Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Мьянмар Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргалаа

ГХЯ
2015 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, Гадаад хэргийн яамны Ази, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Н.Наранбат, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тит Лин Он нар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийг үдэн гаргалаа.

Тейн Сейн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийгээд буцаж буй юм. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүд ганцаарчилсан уулзалт хийлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар өргөтгөсөн хэлэлцээ хийсэн юм. Энэ үеэр хоёр тал худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, соёл, эдийн засаг зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв.

 Энэхүү айлчлал нь 1956 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн ач холбогдолтой байв.

Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээрт , Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын нийслэл Нэйбидо хотын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.

Түүнчлэн Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Айлчлалын үеэр Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхлаа.