Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

П.Сүхбаатар: Жижиг мөнгөн дэвсгэртүүд үнэгүйдэж байна

Б.Төрбат
2016 оны 2 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг

Мөнгө бол баялаг биш, гэхдээ баялгийг бүтээхэд тусалдаг гэдэг. Тусгаар тогтносон ихэнх улс, орон үндэсний мөнгөн тэмдэгттэй бөгөөд энэ нь төлбөр тооцооны хэрэгсэл болохоос гадна өртгийг хадгалах гэсэн үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Гэтэл сүүлийн үед иргэдийн дунд “Хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гарлаа” гэх яриа гарах болов.

Тэр ч битгий хэл, эдийн засаг хүнд, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа өнөө цагт Засгийн газар болон Монголбанкыг “Нууцаар мөнгө хэвлэчихлээ” гэж хардах хүн ч ганцаар зогссонгүй. Үүн дээр нь зарим эдийн засагч Засгийн газрыг 2012 оных шигээ мөнгө хэвлэхээс өөр замгүйг тодотгож, гал дээр тос нэмэв.

Харин асуудлыг нягталж үзэхэд өнгөрсөн 2014 оны нэгдүгээр сард Монголбанк 10 болон 20 төгрөгийн дэвсгэртийн зарим нууцлалыг цөөлж, шинээр хэвлэсэнтэй холбоотой аж. Гэхдээ хуулийн хүрээнд гэдгийг нь тодотгох хэрэгтэй бөгөөд иргэд мэдээлэл муу авснаас болж, ийнхүү Засгийн газар төдийгүй Монголбанкыг хардахад хүрчээ.

Тиймээс дээрх мэдээлэлд дахин хариулт өгөх үүднээс Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын дарга П.Сүхбаатартай уулзаж, дараах тайлбарыг авлаа. 

-Жижиг мөнгөн дэвсгэрт болох 10, 20 төгрөгийн нууцлалыг багасгасан ч иргэдэд мэдээлэл муу өгснөөс болж “Хуурамч мөнгө гүйлгээд гарлаа” гэх яриа гарахад хүрлээ. Иргэдийн эргэлзээг тайлах үүднээс энэ талаар дахин тодорхой мэдээлэл өгнө үү?

-Өнгөрсөн 2013 оны сүүлээр жижиг мөнгөн дэвсгэртийн нөөц дууссан. Тиймээс 2014 оны нэгдүгээр сард багахан хэмжээгээр хэвлүүлсэн.

Өнгөрсөн 2013 оны сүүлээр жижиг мөнгөн дэвсгэртийн нөөц дууссан.

Өөрөөр хэлбэл, 10 болон 20-тийн дэвсгэртийг шинээр хэвлэлтэд өгсөн. Ингэхдээ мөнгөн дэвсгэрт дээр байдаг усан хээ болон ялтсан утас зэрэг гурван нууцлалыг нь хассан.

-Шалтгаан нь?

-Хуучин жижиг дэвсгэртийн нууцлал их байсан. Өөрөөр хэлбэл, том дэвсгэрттэйгээ адилхан олон төрлийн нууцлалтай байсан шүү дээ. Энэ ч утгаараа хэвлэлтийн зардал нь өндөр, өөрөөр хэлбэл 10 төгрөгийг хэвлэхэд 20 мянган төгрөгтэй адил өртгөөр хэвлэдэг байсан. 

-Ердөө л өртөг нь өндөр болохоор нууцлалыг нь цөөлсөн гэсэн үг үү?

-Тийм ээ, гэхдээ шинээр хэвлэсэн дэвсгэртийг огт нууцлалгүй мэтээр ойлгох нь өрөөсгөл юм. Ердөө л санхүү, төсвөө хэмнэх гэж л хассан. Тэгээд ч иргэд харьцангуй бага хэрэглэдэг. Дээрх гурван нууцлалыг хасчихаар зардал нь тодорхой хэмжээнд багассан л даа.

-Нууц биш бол яг хэдэн хувиар багасав?

-Ямар ч л байсан хуучин өртгөөсөө хамаагүй бага болсон.

-Жижиг дэвсгэртийг хэвлүүлэхэд зардал өндөр, иргэд ч бага хэрэглэдэг гэлээ. Тэгвэл бүр гүйлгээнээс гаргачихаж болдоггүй юм уу?

-Тодорхой хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгаа. Гүйлгээнээс гаргачих юм бол иргэд л хохирно.

-Яагаад тэр вэ?

-Хариулт мөнгө байхгүй болно. Өөрөөр хэлбэл, иргэд хариулт мөнгө авахгүй гэсэн үг. Тэгээд ч гүйлгээнд байх ёстой гээд хуульчилсан болохоор бид дураараа шийдэж болохгүй, тийм ч эрх байхгүй.

