Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ямба, ялыг хамтад нь нэг намд эдлүүлье

Б.Өнөртогтох
2016 оны 3 сарын 10
Монголын мэдээ
Зураг зураг

Бүх шатны сонгууль болоход гурван сарын хугацаа үлдлээ. Улс төрийн намууд ч хаана хэнийг нэр дэвшүүлэх, жагсаалтаа хэрхэн бүрдүүлэх, ирэх сонгуульд оролцох гол мөрийн хөтөлбөр, уриа лоозон ямар байх талаар хэдийнэ ярилцаж эхэлсэн сурагтай. Ирэх сонгуулиар хоёр нам хоёулаа л тойрогт залуусыг, намын жагсаалтад нэр хүндтэй улстөрчдийг оруулах тактик боловсруулж, намын дарга удирдлагууд нь тойрогт нэр дэвшихээр болсон гэх “бор шувуу” нисэлдэх болов. 

Намын дэргэдэх төрийн бус байгууллагууд байсхийгээд л хэлэлцүүлэг зохион байгуулж иргэдийн саналыг сонсох болсон. Гол, гол хийсэн ажлаа сурталчилж, эсрэг намынхаа талаар сөрөг мэдээллийг идэвхжүүлэх ажилдаа ч намууд ханцуй шамлан ороод буй.

АН-ын гол хийсэн ажил бол 21 аймгийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох болон барилгын салбарт дэмжлэг болсон ипотекийн найман хувийн хүүтэй зээл. Тиймдээ ч сөрөг намын пиар энэ хоёр ажлыг чиглэж эхэлснийг бид бэлхнээ харж байгаа. 

Намын дэргэдэх төрийн бус байгууллагууд байсхийгээд л хэлэлцүүлэг зохион байгуулж иргэдийн саналыг сонсох болсон. 

Харин МАН-ын хувьд хийсэн ажил төдийлөн байхгүй. Гэвч хазгай гишгэсэн мөр, хальтирч хэлсэн үг бүр нь өөрсдийнх нь эсрэг чиглэж байгаа нь мөн л АН-ын сонгуулийн нэгэн пиар гэлтэй. Энэ мэтээр ирэх гурван сарын хугацаанд тэд намдаа ялалт авчрахын тулд олон янзаар суртал ухуулга явуулна.

Хүний санаанд багтамгүй зүйл амлахаа ч мартахгүй. Ирэх 20 жилд Монгол Улсыг итгэмээргүй өөрчлөх талаар мөрөөдлөө ч ярихаа орхихгүй. Шударга дүр эсгэж, олигархи дэглэмийг нураах талаар гуравдагч хүчнүүд ч сайхан сайхан зүйл амлана. Жилийн жилд болдог энэ процесс өнөө жил улам л идэвхжих нь. Яагаад гэвэл, иргэдийн улстөрчдөд итгэх итгэл буурчихсан. Жилээс жилд сонгогчийн идэвх буурч, ирц бүрдэхгүйд хүрч байгаа.

Тиймдээ ч сонгуульд санал авахын тулд сонгогч бидний хулхин дээр цэцэг ургуулах ажлыг бүр нарийн зохион байгуулалттайгаар хийх учраас бид өнөө жил илүү хариуцлагатай, тэр хэрээрээ оновчтой сонголт хийх шаардлагатай болж байгаа юм.

Төрийн төлөө оготно, надгүйгээр энэ улс төр болж л таараа гэсэн сэтгэлгээ хэрхэвч байж болохгүй юм байна, хүмүүс минь. Магадгүй таны өгөөгүй нэг саналын төлөөсөнд өмнөх шиг оймсны цоорхойд хавчуулсан, нэг хүний далбаан дор намирсан, улсаа худалдаж идэхээс бусдыг үзсэн авлигачид төрд шургалж орж ирэх нь дамжиггүй. 

Эсвэл мэдлэггүй, мэдээлэлгүй хэсэгт өдрийн хоолны мөнгө өгчихөөд өөрийнхөө төлөө санал өгүүлэхээ улстөрчид юман чинээ тоохгүй. Хэдийгээр Сонгуулийн хууль чангарсан ч гэсэн хуулийн цоорхой хаана байгааг, хэний саналыг хэдээр худалдаж авах вэ гэдгийг олон жил башир арга хэрэглэж сурсан улстөрчид мэдэхийн дээдээр мэдэж буй. Тиймдээ ч бид өнгөрсөн алдаанаасаа суралцаж, өнөөдрийн сайхан ирээдүйг бүтээхэд миний өгөх санал чухал гэдгийг ойлгох учиртай юм.

Ардчилсан сонгууль болсон 25 жилийн хугацаанд бид олон янзын сонголт хийлээ. МАН-д арай илүү суудал өгч үзсэн. Бас АН-д итгэл үзүүлж байсан тохиолдол ч бий. Гэвч нэг ч удаа дийлэнхийг буюу парламентад дангаар шийдвэр гаргах хэмжээнд аль нэг улс төрийн хүчнийг сонгож байсан удаагүй. 

Шударга дүр эсгэж, олигархи дэглэмийг нураах талаар гуравдагч хүчнүүд ч сайхан сайхан зүйл амлана. 

Тиймдээ ч өнгөрсөн 25 жилийн хугацаанд монгол төрөөр хамтарч, эвсч хангалттай тоглолоо. Монголд сүүлийн 24 жилд 14 дэх Ерөнхий сайд засаг барьж байгаа. Хүнээр нь тоолбол энэ хугацаанд 12 хүн засаг барьжээ гэсэн үг. Нэг Ерөнхий сайдын дундаж хугацаа хоёр жил хүрэхгүй.

Намууд хамтарсны үр дүн ингэж л гарсан хэрэг. Ийм байхад тогтвортой байдал, урт хугацааны хөгжлийн бодлого ярих боломж бий юу. УИХ зөвхөн сайд, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралддаг. Харин улсын хөгжил цэцэглэлт, иргэдийн амьдралд хүлээлт үүсгэсэн хуулийн төсөлд арай илүү суудал авсан нэг нам л сууж ажил хийсэн дүр эсгэсээр гардаг. 

Ганц хүний толгойгоор олон кноп дарагдаж, чанаргүй чансаагүй хууль өдрөөс өдөрт нэмэгдсээр. Өөрт таалагдсан асуудлаа дуу нэгтэй хамтраад хэлэлцдэг атлаа, өөрт ашиггүй хуулийг хэдэн жил сараар ч гацааж болдог гэдгийг бид энэ 25 жилд хангалттай харлаа. Бидэнтэй ижил гараанаас гарсан Казахстан улс өнөөдөр дэлхий дахинтай мөр зэрэгцэн алхах хөгжилтэй орон болчихлоо.

Гэтэл 25 жилийн өмнө ижил гараанаас урагшилсан бид дөнгөж хөгжих эхлэлээ тавьж байгаа нь олон намын тогтолцоо, цаашлаад олонхи бүрдүүлж ажиллаж чадаагүйн хар гай. Тиймдээ ч энэ удаад бид шат шатанд нэг л намд итгэл үзүүлэх сонголт хийх шаардлагатай болж байна. 

Аль нэг нь тээг садаа тавиад суучихгүй, ажил хаяж гүйхгүй, завсарлага нэрээр хуулийн төслийг хэдэн жил сараар гацаахгүй, төрийн ажил урагшлах ганцхан гарц нь нэг намд олонхийг бүрдүүлэх эрх өгөх юм байна. Бүр тодорхой хэлбэл УИХ-ын чуулганыг дангаар хуралдуулж шийдвэр гаргах хэмжээнд буюу 50+1 гэсэн суудлыг нэг намд өгөх явдал юм.

Энэ тохиолдолд хамтрах нэрээр мөнгө хувааж иддэг, луйварддаг, намууд нэг нэгээрээ сайд томилж “тоглодог” явдал арилах учиртай. Олон нам хамтарч УИХ-ыг бүрдүүлэх нь хамгийн чухал юм байна гэж боддог үе бидэнд байсан. Гэвч олон намын улс төрийн тоглолтын үр дүнд л бид сандал суудлын хэрүүлийг л парламентын танхимаас хардаг боллоо. 

Саарал ордон төрийн зөв бодлогыг гаргадаг газар биш төр байгуулж тоглож буй улстөрчдийн хошин үзүүлбэрийн танхим болсон. Парламентад суудал авсан нам болгонд төрийн сайд хэдэн зуугаараа мэндлэхийг л харлаа. Тиймээс ирэх сонгуулиар МАН-ыг, эсвэл АН-ыг дийлэнх олонхи буюу шийдвэр гаргах эрх мэдэлтэй болгож үзэх нэг сонголт байгаа юм. Магад өнгөрсөн хугацаанд олонхи бүрдүүлэх эрх авахдаа хамгийн их бүтээн байгуулалт хийж, олон нам эвсэлд хадаг барьсан ч нийслэлийн өнгө төрхийг 360 градус өөрчилж чадсан АН-д ирэх сонгуулиар илүү их эрх мэдэл өгөхөд болохгүй зүйл үгүй. Тэд дангаараа эрх бариад юу хийж чадахыг харж болох юм. 

Магад өөрсдийн хүслээр дур зоргоороо хяналтгүй шийдвэр гаргана гэж дургүйцэх хүмүүс гарч л таараа. Гэвч Улс төрийн намуудын хуулиа батлаад, ард түмэн хариуцлага ярьдаг, хяналтгүй шийдвэр гаргасан бол эгүүлж татдаг болчихвол дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргээд байх нь юу л бол. Тэгээд ч дараагийн дөрвөн жилд тэд дахиад дүн тавиулна гэдгээ мэдэж байгаа учраас эрх мэдлээ хэтрүүлж хазааргүй давхихгүй нь тодорхой. 25 жилийн хугацаанд хийсэн олон янзын сонголтоос нэг ч бүтэлтэй зүйл гараагүй. Тиймдээ ч нэг намыг дангаар сонгох сонголтыг нэг удаа хийж, ирэх сонгуулиар илүү сайхан амлалт өгснийг нь биш үнэхээр хийж чадах, бас хийж чаддаг гэдгээ харуулсан улс төрийн намыг бид сонгох учиртай. 

Гэхдээ суудлыг нь хувааж биш аль нэг намд хадаг барьж очоод түүнийхээ аманд багтсан, эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах сонголт бүү хийгээрэй. Ямбыг нь эдлүүлсэн шиг эдлүүлчихээд ялыг нь ч асуусан шиг асуух нь зөв юм байна, ер нь. Эс тэгвээс дөрвөн жил нэг хөнжилд хамтдаа “хэвтэж”, хамаг байдгаа хувааж идчихээд дараа нь ялаа ч эдэлж чадахгүй бие биеэсээ бурууг хайсан олон намуудаас үнэндээ залхаж байна. Ийм замаар явбал бид хэзээ ч Азийн бар болох мөрөөдөлдөө хүрэхгүй нь ч тодорхой.

Зураг