүй төрсөн ч, баллон авна гэж хэлэхээс нааш тийш оруулахгүй нь тодорхой байлаа. Тиймээс “Цайны газар ажиллуулахаар тоног төхөөрөмж сонирхож яваа” хэмээн худал өчлөө.

Ингээд агуулахын өрөө рүү нь ортол 5-14 кг-ийн хоосон 50 орчим, хийтэй мөн тооны баллонуудыг дээр дээрээс нь давхарлаж өржээ.

Ямар нэг байдлаар осол гарч, 100 баллон нэг дор дэлбэрвэл тухайн орчин тэр чигээрээ өртөх эрсдэл нүүрлэнэ.

Хийн түлш хадгалж буй агуулахад агаарын дахин дамжуулалтын системийг шийдсэн байх ёстой боловч тэр газарт хуучны орон сууцнуудын хэмжээтэй нэг жижиг цонхноос өөр агааржуулагч байсангүй.

Бас нэгэн аюул нь тухайн хий хадгалж буй агуулахад гэрлийн унтраалга байлаа. Энэ нь тухайн өрөө цахилгаантай гэсэн үг. Хэрэв ямар нэг байдлаар осол гарч, 100 баллон нэг дор дэлбэрвэл тухайн орчин тэр чигээрээ өртөх эрсдэл нүүрлэнэ.

Бид 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Нарантуяатай уулзаж, хийн баллоны цэгийн талаар байр суурийг нь сонирхсон юм. Тэрбээр “Манай цэцэрлэг 1964 онд ашиглалтад орсон. Цэцэрлэгийн өргөтгөл Б байр 2010 онд баригдсан. Энэ хичээлийн жилд нийт хоёр байрандаа 349 хүүхэд хүлээн авч, ажиллаж байна. “Дашваанжил” компанийн хийн түлш борлуулах цэг нь манай цэцэрлэгийн орчинд, тун ойрхон байгааг та бүхэн харж байгаа байх.

Бид ч бас цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй орчинд сурч, хүмүүжих эрх алдагдаж байна гэж үзэж байгаа. Өнөөдөр хүүхдүүд маань гадаа нарлаж, тоглоход үнэндээ эрсдэлтэй байдаг. Хажуу хаяанд хэзээ ч дэлбэрэх магадлалтай бодис байгаа гэж бодохоор аюултай санагдалгүй яахав ээ. Энэ асуудлыг уг нь хоёр жилийн өмнө дүүргийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүст тавьсан боловч одоо хүртэл шийдэлд хүрээгүй байна” гэв.

Мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс Дашваанжил компаниас тодруулга авахаар холбогдсон боловч “Эргээд яръя” гээд тайлбар өгсөнгүй, хэлснээрээ холбогдсонгүй.

Зөвхөн хийн баллоны эрсдэлд өртөх магадлалаас гадна ашиглалтад ороод 50 гаруй жил болсон уг цэцэрлэг ч аюултай байдалд байгаа аж. Тодруулбал, хоёр жилийн өмнө тус цэцэрлэгийн барилгын галын дүгнэлт гарч, цахилгааны утсаа нэн даруй солих шаардлагатай гэжээ.
 Гэтэл цахилгааны утас солих төсөв мөнгө байхгүй байна хэмээв.

Муугаар бодоход гал гарвал хуучирсан барилга дорхноо гал авалцаж, хаяанд нь байх хийн түлшний цэг рүү орвол тэр хавь бүхэлдээ дэлбэрэлтэд өртөх магадлал өндөр байгаа юм.

Тус хийн түлш борлуулах цэгийн баруун талд нь Анагаах ухааны “Энэрэл” дээд сургууль, ард нь 17 дугаар сургууль, зүүн талд 56 дугаар цэцэрлэг байна. Саяхныг хүртэл чанх хойд талд нь байрлаж байсан өрхийн эмнэлэг ч мөн удаа дараа гомдол гаргаж байжээ. Гэсэн ч бүх зүйл стандарт, дүрмийн дагуу байна гээд мөн л асуудлыг авч хэлэлцээгүй аж.

Одоогоор манайд хийн түлшний үйлдвэрлэл, ашиглалт, тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн техник, технологи, аюулгүй ажиллагаатай холбогдсон улсын хэмжээнд нийт 12 стандарт, барилгын таван дүрэм хэрэгжиж байна. Гэхдээ эдгээр дүрмээр хийж буй зохицуулалт үүргээ сайн биелүүлдэггүйг албаны хүн нотолж байна.

Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд “Тоног төхөөрөмж зарж борлуулна гэчхээд хийн түлш зарж байгаа компани одоогоор нэг ч байхгүй.

