Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сүмийн пастороос улсын Ерөнхийлөгч хүртэл...

Б.Даваахүү
2015 оны 10 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны ерөнхийлөгч Иоахим Гаук Монгол Улсад төрийн айлчлал хийгээд буцлаа.

Холбооны Ерөнхийлөгчийг уржигдар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авав. Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн энэхүү айлчлал Монгол Улсад ардчилсан, анхны чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой, хоёр Герман Улс нэгдсэний 25 жилийн ой тохиож буй энэ онд хэрэгжиж буйгаараа онцлог болж байгаа юм. Тиймээс энэ удаагийн дугаартаа И.Гаукийг онцолж, түүний амьдралын замналын талаар уншигчиддаа хүргэхээр бэлдлээ. 

Герман улсын Ерөнхийлөгч асан Кристиан Вульф авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдон, олны шахалт, хавчилгын улмаас 2012 оны хоёрдугаар сард албан тушаалаасаа огцорч байв. Улмаар Холбооны ассамблейн 1,232 төлөөлөгчийн 991 нь нэр цэвэр, ардчиллыг дэмжигч, Лютерийн сургуулийг номлогч нэгэн эрхмийг дараагийн Ерөнхийлөгчөөр зарлан тунхаглаж, итгэл хүлээлгэсэн  нь Иоахим Гаук байсан юм.

 

Харин Холбооны бүгд найрамдах Герман улсын Ерөнхийлөгчөөр ийн сонгогдсон И.Гаукийн бага насны амьдрал хэрхэн өрнөснийг уншигчиддаа сонирхуулъя. Тэрбээр 1940 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр  Росток хотноо эгэл жирийн амьдралтай  далайчны гэр бүлд удам залгах хүү нь болон мэндэлжээ. Түүний эцэг Иоахим Гаук туршлагатай хөлөг онгоцны ахмад байсан төдийгүй дайны үед тэнгисийн цэргийн офицерийн үүргийг гүйцэтгэж байв. Харин дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа “Нептун Уерфт” гэх хөлөг онгоцны компанид байцаагчаар ажиллах болжээ. Дэлхийн хамгийн аймшигт хүйтэн дайн дуусах үед Зөвлөлтийн коммунистууд хүчээ зүүн Германд төвлөрүүлэх болсон байна. 1951 он. Энэ үед И.Гаук хэдийнээ 11 настай болсон байлаа. Гэвч энэ үед эцэг нь Зөвлөлтийнхөнд тагнуулын хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. Зөвлөлтийн цэргийн шүүх түүнийг Баруун Германаас захиа авч, тагнуул хийж байсан гэх үндэслэлээр эцгийг нь буруутгаган, 25 жилийн хугацаагаар цөлсөн байна. Энэ хугацаанд  эцэг Гаук бие мах бодийн асар их тамлал зовлон бэрхшээлийг амссан тухай одоогийн Германы тэргүүн дурсан ярьсан удаатай. Эцгийгээ, нөхрийгөө баривчлагдсанаас хойшхи гурван жилийн хугацаанд ар гэрийнхэн нь түүнд юу тохиолдсоныг огт мэдэлгүй зөвхөн амьд мэнд байхыг л хүсэн бурхандаа залбирч байжээ. 

Харин 1955 онд эцэг Гаук тухайн үеийн Баруун Германы канцлер Конрад Аденауэрийг Москвад айлчилсаны дараа суллагдсан байна.  К.Аденауэр айлчлалынхаа үеэр дайны хэдэн мянган дайны хоригдлууд болон хоригдож буй энгийн иргэдийг суллуулах хэлэлцээрийг Москвагийн удирдлагуудтай хийж, энэ нь эерэг үр дүнд хүрсний учир эцэг И.Гаук суллагдаж чадсан аж. 

Сэтгүүлч болох мөрөөдлөө гээж, пасторын амьдралыг сонгосон нь

Харин энэ үед одоогийн Германы Ерөнхийлөгч И.Гаук Ростокийн сургуулиа төгсөв. Энэ үед л тэрбээр коммунизмыг эсэргүүцэгч болж төлөвшсөн байжээ. Үүнд улс төрийн шалтгаан хийгээд төрсөн эцгийнх нь амссан гашуун зовлон нөлөөлсөний үндсэн дээр коммунизмыг эсэргүүцэгч болж, өсч хүмүүжсэн тухай  тэрбээр өөрөө дурсчээ. Бүр Зүүн Германы сургуульд сурч байхдаа нууцаар коммунизмыг эсэргүүцэгч залуучуудын “Free German Youth” гэх залуучуудын хөдөлгөөнд нэгдсэн байв.  

