Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Наранбаатар: Залуу уран бүтээлчдийн чадал “Ромео Жульетта”-гаар дамжин харагдах учиртай

Б.Төрбат
2015 оны 11 сарын 10
MorninigNews.mn
Зураг зураг

Английн алдарт зохиолч У.Шиксперийн “Ромео Жульетта” жүжиг Монголын тайзнаа гурав дахиа амилахад бэлэн болжээ. Өөрөөр хэлбэл, хагас мянганы тэртээд бичигдэж, өнөөг хүртэл хүн төрөлхтний хайр, дурлалын гэрч болсон “Ромео Жульетта” эмгэнэлт, хайрын жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 19 жилийн дараа дахин мэндлэх гэж байна.

Анх энэхүү жүжгийг 1966 онд найруулагч С.Гэндэн тайзны бүтээл болгож, Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан бол түүнээс хойш 30 жилийн дараа буюу 1996 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй.

Тухайн үед Ромеод Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Гэрэлсүх, Жульеттад Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, Г.Урнаа нар тоглосон байдаг. Харин энэ удаад 19 жилийн дараа Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар үзэгчдийн хүртээл болох гэж байна. Алдарт “Ромео Жульетта” жүжгийн гол дүрд театрын залуу жүжигчин О.Дөлгөөн, Б.Шинэбаяр нар тоглож байгаа юм.

Нөгөөтэйгүүр театрын хамт олон өвөл цагийн үзвэрээ алдарт У.Шиксперийн “Ромео Жульетта” жүжгээр энэ сарын 12-нд нээхээр төлөвлөжээ. Тиймээс энэ удаагийнхаа “Уран бүтээлч” буландаа Улсын драмын эрдмийн театрын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарыг урьж, цөөн хором ярилцлаа. Түүнтэй хамгийн сүүлд өнгөрсөн хавар уулзахад Английн алдарт зохиолч У.Шиксперийн “Ромео Жульетта” жүжгийг театрынхаа тайзнаа өөрийн өнгө, арга барилаар найруулж, үзэгчдийн хүртээл болгохыг хүсч, мөрөөдөж явдгаа нуугаагүй билээ.

-Хэдхэн хоногийн дараа алдарт У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжиг тайзнаа амилах гэж байна. Олон жил зөвхөн дотроо л бодож, төлөвлөж, мөрөөдөж явсан жүжгээ найруулан, үзэгчдийн хүртээл болгох гэж байгаад тань баяр хүргэе?

-Маш их баярлалаа. 

-Энэ бол цоо шинэ жүжиг биш. Монголын тайзнаа өмнө нь хоёр ч удаа тавигдаж, үзэгчдийн хүртээл болж байсан. Нөгөөтэйгүүр томоохон хэмжээний сонгодог бүтээл шүү дээ. Өөрийн тань хөг аялгуу, өнгө хэлээр “Ромео жульетта” жүжиг үзэгчдийн хүртээл болоход бэлэн үү?

-Мэдээж бэлэн. Чиний хэлснээр энэхүү жүжгийг Монголын тайзнаа гурав дахь удаагаа тавих гэж байна. Аливаа уран бүтээлийг цоо шинээр нь үзэгчдэд хүргэх бол нэг асуудал.

“Ромео Жульетта” жүжгийг тайзнаа тавихыг олон жил мөрөөдөж явсан.

Тэрхүү жүжгийг ямар нэгэн жиших, харьцуулах, зүйрлэх юмгүй учраас “Нээрээ тийм байдаг юм болов уу” гэх ойлголт үзэгчдэд байдаг. Гэтэл энэхүү жүжиг хоёр дахь удаагаа ч биш, бүр гурав дахиа тавигдах гэж байна. 

-Их том зориг, бас хариуцлага гэж харж байна?

-Тийм ээ, үнэн. Том зориг, бас хариуцлага. нөгөөтэйгүүр их төвөгтэй байлаа. 

-Юу нь тэр вэ?

-Энэхүү жүжиг хамгийн сүүлд 1996 онд буюу 20-иод жилийн өмнө үзэгчдийн хүртээл болж байсан. Тэр үед баярлаж, догдолж үзэж байсан үзэгчид өнөөдөр бүгд бий. Магадгүй тэнд жиших, зүйрлэх, адилтгах асуудал гарна. Тиймээс л манай багийнханы хувьд их хүндрэлтэй, төвөгтэй байсан гэж хэлээд байгаа юм. Тэгж ч ойлгож болно. 

