Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-аас шүлхий өвчний 7 сая тун вакциныг Монголд өгөхөөр тохиролцжээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Гадаад Хэргийн Яамнаас долоо хоногийн Мягмар гараг бүрт зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал боллоо.

ОХУ-аас шүлхий өвчний 7 сая тун вакциныг Монгол Улсад өгөхөөр тохиролцлоо

Хурлын эхэнд ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин өнгөрсөн долоо хоногт болсон айлчлал болон олон улсын уулзалтуудын үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн юм.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 19 дүгээр хуралдаан ОХУ-ын Чит хотноо 11 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Комиссын хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Оросын талаас Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской нар ахалсан.

Энэхүү хуралдааны үеэр хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар, тухайлбал, зам тээвэр, түлш эрчим хүч, ашигт малтмал, аж үйлдвэр, барилга, хөдөө ахуй болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэн гарын үсэг зурсан. 

Энэ үеэр ОХУ манай улсаас мал авах ажлын хүрээнд эрүүл ахуйн хөтөлбөрийн хоёрдугаар шатны  ажлын нэг хэсэг болох шүлхий өвчний 7 сая тун вакциныг Монгол Улсад өгөхөөр тохиролцсон байгаа. 

Түүнчлэн 1960 болон 1990-ээд оны үед ОХУ-ын геологичдын манай улсад хийсэн судалгааны материалыг ирэх оны эхний хагаст манай талд хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. 

Монгол Улс  Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн гишүүн орнуудын Зөвлөлийг 2016 онд даргална

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарийн Холбооны Улсад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажлын айлчлал хийсэн. 

Айлчлалын үеэр сайд Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)- гийн гишүүн орнуудын Зөвлөлийн 24 дүгээр чуулган болон Ардчиллын Форумд оролцож, Монгол Улс  Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн гишүүн орнуудын Зөвлөлийг 2016 онд даргалах ажлыг тус Зөвлөлийг 2015 онд даргалсан ШХУ-ын Гадаад хэргийн сайд Д.Буркхалтераас албан ёсоор хүлээн авлаа.

Мөн Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летермтэй албан ёсны уулзалт хийж, Монгол Улс 2016 онд Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнг даргалахтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцсон.

АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны орлогч дарга Л.Оргил мэдээлэл өглөө

АСЕМ-н бэлтгэл ажил явдаг журмаараа, гаргасан төлөвлөгөөний дагуу явж байна. Өнгөрсөн долоо хоногт  бид гурван хүний бүрэлдэхүүнтэй Европын холбооны төлөөлөгчдийг хүлээж авсан. Мөн ХБНГУ-ын төрийн ёслолын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн бас ажиллаад явлаа. 

Европын холбооноос бидний ажилд дэмжлэг болох зорилгоор ирэх хоёрдугаар сараас АСЕМ-н хурал дуустал энд суурин ажиллах төлөөлөгчийг томилон ажиллуулах гэж байна.

Зочид буудлын үйлчилгээний ажилтнууд, тогооч нарыг сургалтад хамруулах ажил үргэлжилж байгаа.

АСЕМ-н өндөр дээд уулзалтын зочдыг хүлээж авах 44  түнш зочид буудалд 150 тэрбум төгрөгийн зээл олгох ажил үргэлжилж одоогийн байдлаар 77 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргаж, арилжааны хоёр банкаар дамжуулан буудлуудад олгоод байна.

Ойрын үед Чингис хаан олон улсын нисэх буудлаар үйлчлүүлсэн бол та бүхэн тэнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлыг харсан байх. Хүндэт зочдын танхим VIP өрөөнүүд бэлтгэгдээд бэлэн болсон, паспорт хянан шалгах хэсэг шинэ танхимд үйл ажиллагаа явуулж байгаа. 


Дээрх мэдээллийг хийсний дараа АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны орлогч дарга Л.Оргил, Консулын газрын дэд захирал Э.Батзориг нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

-Малайз улсад хар тамхины хэргээр шалгагдаж, буруугүй нь тогтоогдсон Монгол Улсын иргэн Н.Золзаяа эх орондоо ирсэн үү?

-Манай улсын иргэн “З” 2013 оны хоёрдугаар сараас хойш хар тамхи хадгалсан хэргээр саатуулагдан шалгагдсан. 2015 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Малайзын хяналтын шатны шүүх манай улсын иргэд “З”-д холбогдох хурлыг хэлэлцээд түүнийг буруугүй гэсэн эцсийн шийдвэрийг гаргасан. Түүнийг анхан шатны шүүхээс буруугүй гэж үзсэн ч давж заалдах шатны шүүхээс буруутай гэж үзэн, цаазын ял оноогоод байсныг сая хяналтын шатны шүүхээр хэлэлцэж буруугүй гэдэг нь эцэслэн тогтоогдлоо.

МУ-н иргэн “З” эх орондоо ирсэн эсэх талаар мэдээлэл одоохондоо бидэнд алга байна. 

Энд нэмээд хэлэхэд Малайз улсад мөн хар тамхины хэргээр шалгагдаж байсан МУ-н иргэн “Х”-н шүүх хурал өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 30-нд болж анхан шатны шүүхээс түүнийг буруугүй гэж үзсэн байгаа. 14 хоногийн дотор прокурор эсэргүүцэл гаргаж давж заалдахгүй бол манай иргэн эх орондоо ирэх эрхтэй болно.

-АСЕМ-н уулзалтад хэдий хэмжээний хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн бэ, эцсийн байдлаар зардлын хэмжээ гарсан уу?

-Ирэх оны төсөвт АСЕМ-н уулзалтад зориулан 20 орчим тэрбум төгрөг суулгаад байгаа. Төсөв хэлэлцэж байх үед АСЕМ-н уулзалтын бэлтгэл ажлыг УИХ-аас их дэмжиж таналт, хасалт багатайгаар баталсан. 

-Шинэ төмөр зам төслийн хэрэгт холбогдоод байгаа Солонгосын "Самсунг Си Эн Ти" компанийн захирал хоригдож байгаа. Түүнийг батлан даалтад гаргах талаар БНСУ-ын элчин сайдын яамнаас хандсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ асуудлаар БНСУ-ын элчин сайдын яамнаас манай яаманд хандаж хүсэлт тавьсан. Бид хүсэлтийг нь холбогдох байгууллагуудад дамжуулаад байгаа.