Тэрбээр Германд сургуульд сурч, сэтгүүлч болохыг юу юунаас илүү хүсч байсан ч, коммунист биш гэсэн шалтгаанаар сурч боловсроно гэдэг түүний хувьд мөрөөдөл болон хувирчээ. Аливаад ямагт сонголт байдаг гэдэг үг байдагчлан, И.Гаукт өөр нэгэн сонголт байсан нь пастор болох байсан юм. Тэрбээр сэтгүүлч болох мөрөөдлөө орхиж, харин түүнийхээ оронд шашны ном судалж, Мекленбург дахь Христийн шашны сүмийн пастор болох сонголтыг хийсэн байна.  Түүний өмнөө тавьсан зорилго нь шашны номыг ухуулагч пастор болох байгаагүй. Гэхдээ шашин, гүн ухааныг хослуулан судлах боломжтой Зүүн германы коммунист үзэл сурталт автаагүй цөөхөн хэдэн байгууллагын нэг нь сүм байсан болохоор тэр ийм сонголт хийсэн аж. Ямартай ч, хүсэл мөрөөдлөөс  нь тэс өөр ч гэсэн И.Гаук эцсийн эцэст номлогч болсон юм. Коммунист дэглэмтэй Зүүн Герман улсад пастороор ажиллах түүний хувьд там шиг л байжээ. 

Олон жилийн турш Стаси гэх нэр бүхий дотоодын тагнуулууд түүнийг ажиглаж, дээрэлхдэг байсан бөгөөд коммунизмыг эсэргүүцэгчдийн жагсаалтын тэргүүн эгнээнд түүний нэр бичигдсэн байсан аж. Иймээс ч тагнуулынхны байнгын хараа хяналтад тэрбээр олон жилийн турш пасторын ажлыг хийжээ. И.Гаук нэгэн удаа “Би есөн настайдаа л социализм шударга бус тогтолцоо гэдгийг мэддэг байсан” хэмээн өгүүлж байв. 

Улс төрд орох замнал 

Хорьдугаар зууны хүйтэн дайны билэг тэмдэг, хоёр системийг зааглаж, Герман орныг хоёр хэсэгт хуваасан Берлины ханыг  1989 онд нураах үед Зүүн Германд тогтоосон коммунист дэглэм ч нуран унасан билээ. Харин энэ үед И.Гаукийн өмнө  олон олон боломжууд гарч ирсэн бөгөөд шинэ гэрэлт ирээдүй түүнийг угтаж байлаа. Энэ үед Зүүн Германы коммунист дэглэмийг эсэргүүцсэн энх тайвнаар эсэргүүцлээ илэрхийлэгч ардчилсан “Шинэ форум” гэх хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцсан  төдийгүй гол илтгэгч нь тэрбээр байжээ. Тухайн үед Ардчилсан Германы улсын коммунист дэглэмийг эсэргүүцсэн томоохон жагсаал цуглааныг өрнүүлж, улмаар 1990 оны гуравдугаар сарын 18-ны өдөр явагдсан чөлөөт сонгуулиар Бүгд найрамдах Ардчилсан Герман улсын ардын танхимын гишүүнээр “шинэ форум” буюу “Alliance 90” хөдөлгөөнөөс сонгогджээ. Гэхдээ түүний энэ замнал удаан үргэлжлээгүй гэдэг. 

Тун удалгүй тухайн оны аравдугаар сард БНАГУ-ыг татан буулгах үе хүртэл л тэрбээр ардын танхимын гишүүн байсан аж. Гэхдээ БНАГУ татан буугдахын өмнөх өдөр буюу 1990 оны аравдугаар сарын 2-нд БНАГУ-ын Дотоодын тагнуулын архивыг хариуцсан Тусгай үүрэгт комиссараар томилогдсон байжээ. Харин улс нь татан буугдсаны дараа Холбооны улсын Ерөнхийлөгч Рихард Вайцзеккер болон канцлер Хелмет Колийн томилсоноор Холбооны Засгийн газрын тагнуулын алба хариуцсан тусгай илч болжээ.  Тэрбээр энэ үед Дотоодын Тагнуулын албаны архивын бичиг хэргийг хариуцахаас гадна коммунист гэмт хэргийг шалгах үүрэгтэйгээр ажилладаг байсан аж. 2000 он хүртэл тус албыг хашсан байна. И.Гаук 2001-2004 онд Вена хотноо төвтэй “Европын Арьс өнгөөр ялгаварлах, алагчлах үзлийг хянах төв”-ийн Удирдах зөвлөлд Герман Улсыг төлөөлсөн гишүүн байв. 

