Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Эрдэнэчимэг: “Таван толгой”-н ард байгаа томоохон бүлэглэлүүдийг зарлах ёстой

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монголын Ардчилсан Холбооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд МоАХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г. Байгалмаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын төлөөлөл оролцсон юм. 


Г. Байгалмаа: МоАХ маргааш Эв нэгдлийн цуглаанд оролцоно

Г. Байгалмаа “МоАХ-ны Удирдах зөвлөлийн хурлаар гуравдугаар сарын 30-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд “Жудагт Монгол” хөдөлгөөнөөс зохион байгуулж буй Эв нэгдлийн цуглаанд дэмжиж оролцох шийдвэр гаргасан байгаа. 

Энэ цуглаан Тусгаар тогтнолын талбайд маргааш буюу гуравдугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагаас болно. Уг цуглаанд нийт 50 гаруй ТББ-ууд үзэл бодлоо илэрхийлж, үг хэлж хамтран оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна.

МоАХ болж бүтэхгүй байгаа цаг үеийн асуудлаар үргэлж мэдэгдэл гаргаж байдаг. Ялангуяа Таван толгойн асуудал дээр бид тууштай зогсож, байр сууриа илэрхийлж ирсэн” гэв.

Л.Эрдэнэчимэг: энэ хүмүүс биднээс өс хонзонгоо авч байна

 

Таван толгой төслийн ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэвлэлийн бага хурлын үеэр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Өнөөдрийн улс төрд болж байгаа үйл явдлууд, Ардчилсан намын зөрчил, ард ардаасаа цуварч байгаа баривчилгаанууд, тэр дунд хохирч, хэлмэгдэж буй эмэгтэйчүүд, хөхүүл хүүхэд зэрэг асуудлууд бүгд Таван толгойн бүлэг ордын төлөөх тэмцэлтэй шууд холбоотой.  2015 онд Таван толгойн гэрээ өргөн баригдаад цаашид үргэлжлүүлэх эсэх тал дээр ажлын хэсэг байгуулагдаж ахлагчаар нь ажилласны хувьд үүнийг хэлж байна. Таван толгойн орд газрын төлөөх тэмцэл олон жил үргэлжилж байгаа. 

2005 оноос хойш Таван толгойн асуудал босч,  энэ орд өөрөө улс төр болон бизнесийн томоохон бүлэглэлүүдийн хамгийн том олз болж харагдаж ирсэн. 2007 онд МоАХ жагсаал, цуглаан хийж байж энэ том ордыг улс өөртөө авсан. 

Харамсалтай нь тэр үед дөрвөн хувийг нь улс төр, бизнесийн бүлэглэлд алдсан. Тэр цагаас хойш Ухаа худагийг эзэмшиж байгаа улс төр, бизнесийн бүлэглэлүүд Эрдэнэс Таван толгойг явуулахгүйгээр гацаасан. 

2015 онд Засгийн газар М.Энхсайхан сайдыг томилж, мега төслүүд дээрээ тавьж түүний гараар энэ Таван толгойн гэрээ хийгдсэн юм. Яагаад хийгдсэн бэ гэвэл Ухаа худагийг эзэмшиж байгаа Энержи Ресурс компани болон түүний цаана байгаа MMC нэртэй компани хоёр жилийн дараа томоохон өрөнд орж, дампуурах нь тодорхой болсон байсан. MMC бараг дампуурлаа зарласан байгаа.

Яагаад вэ гэвэл уг компани 1.3 тэрбум долларын өртэй. Би үүнийг ажлын хэсгийн дүгнэлт гаргахдаа хэлж байсан. Ийм өртэй компанид Таван толгойг өгч болохгүй гэдэг дүгнэлтийг би тухайн үедээ гаргаж өгсөн юм. Хэрэв бид гэрээгээ байгуулаад явуулчихсан бол Монголын гурван сая иргэний эзэмшиж буй “том” Таван толгойгоо тавьж туух байсан. Үүнийг бид зогсоож чадсан. 

Одоо тэгвэл Шинхуа, MMC нарын хамтын ажиллагааны гэрээг зогсоосны төлөө энэ хүмүүс биднээс өс хонзонгоо авч байна гэж хэлж болно. 

Тийм ч учраас энэ баривчилгаанууд явагдаж байгаа. Эрчүүдийгээ дийлэхгүй болоод ирэхээр эмэгтэйчүүд, хүүхдүүд рүү орж айлган сүрдүүлэх үйл ажиллагаа явагдаж байна.

Өнөөдөр АН, МАН гэж хуваагдахаа больсон. АН болон МАН-ын дамнасан улс төр, бизнесийн томоохон бүлэглэлийн асуудал яригдаж байна. Маргаашийн жагсаал цуглаанд бид энэ асуудлыг ярих ёстой.  Бид үр хүүхдүүддээ Таван толгойн орд газрыг үлдээх ёстой.

Бид маргаашийн цуглаан дээрээ Таван толгойн орд газрын ард байгаа бизнес, улс төрийн томоохон бүлэглэлүүдийг зарлаж, гаргаж ирэх ёстой. 

Мөн энэ хүмүүсийг улс төрөөс шахан зайлуулах ёстой гэж үзэж байна” гэв.