Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Амартүвшин: Иргэд бусдыгаа бодоод ВИЗНИЙ ХУГАЦААГАА ХЭТРҮҮЛЭХГҮЙ байх хэрэгтэй

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Гадаад Хэргийн Яамны “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Бодлого төлөвлөлт, Зохицуулалтын газрын захирал Д.Амартүвшин оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Г.Амартүвшин: “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүдийн уулзалт энэ жил БНХАУ-д арванхоёрдугаар сарын 14-нд эхэлнэ. Үүнд  Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар оролцохоор бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна.

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр"-ийг хэлэлцэж баталсан. Энэ хөтөлбөрийг ГХЯ-наас боловсруулж 2015-2020 онд хэрэгжүүлэхээр батлуулсан байгаа.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө удахгүй Засгийн газар, Гадаад Хэргийн Яамны вэб сайт дээр байршина” хэмээгээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.


-Дэд консул Ш. Баярсайханыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Гэтэл ажлаа хийж байна гэсэн мэдээлэл байна?

-Ш.Баярсайхан дэд консул ажлаа хүлээлгэж өгсөн. Ажлаа хийхгүй байгаа. Дипломат төлөөлөгчийн газар ажиллана гэдэг бол гэр бүлээрээ тухайн газар очиж суурьшаад, суугаа газраа үйл ажиллагаа явуулдаг.

Ажлаа хүлээлгэж өгсөн хэдий ч гэр орноо нааш нь нүүлгэх, хүүхдийнхээ сургуулийн асуудлыг шийдвэрлэх зэрэг хувийн ажлаа амжуулах шаардлагатай байгаа болов уу гэж бодож байна. Тэр хүнийг ажлаас нь чөлөөлөөд ажлыг нь хүлээгээд авчихсан.

-Гадаадад байгаа Монголчуудын эрх ашгийг хэрхэн хамгаалж байгаа вэ?

-Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар тус яам үе үеийн Засгийн газар анхаарал хандуулж ирсэн. Ялангуяа хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тоог нэмэгдүүлэх, байршлыг нь эргэж харах, Монгол иргэд олноор суурьшсан газар консулын албаных нь орон тоог нэмэгдүүлэх, чадавхийг нь бэхжүүлэх чиглэлээр зөвхөн Засгийн газрын түвшинд гэлтгүй УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороотой ярилцаж, тогтмол зөвлөлдөж, дэмжлэг авч, хамтран ажиллаж ирсэн.

Сүүлд Киргизийн Бишкек, БНХАУ-д нэмж Консулын газар нээсэн. Мөн Европын орнуудад аюулгүй байдалтай холбоотой асуудлууд гарч байгаатай холбоотой тухайн бүс нутгийн аюулгүй байдалд үнэлгээ, дүгнэлт өгснөөр иргэдэд сэрэмжлүүлэг өгч, тодорхой үр дүнтэй ажил хийж байна.

-Төмөр замын асуудлаар Японоос ажлын хэсэг ирж танилцаад явсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн Монголд хийх айлчлалын санамж бичгийн хүрээнд байгуулсан Японы Эдийн засгийн яамны Газрын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад танилцах айлчлал хийсэн нь үнэн. Төмөр замын асуудлаар холбогдох судалгааг хийх зорилгоор Оюу Толгой, Таван толгой зэрэг газруудтай танилцаад нутаг буцсан.

-АСЕМ-ын уулзалтад зориулж Хөгжлийн банкнаас авсан 70 тэрбум төгрөгийг танайхаас олгосон гэж яриад байгаа. Зочид буудлын холбооноос манайх мөнгө аваагүй гэсэн. Танайх мөнгө олгосон юм уу?

-Засгийн газраас шийдвэрлэсэн гэдгийг олгосон гэж буруу ойлгоод байгаа. Хөгжлийн банкнаас зохих шалгуурыг хангаад буй зургаан зочид буудалд 77.1 тэрбум төгрөгийн зээлийг олгох шийдвэр гарчихсан байгаа юм билээ. Санхүүжилтийг хэрхэн яаж олгох талаар Хөгжлийн банкнаас маш тодорхой мэдээллийг авч болно.

-БНСУ-д гурван сарын ажиллах виз олгосонтой холбоотойгоор иргэд их явж байна гэсэн мэдээлэл байна. Хэдий хүртэл үргэлжлэх вэ. Энэ визээр яваад “харлах” тохиолдол бүртгэгдсэн үү?

-Солонгостой Монгол иргэд зорчих асуудлыг хөнгөвчлөхөөр шат дараатай арга хэмжээ авч, яриа хэлэлцээр хийж байгаа. Энэ хүрээнд барьцаа мөнгийг буулгаад таван сая төгрөг болгочихсон.

Гэтэл Солонгос улсын виз авах шалгуур нөхцөл багасаад ирэхээр олноор зорчих болж, тухайн улсад очиж “харлах” буюу хугацаа хэтрүүлэх асуудал түгээмэл болж байгааг тус улсын албаныхнаас бидэнд мэдээлж байгаа. Манай иргэд бусад иргэдээ бодоод, дор бүртээ ухамсартай хандаад, аль болох визний хугацаагаа хэтрүүлэхгүй байх нь зүйтэй юм.

-Монголчууд хар тамхины хэрэгт холбогдох байдал нь ямар байгаа вэ?

-Хар тамхины хэрэгт холбогдолтой хэргүүд шийдэгдээд зарим иргэн ялаас чөлөөлөгдөөд, холбогдолгүй гэдэг нь нотлогдоод байна. Сүүлийн хэдхэн хоногт л хоёр иргэний хэрэг хэрэгсэхгүй болсон гэсэн сайн мэдээ явж байна. Мөн хар тамхины асуудлаар 2-3 иргэн шалгагдаж байгаа.