Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

7.2 хувь ба ПОПУЛИЗМ

Б.Цэцэгсүрэн
2016 оны 3 сарын 29
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Олон улсын төлбөр тооцооны банк (BIS) хоёрдугаар сард нэгэн статистик танилцуулсан юм. Хөгжиж буй орнуудын авсан ам.долларын зээлийн хэмжээ 2015 оны гуравдугаар улиралд дэлхийн санхүүгийн хямралаас хойш анх удаа буурсан дүнтэй гарчээ.

Өндийж буй улс орнуудын Засгийн газар болоод хувийн хэвшлийнхний зээллэгийн дүн 2014 онд 1.4 их наяд ам.доллар татаж, түүхэн дээд түвшиндээ хүрч байв. Гэвч түүхий эдийн үнийн уналт, Хятадын эдийн засгийн удаашрал, ам.долларын хүчирхэг ханш хөгжиж буй орнуудыг гэсэн хөрөнгө оруулагчдын сонирхлыг үргээж орхисон хэмээн эдийн засагчид учирлаж байна.

Өөр нэгэн судалгаа эш татъя. Нью-Иорк хотын санхүүгийн дүүрэгт олон улсын санхүүгийн программ хангамжийн “Dealogic” компани төвхнөдөг. Энэ сарын эхээр тэднийхээс танилцуулсан датагаас үзвэл өнгөрсөн жилийн эхний хоёр сард 16.4 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан хөгжиж буй орнуудын зээл энэ оны эхэнд ердөө зургаан тэрбум ам.доллар болж буурлаа.

Улс орнуудын мөнгөн тэмдэгтийн ханш суларч, харин дэргэд нь зах зээлээс хөрөнгө татах хүү өндөрсөж, улс орнууд хямд мөнгө татах боломж нь улам царцсаар, хумигдсаар байна.

Эргэлтийн хурд нь ийнхүү удааширч буй олон улсын зээлийн зах зээлээс Монгол Улсын Засгийн газар 250 сая ам.доллар зээлээд байна. 

Эргэлтийн хурд нь ийнхүү удааширч буй олон улсын зээлийн зах зээлээс Монгол Улсын Засгийн газар 250 сая ам.доллар зээлээд байна.

Зарим албан тушаалтны мэдэгдэж байгаагаар “Credit Suisse’’-ийн энэхүү синдикат зээлийн хоёр дахь транш нь энэ хавар Монгол Улсын эдийн засагт орж ирэх ба мөн 250 сая ам.долларын хэмжээтэй хэмээн танилцуулж буй. Бэлэн валютын хомсдолд орсон, гадаад валютын нөөц нь нэгдүгээр сарын эцсийн байдлаар ердөө 1.32 тэрбум ам.доллартай тэнцэж буй Монгол Улсын хувьд 250 сая ам.долларын урсгал шинэ соргог мэдээлэл байлаа. Харин одоо энэ шуугиан намдаад, нарийн ширийн үзүүлэлтүүдийг задалж анзаарах өдрүүд нэгэнт иржээ. Зээлийн хүү, нөхцөлийг Монголын олон нийт сонирхож байна.

Сангийн сайд Б.Болор Пүрэв гарагт хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийж энэхүү шуугианыг дарсан юм. 2015 оны есдүгээр сард Сангийн сайдын сэнтийд заларсан тэрбээр энэ албанд томилогдсоноос хойш олон улсын хөрөнгийн зах зээлээс татсан анхны хөрөнгө оруулалт энэ. Сангийн сайдын ярианд анхаарлаа хандуулъя.

“УИХ-аас зөвшөөрөгдсөн өрийн таазан дотроо зээл авах, үнэт цаас гаргах эрх нь Засгийн газарт байдаг. 250 сая ам.долларын зээл бол энэ дагуу хийгдсэн ажил. Мөн энэ зээлийг төсвийн алдагдал нөхөх зорилгоор аваагүй” хэмээн тэрбээр ярьсан юм. Цааш нь “Энэ зээлээр дотоодын өндөр хүүтэй бондоо буцааж, дахин санхүүжилт хийнэ. Өөрөөр хэлбэл, өр нэмэгдэхгүй. Дотоодын өндөр хүүтэй бондыг гаднын бага хүүтэй мөнгөөр авч байна гэсэн үг. 

Өдгөө Монгол Улс 3.2 их наяд төгрөгийн дотоод өртэй. Сүүлийн нэлээд олон жилд төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор дотоодод бонд гаргаж ирсэн. 3.2 их наяд гэдэг том тоо. Дотоодын өр замбараагаа алдсан байсан. Энэ онд хүүгийн түвшин нь 17 хувьтай болох шахуу зүйл ажиглагдсан учраас чөлөөлөх бодлого барьж байна. Үүгээр дамжуулан арилжааны банкууд дээр байгаа бондоо эргүүлж авснаар банкуудаа хөрөнгийн эх үүсвэртэй болгож буй юм. Ингэснээр хувийн хэвшил рүүгээ зээл гарах, эдийн засаг руугаа мөнгөний эргэлт оруулах боломж бүрдэнэ” гэж ярилаа.

Эндээс “гаднын бага хүүтэй мөнгөөр” гэсэн өгүүлбэр анхаарлыг тань татаж байна уу. “Credit Suisse’’-ийн 250 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар таван жилийн хугацаатай, Лондоны банк хоорондын захын суурь хүү буюу LIBOR дээр нэмэх нь 6.25 хувийн хүүтэй зээлсэн ба “Нийт хүү нь 7.2 орчим хувь. Энэ бол өнөөгийн нөхцөлд маш боломжийн хүү” хэмээн Сангийн сайд ярилаа.

