Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсыг зорилоо

open.parliament.mn
2015 оны 2 сарын 23
open.parliament.mn
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар 2015 оны хоёрдугаар сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүрэгт нислэгээр мордлоо.

УИХ-ын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай уулзалт хийж, Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан нарт бараалхана.

Мөн айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда, Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд К.Нишикава болон “Иточү фүүдс” компанийн удирдлага, