Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Зээлийн хүү буурсан ч үнэ нэмэхгүй гэдгээ барилгын салбарынхан амлалаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
2016.01.15. Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын дарга З.Энхболд барилгын салбарын төлөөллүүдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Ипотекийн зээлийг зогсоосон нь худалдан авагчаас гадна тус салбарынханд ч хүндээр тусч байгаа юм. 

Ипотекийн зээлийг сэргээх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө буюу энэ сарын 6-нд УИХ-ын дарга Монгол банк, Монголын банкны холбоо, Монголын Ипотекийн Корпорацийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Уг уулзалтаар моргейжийн зээлийн өнөөгийн нөхцөл байдал хийгээд цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн билээ. 

Барилгын салбар бол популизм хийж болдоггүй салбар. 

Харин энэ удаагийн уулзалтаар барилгын салбарынхныг сонгосон нь өмнөх уулзалтын үед хөндөгдсөн асуудалтай холбоотой. Тодруулбал, ипотекийн зээлийн хүүг бууруулсан тохиолдолд барилгын компаниуд бүтээгдэхүүний үнээ бууруулах уу гэдэг асуулт гарч ирсэн. Үүнд тодорхой хариулт өгөхөөр барилга угсгалт, барилгын материал үйлдвэрлэлийн төлөөлөл болон тус салбартай холбоотой үйл ажиллагаа явуулдаг тавилгын үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн компаниудын төлөөлөлтэй өчигдөр уулзав. 

Уулзалтын эхэнд З.ЭнхболдИпотекийн зээлийн хүү болон хугацааг бид анх удаа хөдөлгөж болохоор болчихлоо
Түүхий эдийн компаниудын хувьд 2006-2011 онд их найр болсон. 2011 онд багасаад, 2013 онд бүр алга болсон. Тэрийг орлосон хамгийн том аж үйлдвэрийн салбар бол та нар юм. Ажиллуулж байгаа хүний тоо, бүтээж байгаа баялгаараа ч тэр. 2.5 их наядын барилга зарагдаж байна гэдэг бол төдий хэмжээний юм бүтээсэн гэсэн үг. 

Ипотекийн зээлийн хүүг бууруулж болж байна. Тэгвэл барилгын салбар үнээ өсгөвөл яах вэ. Улс бодлогоор хүүг нь бууруулангуут далимдуулаад үнээ өсгөх вий гэсэн болгоомжлол үүсээд байна" гэв.   

18,882 орон сууц эзнээ хүлээж байна 

2016.01.15. Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа өнөөгийн барилгын салбарын талаар танилцуулав. 

Тэрбээр “Барилгын салбарынхан жилд 25 мянган орон сууц ашиглалтад оруулж байна. 2008 онд энэ салбарт 50 мянган хүн ажиллаж байсан бол өнгөрсөн жилийн судалгаагаар 96 мянган хүн бүртгэгдсэн. 
Барилгын салбарт шаардлагатай түүхий эд, материалыг 24 ангилж үзэхэд бид дотооддоо долоог нь үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай болсон байгаа. 12-ыг нь 60 хувь хүртэл дотооддоо үйлвэрлэдэг бол үлдсэнийг нь гадаадаас авах хэрэгцээ шаардлага байгаа. 
Одоо 18,882 орон сууцыг улсын комисс хүлээгээд авчихсан. 50 хувиас дээш гүйцэтгэлтэй болон 50 хувиас доош гүйцэтгэлтэй мөн тооны барилга байна” гэлээ.

Харин УИХ-ын дарга З.Энхболд “Төгс өрсөлдөнт зах зээл учир үнэ өсөхгүй байх гэж би бодоод байгаа. Гэтэл Зайсанд өчигдөр нэг мкв нь 1.9 сая төгрөгийн үнэтэй байсан орон сууц өнөөдөр 2.3 сая болчихсон гэж байна л даа. Тэр өндөр үнэтэй орон сууцыг авах эрэлт байхгүй бол энэ угаасаа явахгүй шүү дээ. Тэгэхээр өсөх гэж оролдоно. Тэгээд бүтэхгүй.  

Ипотекийг тасралтгүй үргэлжлүүлээд байвал 35-40 жилийн дараа нийслэлийн иргэд бүгд орон сууцанд орно гэсэн судалгаа байна. Энэ хурдаараа явах юм бол, дундуур нь цэц ийм мангар шийдвэр гаргаад зогсоочихгүй бол.

Энд байгаа тоонуудаас харахад эрэлтээсээ давчихсан нийлүүлэлт харагдаж байна. ҮХЦ-ийн шийдвэр гарахаас өмнө жилд 15 мянган өрх ипотекийн зээлд хамрагдаж байсан. Зээлийн хүү таван хувь руу шилжихгүй найм хэвээрээ явах юм бол улсын комисс хүлээгээд авчихсан байгаа орон сууцаа ч дүүргэж чадахгүй юм байна. Эрчээ нэмж, хүнийхээ тоог нэмж, наймаа тав руу буулгахгүй бол зарагдахгүй байр улам олон үлдэх юм байна" гэв. 