-Гэхдээ л та бүхэн чадсан байна шүү дээ. Учир нь, ирэх пүрэв гарагт “Ромео Жульетта” жүжгийн нээлт болох гэж байна. Үүнээс сайхан мэдээ гэж хаана байна вэ?

-Баярлалаа. Бид энэхүү жүжгийг үзэгчдийн хүртээл болгох гэсэн хүсэл, сэтгэл л нэгтгэсэн. Тийм ч учраас өдөр, шөнөгүй бэлтгэл хийж зүтгэсэн. 

-Нөгөөтэйгүүр та мөрөөдлөө биелүүлэх гэж байна шүү дээ?

-Тийм ээ. Би “Ромео Жульетта” жүжгийг тайзнаа тавихыг олон жил мөрөөдөж явсан. Дотроо төлөвлөж, их удаан бодсон шүү. 

-Ихэвчлэн залуу уран бүтээлчид тоглож байгаа харагдана лээ. Туршлага бага, залуу хүмүүстэй ийм том сонгодог бүтээл дээр хамтарч ажиллахад амаргүй л байгаа байх?

-Чи их зөв анзаарсан байна. Би биеийн амраа бодсон бол театрт олон жил ажилласан туршлагатай уран бүтээлчидтэйгээ хамтарч ажиллах байсан. Жүжгийн гол дүрд ихэвчлэн залуу уран бүтээлчид тоглоно. Бид залуу үедээ итгэл хүлээлгэх ёстой. Ингэж байж тэд туршлага сууна. Мэргэжлийн уран чадвар нь ч гэсэн тодорхой хэмжээнд сайжирна. 

-Үнэн шүү, тантай санал нэг байна. Харин гол дүрийн эмэгтэйг дотроо хэдийнэ сонгочихсон байсан гэдэг үнэн үү?

-Ямар учраас ийм асуулт тавьж байна. Жаахан тодорхой асууж болно биз дээ. 

-Яах вэ дээ. Тухайлбал, жүжигчин О.Дөлгөөн Жульеттагийн дүрд тоглохын тулд Мөрөөдлийн театрыг орхиж, Улсын драмын эрдмийн театрт орсон ч гэдэг юм уу?

-Хүн болгон өөрийнхөөрөө л бодох байх. Жүжигчин О.Дөлгөөний хувьд сонголтоо хийж, театрт ирсэн. Гэхдээ “Цэргүүдийг мянган өдөр тэжээж нэг л өдөр хэрэглэнэ” гэдэг үг бий байх аа. Үүнтэй адилхан залуу уран бүтээлчид буюу драмын театрын ирээдүй, чадал чансаа энэхүү сонгодог бүтээлээр дамжин харагдах учиртай.

Нэг төрлийн шалгалт гэж ойлгож болно. нөгөөтэйгүүр театрын ачааг үүрүүлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, баяртай атлаа хариуцлагатай мэдэгдлийг театрын Ерөнхий найруулагч хүний хувьд хэлж байна гэсэн үг. 

-Янз нь, театрынхаа залуу уран бүтээлчдээс их л хатуухан шалгалт авах нь дээ?

-Би хэлсэн шүү дээ. Ингэж л залуу хүн туршлага сууна. Уран чадвар нь дээшилнэ гэж. 

-Ойлголоо. Ингэхэд “Ромео Жульетта” жүжгийг орчин цагийн шинэ өнгө төрх, агуулгаар баяжуулж тайзнаа амьдруулж байгаа гэж сонссон. Гэхдээ шинэ өнгө төрх, агуулга гэдгийг жаахан тодорхой ярьж болох уу?

-Үнэхээр орчин цагийн шинэ өнгө төрх, утга агуулгаар баяжуулж тоглох гэж байна л даа. Бид л энэ цаг үеийн уран бүтээлийг тодорхой төвшинд авч явж, ахиулах гэж хичээж, тэрийг шинэчлэх гэсэн үүргийг хүлээхгүй бол өөр хэн ч хүлээхгүй. Энэ ч утгаараа манай баг Хасбаатар гуайн орчуулгыг сонгон авсан.

