Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

ЕБС-д САНХҮҮГИЙН боловсрол олгоно

ikon.mn
2016 оны 2 сарын 18
iKon.MN

Зах зээл эрчимтэй хөгжиж өдөр тутамд бид санхүүгийн шинэ бүтээгдэхүүнтэй танилцах шаардлагатай болсон энэ цаг үед иргэдийнхээ санхүүгийн боловсролыг дээшлүүлэх нийгмийн хэрэгцээ шаардлага байгаа юм. Монголбанк, Сангийн яам, Боловсролын яам болон Санхүүгийн Зохицуулах Хороо, хамтран Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяртай ярилцлаа. 
 

БСШУЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр

-Энэхүү хөтөлбөрийн тухай яриагаа эхлэх үү?

-“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулан Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дэмжин улмаар 10 дугаар сарын 7-ны өдрийн хамтарсан тушаалаар баталсан нь энэхүү хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх эхлэлийг амжилттай тавиад байна.

Хамгийн чухал нь хувь хүн санхүүгээ өөртөө итгэлтэй удирдах юм.

Хөтөлбөрийг боловсруулахад дэлхийн хөгжлийн чиг хандлага, олон улсын туршлага төдийгүй өөрийн орны онцлог байдал, хүн амын санхүүгийн мэдлэгийн түвшинг харгалзан үзэж хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл, зорилго, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг тодорхойлсон. Хөтөлбөрийг сургуулийн насанд санхүүгийн мэдлэг олгох, залуу үед санхүүгийн мэдлэг олгох, хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох, цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр санхүүгийн мэдлэг олгох дөрвөн тэргүүлэх чиглэлд хэрэгжүүлнэ.

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдийн санхүүгийн сахилга бат сайжирч, санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадвар дээшилж, урт хугацаатай хуримтлал болон санхүүгийн хөрөнгө оруулалт  нэмэгдэж, санхүү, банкны системд итгэх олон нийтийн итгэл дээшилж, цаашлаад Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлт хөгжилд бодитой хувь нэмэр үзүүлнэ. Хамгийн чухал нь хувь хүн санхүүгээ өөртөө итгэлтэй удирдах юм.

Санхүүгийн оновчтой шийдвэр гаргадаг, санхүүгийн сахилга баттай, хуримтлуулагч иргэнийг төлөвшүүлэх зорилготой ерөнхий боловсролын сургуульд “Бизнес судлал” хичээл орно.

-Яагаад санхүүгийн боловсрол чухал байдаг вэ? 

-Ихэнх өсвөр насны хүүхдүүд мөнгө удирдах чадварыг эцэг эхээсээ суралцдаг. Хүүхдүүд эцэг эхийнхээ гаргаж буй санхүүгийн шийдвэрүүдийг харж тэдний арга барилыг дуурайж, алдаа оноог нь ч мөн адил давтдаг. Тиймээс оюутан залуус, бага насны хүүхдэд санхүүгийн мэдлэгийг үе шаттай олгох нь тэд ирээдүйд хэн болох, хэрхэн хуримтлал үүсгэх вэ гэдэгт суралцахад дөхөм болно.

Мөн санхүүгийн чадавхи бэхжсэнээр эдийн засгийг бүхэлд нь дэмжиж, хэрэглээг биш хуримтлалыг чухалчлах, иргэдийн хадгаламж нэмэгдэж, өр багасч, хувь хүний ажлын бүтээмж нэмэгдэнэ, түүнчлэн хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн тоо өснө, даатгалтай иргэдийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ гэмт хэрэг, ядуурлын түвшин буурна гэх мэтээр олон давуу талууд харагдаж байгаа. Төрөл бүрийн санхүүгийн залиланд ч өртөх нь ч багасах юм. 

-Олон улсын түвшинд дэлхийн хичнээн оронд энэхүү хөтөлбөр хэрэгжиж байгаа вэ?

-Санхүүгийн суурь мэдлэг иргэддээ олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нийт 50 улсыг энд нэрлэж болж байна. Их Британи, АНУ, Испани, Австрали, Чех, Австрали, Бразил, Япон, БНСУ, ОХУ гэх мэт улсууд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эдгээр улс орнуудтай мөр зэрэгцээд Монгол Улс Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг олгох үндэсний хөтөлбөрийг Монголбанкнаас санаачлан Сангийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж байгаа нь маш чухал үйл явдал гэж харж байна.

- Сурагчдад хэдэн наснаас санхүүгийн мэдлэг олговол зүгээр бол. Цэцэрлэгээс эхлэх үү, эсвэл дунд ахлах ангиас явуулбал зүгээр болов уу? 

-Монгол Улс харьцангуй залуу орон. Сайн туршлагаас суралцах ёстой. Нөгөө талаар Монгол Улсын боловсролын систем их боловсронгуй. Хүүүхэд бүрийг хамарч чадсан байдаг. Тиймээс сургуулийн наснаас нь эхэлвэл зүгээр. Хүүхдүүдэд нас насны онцлогт нь тулгуурлан санхүүгийн боловсрол олгох нь зөв юм. Хүүхдийн нэвтрүүлэг, хичээлээс гадуур унших боломжтой комикс гэх мэтээр маш энгийн байх тусмаа л ойлголт авах нь хурдан байна.

-Хөтөлбөрийн хүрээнд БСШУЯ-аас одоогоор ямар ажлуудыг авч хэрэгжүүлж байгаа вэ? 

-Иргэн болон улс орны нийгэм, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд хүүхдэд бага наснаас нь санхүү, бизнесийн боловсрол олгох нь нэн чухал байдаг. Үүнд: санхүүгийн оновчтой шийдвэр гаргадаг, санхүүгийн сахилга баттай, хуримтлуулагч иргэнийг төлөвшүүлэх, иргэдийн санхүүгийн боловсролын ялгааг арилгахад Ерөнхий боловсролын “Бизнес судлал” хичээлийн сургалтын цөм хөтөлбөрийг эхлүүлээд байна. Энэхүү хичээл нь 10,11,12-р ангиудад орохоор төлөвлөгдөсөнөөр одоогоор 10 дугаар ангид туршилтын шатанд явж байна. Цаашид бага болон суурь ангиудад санхүүгийн мэдлэг олгохоор хичээлийн хөтөлбөрт оруулах зорилтыг тавиад байна. 

 

Г.Саруул