Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хан ресурс Монголын Засгийн газартай ТОХИРОЛЦООНД хүрснээ зарлав

ikon.mn
2016 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монголын Засгийн газрын эсрэг хэрэг дээр арбитрийн шүүхэд ялалт байгуулсан "Хан ресурс" компани хохиролтой холбоотой нөхөн төлбөрийг төлж барагдуулах, шийдвэрлэх тал дээр Монголын засгийн газартай харилцан тохиролцсон хэмээн компанийн зүгээс мэдээллээ.

Монгол Улсын Сангийн сайд Б.Болорын мэдэгдсэнээр “Монголын Засгийн газар, Хан ресурсын хооронд олон улсын арбитрын шүүхтэй холбоотой бүх асуудлуудыг үр ашигтайгаар харилцан шийдвэрлэх хэлэлцээрт хүрсэн. Энэ нь Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хүчин чармайлт гаргаж буйг харуулах болно” гэсэн байна.

Шүүхийн асуудал нь 2009 онд манай улсын засгийн газраас "Хан ресурс" ХХК-ийн Дорнод аймагт эзэмшиж байсан ураны тусгай зөвшөөрлийг цуцалснаар дээрх маргаан үүссэн. Улмаар Монголын засгийн газар Олон улсын арбитрын шүүхэд дуудагдаж, хоёр жил дамнан үргэлжилсэн шүүх хурал эцэслэн шийдэгдсэн юм.

Шүүх хурал 2012 оны тавдугаар сард Францын Парис хотод эхэлсэн. Олон улсын арбитрын шүүх "Хан ресурс" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч,  Монголын Засгийн газар Эрчим хүчний гэрээ, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзжээ. Арбитрын шүүх "Хан ресурс" компанид учруулсан хохирлыг компанийн шинжээчдийн гаргасан тайланд бус ТЭЗҮ-д зарцуулсан хөрөнгийн одоогийн өртгөөр тодорхойлжээ. Монголын засгийн газар 2009 оны долоодугаар сард тус компанийн ураны тусгай зөвшөөрлийг цуцалснаар "Хан ресурс"-т 80 сая ам.долларын хохирол учирсан гэж үзээд, дээр нь Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь  2 хувь төлөх ёстой гэж шийдсэн байна. Түүнчлэн арбитр, өмгөөллийн зардал болох 9.1 сая ам.долларыг "Хан ресурс" ХХК-д бүрэн олгох шийдвэр гаргаж байсан юм.

Мөн өнгөрсөн 7 хоногт компанийн зүгээс “Khan Resources” компани Канадын Засгийн газарт хандан "Монголын Засгийн газар арбитрын торгуулиа төлөх хүртэл" Монголд үзүүлж байгаа зээл, тусламжаа зогсоох хүсэлт гаргасан байна. Канадын Засгийн газар Монгол Улсад жилд 4 сая канад долларын тусламж үзүүлдэг гэж тус улсын хэвлэлд онцолж байсан юм. 

Эх сурвалж: Эгүлэ Капитал 

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч компани юм.

Хувийн хэвшил, төрийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн харилцагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилтуудыг даван туулахад оновчтой мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллах нь бидний гол зорилго. Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн байр сууриа чадавхижуулахад тусална.