Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Америкийн хөрөнгө оруулалтыг дэд бүтэц, эрчим хүчний салбарт оруулах нь чухал"

ГХЯ
2015 оны 7 сарын 16
www.ikon.mn
Зураг зураг

Энэ өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өчигдөр Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керритэй уулзлаа.

Сайд Л.Пүрэвсүрэн өөрийг нь найрсгаар хүлээн авч уулзаж байгаад талархаж, Ираны цөмийн асуудлаарх яриа хэлэлцээг амжилттай явуулж, түүхэн тохиролцоонд хүрсэнд баяр хүргэв. Ж.Керри баяр хүргэсэнд талархаж, “Яриа хэлэлцээ үнэхээр олон өдөр хүнд нөхцөлд үргэлжилсэн, харин тохиролцоонд хүрсний дараа миний уулзаж байгаа анхны гадаадын зочин та болж байна” хэмээв. 

Л.Пүрэвсүрэн сайд Монголын ардчиллын үйл явцыг анхнаас нь тууштай дэмжиж, Монгол Улсын гуравдагч хөршүүдийг тэргүүлэн эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, улмаар дэлхий дахины энх тайвны төлөө хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлж, энэ онд Монголын анхны ардчилсан чөлөөт сонгуулийн 25 жилийн ой тохиож байгааг онцлов. 

Түүнчлэн Монгол Улс АНУ-тай хөгжүүлж буй иж бүрэн түншлэлийн харилцаандаа чухал ач холбогдол өгч ирснийг онцолсон бөгөөд цаашид хоёр орны хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ялангуяа америкийн хөрөнгө оруулалтыг дэд бүтэц, эрчим хүчний салбарт түлхүү оруулах нь манай улсын хувьд чухал болохыг тэмдэглэв. 

Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Монгол Улс ардчилалыг тууштай хэрэгжүүлж , улмаар шилжилтийн үедээ яваа Киргиз, Мъянмар зэрэг оронтой туршлагаасаа хуваалцаж байгаад баяр хүргэв. Мөн Монгол Улс Афганистанд биднийг дэмжиж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хамтран оролцож байгаад талархаж, АНУ нь Монголын найдвартай гуравдагч хөрш байх болно гэдгээ илэрхийлэв. 

Мөн Монгол Улс, АНУ-ын хооронд байгуулсан Ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Америкийн компаниуд Монголд тэгш, өрсөлдөхүйц үйл ажиллагагаа явуулах нөхцөл боломж бүрдэж, улмаар хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, урт хугацаанд тогтвортой ажиллахад чухал алхам болохыг онцолсон юм.

Сайд Л.Пүрэвсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри нар бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлаар санал солилцов. Тухайлбал талууд Ази, Номхон далай, түүний дотор Зүүн хойд Азтийн аюулгүй байдал, эдийн засгийн интеграцийн үйл явцад идэвхтэй оролцож, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.