Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

М.Сурахбаяр: Багш нар компьютертай болсон нь сургалтад сайнаар нөлөөлсөн

БСШУСЯ
2016 оны 1 сарын 27
БСШУСЯ
Зураг зураг

Боловсролын салбарт шинэчлэлийн ажил өрнөөд дөрөв дэхь жилтэйгээ золгож байна. Харин энэхүү ажил Говь-Алтай аймагт хэрхэн хэрэгжиж буй талаар тус аймгийн Боловсрол, соёлын газрын дарга М.Сурахбаяртай ярилцлаа.


  -Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийн ажлууд танай аймагт хэрхэн хэрэгжиж байна вэ. Ажлын явц  ямар байна. Мөн Говь-Алтай аймгийн Боловсролын газраас яг ямар асуудал дээр түлхүү анхаарч ажиллаж байна вэ?

-Шинэчлэлийн хөтөлбөрийг манай аймгийн бүх сургуулийн багш нар талархан дэмжиж байгаа. Мөн  хөрсөн дээр буулгах гээд  идэвхийлэн ажиллаж байна. Боловсролын салбарт хийж буй энэ шинэчлэл хүүхдэд маш их хэрэгтэй гэдгийг эцэг, эхчүүд  ойлгож бидний ажилд их  дэмжлэг үзүүлж байгаа.  Тиймээс аймгийнхаа хүрээнд тус шинэчлэлийг  дэмжих үүднээс сургалтын чанарыг сайжруулах дэд бүтцийг баталсан.

Ингэснээр  сурагч бүрийнхээ авьяас, чадварыг нээхэд анхаарч ажилладаг болсон.  Өнгөрсөн онд 300 сая орчим төгрөгөөр аймгийн хүрээнд дээрх дэд бүтцийн ажлуудыг хийсэн. Мөн боловсролын яамнаас хэрэгжүүлсэн багш бүрийг компьютержүүлэх аянд их талархаж байна. Манай аймгийн 600 гаруй багш нар бүгд компьютертай болсон. Энэ нь сургалтын чанарыг  сайжруулах үйл ажиллагаанд үнэхээр их тус нэмэр болж байна. 

-Үндэсний хэмжээнд бага боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж байна. Мөн энэ жилээс эхлэн суурь боловсролын шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Энэ ажлын хүрээнд  багшийг хөгжүүлэх чиглэлээр ямар ажлуудыг хийж байна вэ?


-Манай аймагт бага, суурь боловсролын цөм хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Багш нар олон давтан сургалт зөвлөгөөнүүдийг бид  аймгийнхаа түвшинд хийж гүйцэтгэсэн. Иймээс бүх багш нар хоорондоо туршлага солилцон хуваалцсан. Тиймээс энэхүү ажил сум, дүүрэг, бүсийн хэмжээнд амжилттай хэрэгжиж байна гэсэн дүгнэлттэй байгаа.

Говь-Алтай аймгийн хувьд багш нарын мэргэжил дээшлүүлэх тал дээр нэлээд түлхүү анхаарч ажиллаж байгаа учраас багш нар маань ч гэсэн  идэвхтэй санаачлагатай ажиллаж байна. Шинээр солилцсон мэдээлэл туршилгаа сургалтандаа ашиглаж байгаа болохоор энэ нь  сургалтын чанар хурдацтай нэмэгдэхэд тун сайнаар нөлөөлж  байна.