Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ноён ногооны галзуурлыг хэн хазаарлах вэ

Б.Эрхэс, Монголын мэдээ
2016 оны 2 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг

Сар шинийн өмнөхөн эдийн засагт эерэг мэдээ олон дуулдаж байлаа. Инфляци нэг оронтой тоонд хүрсэн учраас ипотекийн зээлийн хүү буурч таван хувьд хүрэх тухай яриа иргэдийг баярлуулсан. Сар шинийн өмнөхөн Гацуурт гацаанаас гарч, улмаар олборлож эхэлсэн өдрөөсөө л төсөвт мөнгө орж ирнэ гэсэн том итгэл байлаа. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлчихсэн гэх мэтээр тоочоод байвал барагдахгүй. Гэвч сар шинийн дараа энэ бүх шийдвэр зөвхөн хүлээлтийн байдалд шилжих нь тэр. 

Эрх баригч нам сонгуулийн шоу болгож орхисон ипотекийн зээлийн хүүгээ таван хувьд хүргэх эсэх талаар тодорхой мэдээлэл ч өгсөнгүй. Бүр өмнө нь найман хувийн зээл авсан иргэдийг таван хувьд шилжүүлэхгүй гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа гарч иргэдийн талцуулж эхлээд байгаа юм. Гацаанаас гарсан гэх Гацууртын асуудлаар шүүх цагдаа болж мөн л хүлээлтэд шилжих нь тэр.

Оюутолгойгоос орж ирэх мөнгө хэзээ эдийн засагт маань амь тариа болохыг мэдэхгүй хүлээсээр. Цаашлаад популист гишүүдийн хар гайгаар Засгийн газрыг огцруулах асуудал олон улсын хөрөнгийн биржид гаргах Мазаалай бондын хувь заяанд нөлөөлж, бонд гаргах асуудал тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Хөгжлийн банк луйвар хийсэн гэх худал үнэн нь мэдэхгүй ярианаас үүдэж бондын ханш олон улсад 20 хувиар буурчихсан дүн мэдээтэй бид бичин жилийг угтлаа.

Бүртгэл статистикийн газар хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспорт буурсан, ажилгүй иргэдийн тоо өссөн гэх мэт дандаа хар бараан мэдээлэл өгчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2016 оны нэгдүгээр сарын эцэст 872.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаасаа 3.1 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар өссөн байна. Харин өмнөх оны мөн үеийнхээс 215.5 тэрбум төгрөг буюу 32.8 хувиар өсчээ.

“Economist” сэтгүүл дээр хамгийн их өрийн дарамтад орсон орны жагсаалтад бид Африкийн Зимбабвэ улсын дараа бичигдсэн тухай мэдээлэл цахим сайтуудаар тархаж, Монгол Улсын өр минут секундаар нэмэгдэж байгаа мэдээлэл цацагдаж эхэлжээ. 

Дэлхийн зах зээлд нэг баррель нефтийн үнэ 33.96 ам.доллартай тэнцэж байгаа учраас шатахууны үнэ үүнээс ч хямдрах учиртай. 

Энэ мэтээр эдийн засагт эерэг гэхээс илүүтэй дандаа сөрөг бараан мэдээлэл идэвхжиж байна. Ядахад яр гэгчээр, энэ бүх таагүй мэдээлэлтэй зэрэгцэн ам.долларын ханш ёстой галзуурч эхлэх нь тэр. Шинэ оноос хойш эрчимтэй өсч эхэлсэн ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2,020 төгрөгт хүрчээ. Хоёрдугаар сарын 15-ны байдлаар Монголбанкнаас ам.долларын нэрлэсэн ханшийг 2,020 төгрөгөөр тогтоосон аж.

“Найман шарга” зэрэг валютын захад 2,025 төгрөгт хүрсэн байна. Монголын эдийн засагт ганцхан гэрэлтэй мэдээлэл байгаа нь шатахууны үнэ литр тутамдаа 80 төгрөгөөр буурсан явдал. Дэлхийн зах зээлд нэг баррель нефтийн үнэ 33.96 ам.доллартай тэнцэж байгаа учраас шатахууны үнэ үүнээс ч хямдрах учиртай. Гэхдээ дандаа бараан мэдээлэл дунд ганц ч гэсэн гялтайж харагдаж байгаа нь шатахууны үнийн бууралт байгаа юм.

2016 оны төсвийг батлахдаа ам.долларын ханшийг 2,030 төгрөг байхаар баталсан. Тэглээ гээд ам.долларыг 2,030 заавал хүргэнэ гэсэн үг биш. Сонгуулийн мөчлөгтэй жил учраас яах аргагүй алдчихлаа. Гэхдээ 2,030 дотроо барьсан гэсэн ядмагхан хариулт өгч суухаас сийхгүй хүмүүс эрх баригчид дунд олон. Ам.долларын ханш эрчимтэй өсч байгаа олон шалтгаан бий.

Монгол түмний уламжлалт баярын үеэр эдийн засгийн идэвхжил нэмэгдсэн. Төв банк энэ үеэр бэлэн мөнгө хэвлэж, улмаар валютын эх үүсвэргүй атлаа бэлэн мөнгө хэвлэсэн алхам нь ам.долларын ханшийг өсгөх том шалтгаан болсон гэх дүгнэлтийг зарим эдийн засагчид хийгээд байгаа аж.

Эдийн засгийн идэвхжлийн үед валютын эх үүсвэр бага байх нь төгрөгийн ханшийг сулруулж, валютын ханшийг хөөрөгдөх шалтгаан болдог гэсэн дүгнэлтэд зарим эдийн засагчид хүрчээ. Тухайлбал, эдийн засагч Н.Дашдаваа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Цаасан мөнгөний нийлүүлэлт төгрөгийн ханшийн сулруулдаг.

Доллар дахиад жолоогүй болно гэсэн үг. Үүний үр дүнд доллар 1,000 төгрөг болох биш 2,000 давна. Гадаад худалдааны балансын алдагдал гарна. Энэ нь валютын ханш чангарах, огцом хэлбэлзэх байдлаар эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлнө” хэмээн барилгын зах зээлийг дангаар дэмжих байдлаар Төв банк мөнгө хэвлэх нь ямар эрсдэл дагуулдгийг ярьсан байх юм. 

Нөгөө талаар дээр хэлсэнчлэн ипотекийн зээлийн хүүг бууруулах, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтаас орж ирэх 4.4 тэрбум ам.доллар, Гацуурт гацаанаас гарлаа гэсэн сэтгэлийн хөөрлөөр хийсэн олон янзын мэдээлэл хүлээлтэд шилжиж, улмаар долларын ханш дүйвээнээр өсч байгаа тал бий.

Хамгийн чухал нь Монголд өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалт алга. Дэлхий даяар хөрөнгө оруулалт буурчихсан, нүүрс, алт, зэсийн үнэ уначихсан үед бид харин ч 4.4 тэрбум ам.долларыг Оюутолгойнхоо хүчээр дэлхийгээс олж ирлээ хэмээж байгаа ч энэ мөнгө хэзээ эдийн засагт орж ирэхийг хэлэхэд эрт байгаа юм.

2016, 2017 онд Чингис бондын эргэн төлөлтийг хийх учиртай. Гэтэл тэр мөнгийг хаанаас олох нь тодорхой бус. Эдийн засагчид 500 сая ам.доллар нь бэлэн байгаа гэж ярьдаг. Гэхдээ хаана хэний дансанд байгааг тэд ярьдаггүй. Мэдээж дахин зээл авах, бонд босгох зэргээр хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх замаар 2016 оныг бид дуусгах нь тодорхой. Том ордуудаа хөдөлгөх тухай яриа гарч, хөдөлгөдөг ч улстөрчдийн бэлэн амладаг шиг мөнгө ороод ирдэггүй гэдгийг энэ мэт хүндхэн шийдвэрүүд харуулсаар байгаа юм. 

Өнөө жил сонгууль болно. Тэр ч утгаараа эдийн засагт эерэг шийдвэр гаргах гэхээс илүү өр төлбөр, огцрох огцрохгүйн тухай асуудал даамжирч тэр хэрээр эдийн засагт улам бүр хэцүүхэн үетэй нүүр тулна. Зэсийн үнэ энэ хэвээр өсөхгүй уналттай байвал оны төгсгөлд бид өөдрөгөөр төсөвлөсөн зэсийн үнийн зөрүүнээс үүдэж төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй байдалд орно.

Энэ мэтээр бичин жилийн барцад эдийн засгийн хүндрэлээр илэрч эхлээд байгаа юм. Харин үүний эсрэг гараа хөдөлгөж байгаа хүн одоогоор алга. Эрх баригч нам ард түмэнд таалагдах шийдвэр гаргахаа л урьтал болгохоос биш эдийн засагт ямар хүнд дарамтууд ар араасаа ирж байгааг, тэдний бодлогогүй хэлсэн хийсэн үйлдэл ямар үр дүн авчрахыг ойлгохгүй. Улсын хөгжил, улс орны эдийн засаг огтхон ч хамаагүй болсон МАН-ынханд ам.долларын ханш өсөх тусмаа л сайн. 

Доллар, өр хоёроор оноо авах гэж тэд өглөө болгон өсчихсөн байгаасай гэж залбирдаг гэхэд хэтийдэхгүй. Төв банк өсөлт юунаас шалтгаалж байгаа, зогсоохын тулд юу хийх ёстой талаар гараа ч хөдөлгөхийг хүсэхгүй суугаа нь илт. Засгийн газар жалга довны хэрүүл, нэг намын даргын сайдын суудлыг анхаарахаас бус америк долларын нөлөөнд автчихаад байгаа улсынхаа эдийн засгийг солонгоруулах, хөрөнгө оруулалт татах, бондын эргэн төлөлтийн асуудлыг анзаарах сөхөөгүй явна. Үр дүнд нь Монгол Улсын эдийн засаг улам бүр л ноён ногооноос хамааралтай болж, монгол төгрөгөөр тун удахгүй литр ус ч авч дийлэхгүй болох нь ээ. 

Зураг