-Ингэхэд нууцлалыг нь багасгахын хажуугаар цаасыг нь өөрчилсөн юм уу. Учир нь шинэ мөнгөн дэвсгэртийн цаас нь их нимгэн, бас арай бүдэг өнгөтэй юм билээ?

-Үгүй ээ, цаасыг нь огт өөрчлөөгүй. Яах вэ, өмнөх 10, 20-тийн дэвсгэрттэй нь харьцуулахад өнгө нь бага зэрэг цайвар байгаа л даа. Гэхдээ өнөө л хөвөнгөөс гаргаж авдаг цаас хэвээрээ шүү дээ.

-Тэгвэл хуурамчаар хэвлэх боломжгүй байх нь ээ?

-Олон улсын хэмжээнд жижиг мөнгөн дэвсгэртийг хуурамчаар хийх боломжгүй. Тэгээд ч манай улсад боловсруулсан цаас нь байдаггүй. Тиймээс хуурамч мөнгөн дэвсгэртийг ялгахад их хялбар юм.

-Гэхдээ мөнгөн дэвсгэртийн нууцлалыг УИХ-аар хэлэлцэн баталдаг шиг санагдах юм. Жижиг мөнгөн дэвсгэртийн нууцлалыг багасгах зөвшөөрлийг хаанаас, хэн өгсөн юм бэ?

-Нууцлалыг багасгаж, нэмэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх. Харин мөнгөний масштаб болон хэмжээ, дотор нь байгаа хөрөг зураг зэргийг нь УИХ-аар хэлэлцэн баталдаг.

-Монгол төгрөгийн насжилт хэдэн жил байдаг юм бэ?

-Өнөөдрийн байдлаар бол Монгол төгрөгийн дундаж насжилт 3-4 жил байна. Өмнө нь 2.5 жил гэж үздэг байсан. Одоо бол цаасны чанар сайжирсан. Дээр нь иргэдийн мөнгөтэй харьцах харилцаа нь ч соёлтой болсон байна. Нөгөөтэйгүүр бид жижиг дэвсгэртүүдийг устгах нь харьцангуй бага. Учир нь, манайд буцаад орж ирдэггүй.

-Яагаад?

-Хүмүүс эдийн засагтаа гэхээс илүү өөр зүйлд түлхүү хэрэглэж байна. Тухайлбал, шашин, уул овоон дээр тавьж байна. Эсвэл түрийвч, авдрандаа хадгалж байна л даа.

-Өөрөөр хэлбэл, үнэгүйдэж байна гэсэн үг үү?

-Яг тийм. Үүнээс болж жижиг мөнгөн дэвсгэртийн хомсдол бий болох жишээний. Гэсэн ч бид бүрэн хангаж байгаа. Ямар нэгэн байдлаар дутагдсан зүйл байхгүй.

-Танайхаас мөнгөний тоо, ширхэгийг яаж зохицуулдаг юм бэ?

-Маш нарийн л даа. Цаанаасаа бүгд серийн дугаартай. Хэдэн төгрөг гарчихаад орж ирэхгүй байна гэдэг нь мэдээллийн санд байдаг. Дээр нь банкууд захилга өгдөг. Энэ мэтчилэн бид нөөцөө тооцож, шаардлагатай бол хэвлэдэг.

-Манай улс мөнгөн тэмдэгтээ гадаадад өндөр өртгөөр хэвлүүлдэг гэж сонссон. Гэсэн атлаа хэвлэх компанийг нь сонгон шалгаруулалтаар тендер зарлаж тодруулдаг гэх юм. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Бид гадаадад тендер зарладаг. Монгол төгрөг бол маш нарийн технологиор хийгддэг. Маш их өндөр зардалтай. Үүнийг хэвлэдэг хэдхэн газар бий. Тухайлбал, Герман, Англи, Франц, Япон улсад л байна. Дэлхийн ихэнх орны мөнгийг дээрх орны компаниуд л хэвлэдэг. Бид гадаад тендер зарлаж, сонгон шалгаруулалтаар тодруулдаг. Тухайн компаниуд бол улсын шаардлага хангасан, мөнгө хэвлэх эрхтэй байдаг.

-Мөнгө хэвлэх болгондоо л сонгон шалгаруулалт зарладаг гэсэн үг үү?

-Тийм.

-Нэг үгээр бол нэг компанитай нь гэрээ байгуулчихаад тодорхой хугацааны турш хэвлүүлнэ гэсэн ойлголт байхгүй гэж ойлголоо, зөв үү?

-Олон улсын жишгийг харахаар чиний ярьж байгаа шиг зүйл бий л дээ. 10 жилийн тогтмол гэрээ байгуулчихсан байх жишээний. Гэхдээ ийм зүйл манайд харьцангуй шударга бус л даа. Тэрхүү гэрээний хугацаанд эдийн засаг яах билээ, Шинэ технологи, нууцлал гарч ирэхэд яах билээ гэдгээс авахуулаад асуудал их байдаг.

Зураг