"Ипотекийг дор хаяж 40-50 жил үргэлжлүүлэх ёстой"

2016.01.15. Гэрэл зургийг mpa.mn

Б.Нэмэхбаатар /Монголын Барилгын Үндэсний Ассоциациийн гүйцэтгэх захирал/

МБҮА нь Дотоодын гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч 150 гаруй компаниудын гишүүнчлэлтэй. Улаанбаатар хотод хийж байгаа бүтээн байгуулалтын 80 гаруй хувийг гүйцэтгэж байгаа MCS, Номин, Хурд, Багант өргөө зэрэг компаниуд нэгдсэн байгаа. 
Моргейжийг дахиад үргэлжлүүлэх гэж байгаа. Тэр тусмаа таван хувийн хүүтэйгээр үргэлжлэх гэж байгаа асуудлаар бид Монгол банк, МИК энэ тэртэй уулзаад, ямар механизмаар хэрэгжүүлэх талаар мэдээлэл солилцож байгаа. Үнэ өсөх үү гэдэг асуудал яригдаж байна. Харин барилгын компаниудын зүгээс моргейжийг хэр тогтвортой байх гэдгийг З.Энхболд даргаас асуумаар байна

Орон сууцны үнэ нэмэгдэх шалтгаан байхгүй 

МБҮА болон бусад компаниуд орон сууцны үнийг өсөхгүй гэж үзэж байгаа. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, барилгын 240 гаруй нийлүүлэгч байгаа. Энэ компаниуд жаахан мөнгө аваад арай гэж хөдлөөд эхлэнгүүтээ эхний ээлжинд хямралын үеийн үнийг энэ түвшинд байлгаж, худалдан авагчдад санал болгох болов уу. Түүнээс биш түрүүлээд өсгөх боломж ерөөсөө байхгүй. Одоо бол боломжийн хямд үнээр өрсөлдөж байгаа. Хоёрдугаарт, 18,800 айлын орон сууц бэлэн болчихсон байгаа. 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй 14,000 орчим орон сууц байна. Тэгэхээр 30 гаруй мянган орон сууц зах зээл дээр бэлэн болчихоод байж байна гэсэн үг. Ийм нөхцөлд үнэ нэмэх нөхцөл байхгүй гэж үзэж байна. 

Мөн дараагийн нэг шалтгаан нь моргейж нээгдлээ, хүү нь таван хувь боллоо. 50-иас дээш 70-80 хувийн гүйцэтгэлтэй барилгууд мөнгөө аваад, баригдаж дуусна. Тэдэнд үнээ нэмэх ямар ч шалтгаан байхгүй.

Харин моргейжийн зээл аль хэр тогтвортой үргэлжлэх вэ гэдгийг асуумаар байна. 

М.Даваасүрэн /“Ган хийц” компанийн захирал/

Өнгөрсөн 25 жилийг харж байхад бизнес эрхлэгчдийн санааг ганц зовоодог зүйл бол дараагийн сонгуулиар сонгогдсон гишүүн гарч ирээд шинэ бодлого гаргаад хуучныг нь өөрчлөх гээд байдаг. Үүнээс л бид санаа зовдог. Энэ Их хурлын гаргасан шийдвэрийг дараагийн Их хурал дагаж мөрдөхийг хууль эрх зүйн хүрээнд ямар нэг хэмжээгээр баталгаажуулж өгвөл бид хэнээс ч айхгүйгээр бизнесээ хийгээд явж чадна. Ийм зүйл яавал гаргахгүй байж чадах вэ гэдгийг бид хүсч байна.  

М.Түмэнжаргал /Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн/

Ипотекийн таван хувийн зээл шийдэгдэх нь ээ. Тэгэхээр үнэ өсөх үү гэдэг асуудал нэлээн чухал байгаа юм байна. Монголын барилгын материал үйлдвэрлэгч компаниудаа төлөөлөөд үнэ өсөхгүй гэдгийг баталгаатай хэлж чадна. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд Засгийн газраас авсан арга хэмжээний ачаар хүчин чадлууд нэлээд нэмэгдсэн. Гол түүхий эд болох дүүргэгч материал, цементээр дотоодоо 100 хувь хангахаар болсон. 

З.Энхболд: Энэ жил Засгийн газрыг гадаад ажилтны зөвшөөрөл битгий өг гэж байгаа юм. Ганц нэг бидний хийж чадахгүй зүйл дээр л юу юм гэхээс. 

Удаан хугацаанд үргэжлүүлэх үү гэж байна. Үүнийг удаан хугацаанд үргэлжлүүлэхээс өөр аргагүй. АНУ-ын моргейжийн зах зээлийн эхний 30 жил нь 100 хувь төрийнхөө санхүүжилтээр явсан байдаг.

Тэгэхээр бид дөрвөн жилийн сонгуулийн гуравхан жилд нь хийгээд зогсоож болохгүй. Энэ бол тасралтгүй явах ёстой. Дор хаяж 40-50 жил үргэлжлэх ёстой. 

Барилгын салбар бол урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгоно гэдэг популизм хийж болдоггүй салбар