Тэгвэл таван жилийн хугацаатай “Чингис” бондыг Засгийн газар бараг дөрвөн жилийн өмнө 4.125, арван жилийн хугацаатайг 5.125 хувийн хүүтэй зээлж байлаа. Харин өнгөрсөн зун Хятадад босгосон дим сам бондын хүү 5.9 хувийн хүүтэй тогтож байв. Тэгвэл 7.2 хувь гэдэг хэр боломжийн хүү болохыг задалж анзаарахыг оролдъё.

Аргентин 15 тэрбум ам.долларын бонд гаргахаа зарлаад удаж байна. Адилхан хөгжиж буй орон хэдий ч Аргентины нэг хүнд ногдох ДНБ 13,428 ам.доллар буюу манайхаас даруй дөрөв дахин их. Жилдээ 71.94 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолдог, гадаадын шууд хөрөнгө оруулалт нь жилд 100-гаас дээш тэрбум ам.доллараар хэмжигддэг, 33.9 тэрбум ам.долларын нөөц үүц хав дарчихсан Аргентин Монголын хажууд аварга юм байгаа биз.

Гэхдээ тусгаар тогтнолоо зарласнаас хойш найман удаа дефолт зарласан Аргентины бондод 10 буюу түүнээс дээш хүү санал болгохоо Европын хөрөнгө оруулалтын сан мэдэгдэж байна.

Мозамбик мөн адил. Супер циклийн оргил үед Монголтой нэр харшуулж, хөрөнгө оруулалтын фронт гэгдэж байсан Мозамбик улс 2013 онд авсан 850 сая ам.долларын зээлээ дахин санхүүжүүлэхийг оролдож байна. Эдийн засаг нь нүүрс, хөнгөн цагаан гээд Монголтой адилхан уул уурхайнхаа “халаасанд” орчихсон Мозамбикийн бондод хөрөнгө оруулагчид өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар 10.5 хувийн хүү санал болгожээ.

“2012 онд Монгол Улсын Засгийн газар 4-5 хувийн хүүтэй зээл авч байсан. Гэхдээ одоо нөхцөл байдал огт өөр болчихсон.

Монгол шиг орнуудын эрсдэл бүгд нэмэгдчихсэн. Яагаад гэвэл түүхий эдийн үнэ шалдаа буучихсан” хэмээн Монголбанкны ерөнхий эдийн засагч бөгөөд Судалгаа, статистикийн газрын захирал С.Болд тэмдэглэв. Нэг үгээр “Өнөөгийн нөхцөл байдалтай дасан зохицож амьдар, цаг бүү үр, мөнгөө ол” гэж тэрбээр ярилаа.

Тэрчлэн эх үүсвэр үнэтэй байж болно, гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан үед хүүгийн зардлыг бууруулдаг зөндөө механизм, хувилбар бийг “Credit Suisse” банкны Ази тив хариуцсан бүсийн захирал Али Аббас Алам манай сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэглэж байсан билээ.

Монгол Улсын Засгийн газар 2014 оны арваннэгдүгээр сараас эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг долоо хоног бүр тогтмол арилжиж буй. Энэ сарын 14-нд л гэхэд нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 мянган ширхэг, нийт 10 тэрбум төгрөгийн хоёр жилийн хугацаатай үнэт цаасыг Засгийн газар арилжсан.

Үнэт цаасны өгөөжийн хувь нь 15.5 хувьд хүрсэн. Мөн өдий хэмжээний бондыг өнөөдөр Хөрөнгийн биржээр дамжуулан дахин арилжина.

 Үнэт цаасны өгөөжийн хувь нь 15.5 хувьд хүрсэн.

Нөгөө талаас, сонгууль дөхөхөөр улстөржөөд, эдийн засгаа “нулимах” сонирхол зарим улстөрчид байдаг.

Засгийн газар популистуудаас нууцаар шахуу босгосон энэ хөрөнгө Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөлд “жинхэнэ чихэр” гэдэгт эргэлзэх эдийн засагч үгүй биз ээ. Хэрэв урьдынх шигээ Засгийн газар өмнө нь мэдэгдээд, дэлхийн зах зээлийг зүглэсэн бол зээлийн хүүгийн түвшин долоон хувиар хязгаарлагдах байсан, эсэх нь эргэлзээтэй.

Монгол Улсын Засгийн газар гурван жил завсарласны эцэст олон улсын хөрөнгийн зах зээлд шинэ бонд арилжихаар зэхэж байх үед Г.Уянга нарын гишүүд Засгийн газрын тэргүүнийг огцруулах тогтоолын төсөл өргөн барьснаар бонд босгох бололцоо техникийн хувьд үгүй болж, “Чингис” бондын өгөөж хоёрдогч зах зээлд огцом өссөн гашуун түүх бий. Популистуудын үг хүртэл хөрөнгө оруулагчдын чихэнд хүрдэг эмзэг мэдрэмтгий зах зээлд бид амьдарч байна.

Эцэст нь, Сангийн сайдын аргаа барсан үгийг эшилье. “Дотоодын бонд үнэхээр өндөр хүүтэй болчихоод байна. Үүнийг арай бага хүүтэй гадаад эх үүсвэрээр санхүүжүүлээд, тэр хэмжээгээр эдийн засагтаа “цус сэлбэх”, мөн ам.долларын хангамжийг ч гэсэн сайжруулах алхмыг Засгийн газар л хийхгүй бол өөр хэн хийх вэ дээ”. Өр зээлийн асуудал хөндөхөөр өнөөдөр туйлын хүнд нөхцөлд ирчихсэн мэт яриад байгаа боловч энэ бол өөрөө зах зээлийн эдийн засгийн амин сүнс юм.

Зураг