Хоёр Германыг нэгтгэсний дараа дотоодын тагнуулын газар “Стаси”-гийн тэргүүнээр томилогдон ажиллахдаа зөв бодлого хэрэгжүүлсэн гэж ихэд үнэлэгддэг байна. Түүний нэр алдар өсөн дэвжиж, үүнийг дагаад түүний эрх мэдэл шат дараалан хүчирхэгжсээр байжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд И.Гаук 1999, 2010 онуудад нэр дэвшин өрсөлдөж байв.    2010 оны зургадугаар сарын 3-ны өдөр хэдийгээр И.Гаук нам бус байсан ч, Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг Ногоон намаас дэвшүүлж байсан авч, сонгуулийн кампанитын үеэр тэрбээр мэдэгдэл хийхдээ “Би улаан, ногоон аль нь ч биш. Би зүгээр л Иоахим Гаук” хэмээж байсан удаатай. Харин 2010 оны зургадугаар сарын 30-ны сонгуулиар И.Гаук  Христийн ардчилсан холбоо намын Кристиан Вульфт ялагджээ.

Үүнээс хоёр жилийн дараа Кристиан Вульф авлига хээл хахуулийн хэрэгт холбогдох болов. Ингэснээр түүнд тус улсын Ерөнхийлөгч болох дахин нэг боломж гарчээ. Гэхдээ энэ үед холбооны ассамблей нэр цэвэр хүнийг сонгохыг эрхэмлэсэн байдаг. Улмаар парламентад суудалтай зургаан намын тав нь түүнийг дэмжжээ. И.Гаукийн дэмжигчдийн дунд Канцлер Ангела Меркель хүртэл байсан аж.  А.Меркель түүнийг “Ардчиллын жинхэнэ багш” гэж онцолсон байдаг билээ. Үүнээс гадна намын гишүүн бус байдал нь түүнийг олон намын дэмжлэг авахад нөлөөлжээ. 

Энэ сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд Зүүнтэн намаас нэр дэвшигч 73 настай сэтгүүлч Беате Кларсфельд 126 санал авсан бол Үндэсний ардчилсан намаас нэр дэвшигч Олаф Росе гуравхан санал авчээ. Санал хураалтын өдөр 108 хууль тогтоогч эзгүй байсан аж. И.Гаук Теодор Хойссын нэрэмжит одон, Ах дүү Шоллийн шагнал, Европын хүний эрхийн шагнал, Людвиг Бёрнэгийн нэрэмжит шагналаар тус тус шагнагдаж, Росток, Йена, Аугсбургийн их сургуулиудын хүндэт доктор цолыг хүртсэн байна.

Хувийн амьдрал

Эцэст нь ардчилсан Ерөнхийлөгч И.Гаукийн хувийн амьдралаас хүргэе. Ардчиллын төлөө тууштай тэмцэгч, Христийн номлогч асан, харин эдүгээ ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаук аравхан настайдаа эхнэртэйгээ танилцаж байжээ. Хүүхэд ахуй насандаа танилцаж, хайрлан дурласан тэрбээр 19 насандаа гэрлэж, гал голомтоо бадрааж байв. Энэ үед эцэг Гаук хүүгийнхээ хуримыг хүчтэй эсэргүүцэж байсан гэдэг. Гэвч эцгийнхээ эсэргүүцлийг үл тоон эхнэртэйгээ гэрлэжээ. Түүний эхнэрийг Герхилд Гаук гэдэг. Хосууд өөрсдийн хүслээр гэрлэж, дөрвөн ч хүүхдийн эцэг эх болцгоосон ч хамтын амьдрал нь удаан үргэлжлээгүй билээ. Тэд 1991 оноос хойш тусдаа амьдрах болсон байна. 

Тэдний том хоёр хүүг Кристиан болон Мартин гэдэг бол бага хоёр охидыг нь Жесине, Катарина гэдэг аж. 1980-аад оны сүүлээр Кристиан, Мартин, Жесине нар Зүүн Германаас явж, Баруун Германд дүрвэсэн бөгөөд харин Катарина тухайн үед нялх байсан учир эцэг эхтэйгээ үлдэж байжээ. Энэ үед хүүхдүүдээ Баруун Герман руу явуулахаас ч өөр аргагүй байв. Коммунист дэглэмтэй Зүүн Германд эцэг нь пастор байсан учир хүүхдүүд нь ялгаварлагдан сурч боловсорч чадахгүйд хүрсний учир И.Гаук хүүхдүүдээ Баруун Герман руу явуулж байжээ.

Зураг