Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы хүрээнд есдүгээр сарын 28-ны өдөр “Дэлхийн боломжуудад далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг холбох нь” сэдвээр болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Өндөр түвшний чуулга уулзалтад оролцож, үг хэллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Хөгжлийн шинэ эринтэй бид золгож байгаа энэ үед Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үүрэг манай бүлэгт илүү ач холбогдолтой болж байгаа”-г онцлон тэмдэглээд тус төвийг байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэгдэн орохыг гишүүн орнуудад уриалав.
Чуулга уулзалтыг Замби Улсын Ерөнхийлөгч даргалж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Могенс Ликкетофт нээлтэд үг хэлэв. Тэрчлэн Тажикистан, Малави, Бутан, Ботсвана, Лесото, Балба, Лаос зэрэг улс төр, засгийн тэргүүний түвшинд оролцож, эдгээр орны өмнө тулгамдаж буй асуудлууд, цаашид авах арга хэмжээнүүд, хамтран ажиллах боломжуудийн талаар тус тус үг хэлэв.
НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР