Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхсайханы зөв байжээ

Д.Оюун-Эрдэнэ
2016 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

-Тоймчийн үг-

М.Энхсайханы зөв байжээ. Цаг хугацаа бүхний шалгуур гэдэг. Үйл явдал, хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтууд өнгөрсөн хугацаанд Тавантолгой дээр чухам юу болж өнгөрсөн нь зах зухаасаа ил болж байна.

М.Энхсайхан ба Х.Баттулга, Л.Гансүх, Л.Эрдэнэчимэг гээд эрх мэдэл, эрх ашгийн эрс тэс ашиг сонирхолтой талууд юу ярьж, нэгийн эсрэг яаж боорлон дайрч байсныг одоо эргэн сөхвөл хэн нь чухам эх оронч, хэн нь хувийн эрх ашгаа хамгаалагч байсныг таньж мэдэхэд амархан болжээ.

УИХ-ын эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг, “М.Энхсайханы боловсруулсан гэрээ гэмт хэргийн шинжтэй” хэмээн мэдэгдэж, хариуцлага тооцохыг шаардаж байлаа. Харин одоо жинхэнэ гэмт хэрэгтэн хэн байсныг цаг хугацаа харуулж, зарим нэг баримт, нотолгоо дэлгэгдэж эхэлжээ. 

Эдийн засаг элгээрээ хэвтэж, өндийж сэхэх нь хугацаа тодорхойгүй болсон өнөө үед, хэрэв Тавантолгойн төсөл хөдөлсөн бол, хэрэв төмөр замаа тавьчихсан байсан бол, хэрэв .... гэсэн харамслыг одоо хэчнээн хэлээд ч нэгэнт орсон борооны хойноос цув нөмрөв гэгч л болж байна.

Монголчуудаас нэгэнт алдагдсан цаг хугацаа, хөгжлийн боломж, таатай нөхцөл эргэж олдохгүй. Харин улстөрчид хөгжлийн зорилго нэгтэй, эвтэй байвал дахин шинэ боломж гарч ирж магадгүй. Гэхдээ тэр боломжийн нөхцөл өмнөхөөсөө илүү хатуу, хөрөнгө оруулалтын хэмжээ илүү татуу байх болов уу.

Өчигдрийн байдлаар ам. долларын ханш 2,045.88 төгрөгт хүрсэн нь жилийн өмнөх 1,985.51 төгрөгөөс даруй 3.04 хувь өсчээ. Үүнийг дагах үнийн хөөрөгдлийг Засгийн газар хүчээр зохицуулж, ядаж бензины үнийг өсгөхгүй барьж байгаа нь жирийн иргэдийн хувьд бага ч гэсэн нэмэр болж байна. 

Мега төслүүдээ хөдөлгөдөггүй, Засгийн газраас оруулж ирсэн бодлогыг дэмждэггүй, УИХ дээр гацааж,бие биенээ хардаж сэрдсэнээс цаг алдаж өнөөдрийн ийм байдалтай нүүр тулсан. Тэр үед улстөрчдийн хэн ч, юу ч хийгээгүй атлаа одоо бүгдээрээ хямралд анхаарал хандуулж, бурууг бие бие рүүгээ түлхэж буй нь Монгол Улсыг эдийн засгийн төдийгүй улстөрийн хямралын туйлд хүргэх магадлал өндөр байна. 

2017 оноос 4.4 тэрбум долларын өр зээлээ төлж эхлэхийг эрх баригч улстөрчид бүгд мэдэж байсан. Гэтэл тэд өнгөрсөн жил ч, өнөөдөр ч энд тэндэхийн улс оронд  очиж зээл тусламж гуйснаас өөрөөр том төслүүдээ хөдөлгөж,экспортоос валют олоход нэгдэж чадсангүй. 
Хэвлэлийн хуудас сөхвөл, өнөөдрөөс яг хагас жилийн өмнө буюу 2015 оны есдүгээр сарын 24-д М.Энхсайхан “ Бид илүү их “өвдөлт” мэдэрнэ” гэсэн гарчигтай ярилцлага өгч байжээ.

Үүндээ, өнөөдрийн ийм байдалд хүрэхийг урьдчилан харж “Тавантолгой төсөл яваагүйгээс эдийн засагт юу болох вэ?. Нүүрсний салбар уналтад орно. Үнэ ханш өснө. Үндэсний олон компаниуд ажилгүй болно. Өрөнд унана. Банк санхүүгийн байдал муудна. Ажилгүйдлийн хэмжээ өснө. Бидний монголчууд  арьс махан дээрээ бодиттойгоор “өвдөлт” мэдрэнэ. ” хэмээн анхаарч сануулж байжээ. Гэтэл энэ байдал өнөөдөр яг бидэнд тулгараад байна. 

Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгч О.Орхон банкны салбар анх удаа алдагдал хүлээснийг хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн бол Монголын хөрөнгийн зах зээл судлаач Д.Ангар үнэнээ хэлэх цаг болсныг эрх баригчдад ил тод уриалжээ. Улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг хамгийн том институц болох Төв банк ханшаа жолоодож чадахгүйд хүрч нэг ам. доллар 2,040 төгрөг даваад байгаа нь  төгрөгийн чадвар алдагдаж,Монгол Улс дампуурлынхаа ирмэгт өнцөгдөөд буйг сануулсан дохио юм.

Энэ бол улс орныхоо эдийн засаг ямар хүнд болсныг харсаар, мэдсээр байж дуугүй өнгөрч чадахгүй байгаа мэргэжилтэн судлаачид, шинжээч, эдийн засагчдийн улстөржилтгүй үнэний дуу хоолой юм. Харамсалтай нь улстөрчид улс орныхоо энэ хэцүү байдалд дөрөөлөн сонгуулийн амлалт, бие биенээ үгүйсгэж муулах, нэг нэгнээсээ дээр гарах гэж ам хэлээрээ уралдацгааж байгаа нь сонгуулийн дараа Монгол улс орших уу эс орших уу гэсэн айдас төрүүлж байна. 

Эдийн засагт шинэчлэл хийх үүрэг хүлээсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газар эхнээсээ л мега төслүүдийг хөдөлгөх бодлого баримталсан. 
Монгол Улсын сайд гэх яамгүй сайдын албан тушаалыг бий болгож мега төслүүдээ хөдөлгөх ганц л үүрэг өгсөн.

Энэ албан тушаалд  томилогдсон М.Энхсайхан Тавантолгой болон түүнтэй адитгах мега төслүүдийг Монгол Улсын язгуур эрх ашигт нийцүүлэн, олон улсын жишиг болон Монгол Улсын хуулийн дагуу, ашигтайгаар хөдөлгөх далайцтай ажлыг хийж эхэлсэн.

 Мега төслийн хувьд энэ төсөл Тавантолгой, Оюутолгойтой шууд амин холбоотой. 

Гэвч “шилтэй” зүйрлэдэг хамгийн эмзэг энэ ажлыг хариуцаж буй түүний хийсэн, ярьсан бүхнийг шүүмжилж, гацааж, унагаж бахаа хангахаас өөр ажил хийлгээгүй. Ийм байхад мега байтугай минитөсөлд хэн итгэж, хэн хөрөнгө оруулахыг хүсэх юм бэ? 

Тавантолгойн цахилгаан станцын  төсөлд Японы Марубени корпорацийг шалгаруулсан гэх сайн мэдээг зарлаад удаагүй байна. Бас улстөржиж, хэн нэг эрх мэдэлтний  ашиг сонирхол нөлөөлөхгүй бол тавдугаар сараас хэрэгжих учиртай. Гэвч эрх баригчид хэрхэн хүлээн авахыг таашгүй.

Тендерт шалгарсан Марубени хэрэгжүүлж чадна, улстөрчид үймүүлж бас чадна. Мега төслийн хувьд энэ төсөл Тавантолгой, Оюутолгойтой шууд амин холбоотой. Энэ төслийг дангаар нь  хэрэгжүүлснээр одоогийн ийм байдалд ортлоо сөхөрсөн эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадах эсэх нь эргэлзээтэй.

Учир нь Тавантолгой болцогц төсөл. Тиймээс хөрөнгө оруулалт, төмөр замын асуудлыг эцэслэн шийдээгүй байж Цахилгаан станцыг эхэлж барьсан ч говийн ганц хайлаас шиг ёрдойж үнэгүйдэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс Тавантолгойн асуудлыг хамтад нь цогц шийдэж байж мега хэмжээнд хүрч улс орны эдийн засагт үр өгөөжөө өгнө.

Гэтэл Тавантолгойн цогц төслийн “толгой” гэж хэлж болох хөрөнгө оруулагчидтай байгуулах амин гэрээг УИХ-ын Ажлын хэсгийн шахалтаар Засгийн газар буцаан татсанаас хойш бүр мартагдчихаад байгаа. УИХ-ын дарга З.Энхболд “Хөрөнгө оруулалтын гэрээг дараагийн Парламентад үлдээлээ” хэмээн бахархалтайгаар мэдэгдсэнээс үзвэл АН-ын энэ УИХ, Засгийн газрын үед лав шийдэгдэхээсээ өнгөрсөн.

Тэгэхээр Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2017 онд төлөх ёстой их өрөөсөө өмнө даруй нэг тийш болгон шийдэж, эдийн засгийг өндийж сэрээх амь тариа болгох өндөр хариуцлага дараагийн Парламентад ногдож байна. Тавантолгойн төмөр замыг анх ярьж эхэлсэн  10 жилийн өмнө л барьчихсан байсан бол нүүрсний салбар бүрэн зогсож, нүүрсний экспорт өнөөдрийнх шиг 20 ам.доллар буюу duty free-гийн ганц тамхиний үнээр үнэлэгдэх үнсний үнэ цэнэтэй  болохгүй байх байлаа.

Тухайн үед үндэсний компани өөрсдийн хөрөнгөөр, эрсдэлээ үүрч төмөр зам тавьж тодорхой хугацааны дараа 51 хувийг улсад үнэ төлбөргүй шилжүүлье гэхэд  эсэргүүцэж, шүүмжлээд байсан.

Тэгсэн атлаа одоо болохоор Хятадын Экспорт-Импорт банкнаас 1.3 тэрбум долларын зээл авч, татвар төлөгчдийн нуруун дээр ачаа нэмсэн өр тавьж Гашуунсухайт хүртэл төмөр зам тавихаар гуйж гувшиж эхэлсэн нь хэний “эх оронч” бодлого вэ?

Улстөржилт, популист хийрхэл өнгөрсөн хугацаанд Монголд сайн зүйл авчирсангүй. 

Уг нь М.Энхсайхан сайдын хэлснээр Тавантолгой бол Монголын мега төслүүдийг хувьд мөс зүсэгч,  гол хөдөлгөгч хүч нь байсан. Тиймээс бид алдаа, оноо дээрээ суралцаж, цаашид мэргэжлийн эдийн засагч, судлаачдынхаа үгийг үнэлж, төр засгийн бодлогоо улстөрчдийн биш мэргэжилтнүүдийн санаа оноо дээр тулгуурлан гаргадаг болмоор байна.

Улстөржилт, популист хийрхэл өнгөрсөн хугацаанд Монголд сайн зүйл авчирсангүй. Хэн ч юу ч хожсонгүй, боломжоо хангалттай алдлаа. Харин мэргэшсэн судлаач, шинжээч, мэргэжилтнүүдийн үг, санаа оноо, байр суурь улс орны болон дэлхийн чиг хандлагад тулгуурласан алсын хараатай, үнэн зөв, бодит байдгийг л мэдрүүллээ.