“Дашваанжил” компанийн хувьд импортын болон бөөний худалдааны тусгай зөвшөөрөлтэй. Яахав хаяг нь тоног төхөөрөмжийн худалдаа гэж байгаа байх. Гэхдээ Горгаз, Дашваанжилын салбарууд голдуу гэр хорооллын орчимд байдаг. Эдгээр нь хий борлуулах цэгүүд юм. Тэр хавийн хэрэглэгчдэд диспетчирийн үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн үг.

Манайд өнгөрсөн жил 56 дугаар цэцэрлэгийн баруун талд байрлах хий борлуулах цэгийг шалгаж өгөх хүсэлт ирсэн. Бид бүх нийтээр мөрдөж байгаа хийн аж ахуйн нэгжийн дүрмийн биелэлтэд хяналт тавьдаг. Шалгаж үзэхэд зай хэмжээ, хажуу орчмын цэцэрлэг, өрхийн эмнэлэгт нөлөөлөх зүйл байхгүй гэсэн дүгнэлт гарсан” гэв.

Хэдийгээр албаны хүмүүс ийм тайлбар өгч байгаа ч үүргээ биелүүлж чадахгүй байгаа зохицуулалтаас болж олон олон сургууль, цэцэрлэгийн орчимд ийм байдал үүссэн нь тодорхой. Мөн хийн түлш хэрэглэж буй 12 мянга орчим нийтийн хоолны газрыг тооцвол Улаанбаатар хот даяар “тэсрэх бөмбөг” суурилагдсан байна гэхэд хилсдэхгүй болов уу.

Хийн баллон хоосон байсан ч дэлбэрдэг

Нийслэлийн ОБГ-ын ахлах дэслэгч Г.Сэдэдсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлд хийн түлш худалдан борлуулдаг хэдэн аж ахуйн нэгж байдаг вэ. Эдгээр байгууллагын хувьд дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байна уу?

-Нийслэлийн хэмжээнд шатдаг шингэрүүлсэн хий нийлүүлдэг найман компани байдаг. Эдгээр компанийн салбар нэгжүүд дүүрэг бүрт бий. Харин хийн түлш хэрэглэдэг 12 мянга орчим аж ахуйн нэгж байгаа.

Шатдаг шингэрүүлсэн хий нийлүүлдэг компаниудын гаргаж буй нийтлэг зөрчил нь цайны газарт хийн баллоныг олноор нөөцөлж үлдээдэг. 

Мөн шатдаг шингэрүүлсэн хий нийлүүлдэг компаниуд тээвэрлэлтийг зохих журмын дагуу хийдэггүй.

Цайны газрын эзэд хийн баллоныг хэрхэн хадгалах анхан шатны дүрэм, журмаа мэдэхгүй байна.

Мөн шатдаг шингэрүүлсэн хий нийлүүлдэг компаниуд тээвэрлэлтийг зохих журмын дагуу хийдэггүй. Журамд зааснаар барилгын хэт нам дор газар болон хоёроос дээш давхарт ахуйн хий ашиглахыг хориглодог. 

Тодруулбал, 3.5 литрээс дээш баллон ашиглах хориотой. Гэтэл хийн түлш нийлүүлдэг компаниуд хувь хүмүүст хийн түлш худалдахдаа эдгээр журмыг хайхрахгүй байна. Жишээ татахад, Дархан-Уул аймагт дөрвөн жилийн өмнө орон сууцны есөн давхар барилгад хийн баллон дэлбэрч, гурван хүн гэмтсэн хэрэг гарсныг санах хэрэгтэй.

-Хийн баллонууд хоосон байсан ч дэлбэрэх аюултай юу?

-Тэгнэ. Галын аюулгүй байдалд тавигдах дүрэмд тухайн хийн түлш хадгалж буй агуулахад цахилгаанд холбох унтраалга байх ёсгүй. Гэтэл ихэнх компаниуд зориулалтын бус өрөөнд баллон хадгалж байдаг.

Түүнчлэн иргэд нөөцөлсөн баллоныг хийн алдагдалтай эсэхийг шалгаж мэддэггүй. Хийн алдагдалтай байвал гэрлийн унтраалга дарах төдийд л тэсэрч дэлбэрэх аюул үүснэ.

-Хийн түлш борлуулж байгаа цэгүүдийг эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн орчноос хэдэн км-ийн зайд байрлуулах ёстой байдаг вэ?

-Шатахуун түгээх станцтай адил хийн түлш борлуулдаг газрууд хүн ам олноор цугласан буюу эмнэлэг, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, үзвэрийн газрын орчноос 50-150 метрийн зайтай байх ёстой.

Гэхдээ бодит байдал дээр айлын хашаатай ойр тохиолдол олон байна.

Зураг