Хөдөлгөөний уран тансаг өгүүлэмжээр аливаа үйл, санаа, агуулгыг илэрхийлэх амаргүй ажил. 

Өмнөх 1996 оны тавилт бол Ч.Чойжилсүрэн гуайн орчуулгыг ашигласан байдаг. Манай хөгжмийн зохиолчоор Б.Чинбат ажиллаж байна. Ерөнхий зураачаар Ариундэлгэр, хувцас дизайнераар Үнэнбат ажиллаж байгаа. Энэхүү жүжигт онцлох зүйл их бий. 

-Тухайлбал?

-Бид хөгжил дэвшил рүү жаахан ч гэсэн алхмаар байна. Дэлхийн хэмжээнд ойртохын тулд шүү дээ. Энэхүү жүжиг өөрийн гэсэн өнгө, аястай байх ёстой. Үүний нэг өнгийг тодорхойлж байгаа үйл явц бол хөдөлгөөн юм. Хөдөлгөөний уран тансаг өгүүлэмжээр аливаа үйл, санаа, агуулгыг илэрхийлэх амаргүй ажил. Энэ л санаа, амаргүй ажлыг хийж байгаа хүн бол хөдөлгөөний найруулагч Ч.Ган-Очир юм.

-Жүжгийн гол санаа хазайгаагүй ч дүрүүдийн зан ааш, байдлыг үл ялиг өөрчилсөн гэж сонслоо?

-Их олон ялгарах зүйл бий гэж хэлсэн. Жишээлбэл, дүрүүдийн зан чанарыг бага зэрэг өөрчилсөн. 

-Энгийн нэг дүр дээр жишээ аваад ярьж болно биз дээ?

-1996 оны Лоренцио ламын дүр бол их төлөв, сүмийн том номлогч байсан бол энэ удаад илүү их шинжлэх ухааны туршилт хайсан, сод хүмүүсийн эгэл биш зан чанартай байх жишээний. Тийм л хүнээс хүнийг түр зуур унтуулах хор гарна гэж сэтгэж байна. Түүнээс биш номлогч хүнээс хор гарах эсэхийг мэдэхгүй юм. 

-Үнэхээр анхаарал татаж байна шүү. Бас энэхүү жүжгийг заавал үзэх юм шүү гэсэн хүсэл төрчихлөө?

-Баярлалаа. “Урлаг гэдэг бол өөрөө эмэгтэй хүнтэй төстэй. Тиймээс аятайхан хувцаслахын тулд үргэлж цаг үетэйгээ хөл нийлүүлэх хэрэгтэй” гэж нэг ухаантан хэлсэн байдаг. Тиймээс өнөөдөр энэ орчин цагт хүмүүс сонгодог бүтээлийг ямар хандлага, өнгө, үзэмжээр үзэж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Магадгүй 400-гаад жилийн өмнө болсон энэхүү үйл явдлыг хүн бүр өөр, өөрийнхөөрөө төсөөлж байгаа байх. 

Гэхдээ л ихэнх нь Ромео бол их сайхан залуу, Жульеттаг гайхалтай хөөрхөн, ялдам эмэгтэй гэж тэмдэглэсэн байдаг. Гэвч энэ бүхэн өөрөө он цагийн урсгалд Ромео, Жульетта гэж яг хэн юм гэх асуултыг хүмүүс хоорондоо тавьж, маргасаар ирсэн байдаг. Олон, олон үзэгч хоорондоо маргаж, өөр өөрийнхөөрөө төсөөлж, бодож ирсэн. 

-Тэгвэл таны хувьд тэд яг ямар хүн юм бэ?

-Магадгүй хазгар Ромео байж болно. Доголон, бөгтөр Ромео байж болно. Гагцхүү тэр хоёрын хооронд дахь үүрдийн нандин шүтэлцэл, харилцаа нь өөрөө Ромео болон Жульетта гэдэг нэрийг өнөөг хэр нь хадгалж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ энэ бол зөвхөн миний үзэл, миний бодол шүү. Тиймээс та бүхэн өвлийн эхэн сарын шинийн нэгний өдөр энэхүү уран бүтээлийг оюуны мэлмийдээ хүлээн авч үзээрэй гэж урьж байна.

Зураг