Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Амартүвшин: Шаардлага хангасан зургаан зочид буудалд 77.1 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор болсон

Б.Төрбат
2015 оны 12 сарын 9
MorninigNews.mn
Зураг зураг

Гадаад хэргийн яамны Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшингээс дараах зүйлийг тодрууллаа. 

-Манай улсаас Эрээн хотод суугаа дэд консул А.Баярсайханыг өнгөрсөн сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл тэр хүн өнөөг хүртэл ажлаа хийж байгаа гэх мэдээлэл ирлээ. Энэ үнэн үү?

-Дэд консул А.Баярсайхан гурван долоо хоногийн өмнө ажлаа хүлээлгэж өгсөн. Тухайн газар ажиллана гэдэг гэр бүлээрээ очиж амьдардаг. Ажлаа хүлээлгэж өгсөн хэдий ч гэр орноо нааш нь нүүлгэх зэрэг хувийн ажлаа амжуулах шаардлагатай байгаа байх. Түүнээс биш одоог хэр нь ажлаа хийж байгаа зүйл байхгүй.

Ямарваа нэг Дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байгаа иргэд зочид буудалд байрладаггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тэд өөөрсдийн гэсэн орон гэртэй, эсвэл улсын өмчийн байранд түрээсээр амьдардаг. Энэ ч утгаараа хэн нэгэнд зориулж улсаас ямар нэгэн санхүүжилт, илүү зардал гаргах ойлголт байхгүй. 

-Оронд нь хэн нэгнийг томилох шийдвэр гарсан уу?

-Үгүй ээ, одоогоор хэн нэгнийг томилоогүй байна. 

-Хуулиараа хэдий хугацааны дотор дараагийн хүнийг үүрэгт ажилд нь томилох ёстой байдаг юм бэ?

-Бүх зүйл Дипломат албаны тухай хуулиар зохицуулагдана. Өөрөөр хэлбэл, тухайн хуульд Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах албан тушаалтны хугацааг нь маш тодорхой зааж өгсөн байдаг. Энэ ч утгаараа тухайн албан тушаалтныг гурван жилийн хугацаатай ажилд томилдог. 

-Ингэхэд Эрээний консулын газрын дарга А.Мурат ямар шалтгаанаар албан тушаалаа хүлээлгэж өгсөн юм бэ?

-Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн. Бид хүсэлтийг нь хүлээн авч, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

-Одоо хаана, юу хийж яваа юм бол?

-Тэр хүнийг одоо хаана, юу хийж явааг нь сайн мэдэхгүй байна. 

-А.Муратын оронд Д.Золзаяа гэх хүнийг томилсон ч тушаал нь гараагүй байгаа гэх юм билээ?

-Тушаал нь гарчихсан, ажлаа хүлээж авсан. 

-Бидэнд байгаа мэдээллээр түүнийг ажлаа авсан даруйдаа үндэслэлгүйгээр 20 гаруй хүнийг халсан гэж сонслоо. Энэ хэр бодитой мэдээлэл вэ? 

-Тухайн газарт ажиллаж байгаа ажилчдыг Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нь томилж, чөлөөлдөггүй. Тийм ч үндэслэл байхгүй. Энэ бол хуулиараа Гадаад хэргийн яамны салбар зөвлөл шийддэг. Түүгээр бүх ажилчдын халах, томилох асуудлыг шийддэг. Тиймээс наад мэдээлэл чинь ташаа байна. 

-Ингэхэд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад зориулж томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа. Өөрөөр хэлбэл, гадны зочдыг байрлуулах зочид буудлын ажилд эхний ээлжинд 70 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон талаар танайхаас мэдээлсэн. Гэтэл зочид буудлуудын холбооноос “Ямар ч санхүүжилт олгоогүй” гэх тайлбарыг өгч байна. Энэ ямар учиртай юм бэ? 

-Бид энэ талаар өнгөрсөн долоо хоногийн ээлжит уулзалтаараа тодорхой мэдээлэл өгсөн шүү дээ. Тухайн үед эхний ээлжинд 70 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох Засгийн газрын шийдвэр гарсан гэдгийг олгосон гээд ташаа ойлгочих шиг болсон. Гэхдээ бид энэ талаараа Хөгжлийн банкнаас тодруулсан.

-Тэд ямар мэдээлэл өгч байх юм бэ?

-Тэдний ярьж байгаагаар бол одоогийн байдлаар зохих шалгуурыг хангаад байгаа зургаан зочид буудалд 77.1 тэрбум төгрөгийн зээлийг олгох шийдвэр гарчихсан байгаа юм билээ. Бусад зочид буудлаас ирсэн материал шаардлага хангаагүй гэж сонссон.

Харин санхүүжилтийг хэрхэн, яаж олгохыг Хөгжлийн банкнаас тодруулсан нь дээр байх. Бид төсөвт дарамт бололгүйгээр хувийн хэвшлийнхний оролцоотой төрөөс санхүүгийн бус хэлбэрээр дэмжиж, өндөр төвшинд зохион байгуулна гэсэн чиг үүрэгтэй л явж байна. Төлөвлөгөө ёсоор бол ирэх онд бүтээн байгуулалтын ажлыг дуусгана. 

Зураг