"Эрдэнэс Монгол" ХХК Азийн Хөгжлийн Банктай /АХБ/ техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээг өнөөдөр байгууллаа. Уг гэрээнд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, АХБ-ны Монгол дахь суурийн төлөөлөгч Роберт Шулхаммер нар гарын үсэг зурлаа.
"Эрдэнэс Монгол" болон охин компаниудын удирдлагын ур чадварыг сайжруулах, нэгдлийн хэмжээнд нэгдсэн санхүүгийн удирдлага, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын шинэ төслийн менежментийг бүхэлд нь хамарсан цогц удирдлагын мэдээллийн системийг шинээр нэвтрүүлэн толгой компанийн түвшинд удирдлагын чиг үүргийг бэхжүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэх аж.
Төсөлд шаардлагатай санхүүжилтийг нэн таатай нөхцөл буюу эхний гурван жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр шийдвэрлэжээ.
Түүнчлэн техникийн туслалцааны төслийн хэрэгжилт нь АХБ-ны "Худалдан авах журам"-ын дагуу явагдах юм байна.
Тус компани нь 2007 онд байгуулагдсан. Монгол Улсын байгалийн нөөцийг оновчтой ашиглах, эдийн засгийн өсөлтийг хангах, төрөлжсөн эдийн засгийг бий болгох, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр зэрэг тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт хийх үндэсний тэргүүлэгч компани болох зорилготой. Зорилгынхоо хүрээнд охин болон бүрэлдэхүүн компаниуд, шинэ төслүүдэд хөрөнгө оруулах ажлыг нэн тэргүүнд гүйцэтгэх юм.
“Эрдэнэс Монгол” ХХК нь “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг хөрөнгө оруулалтын компани.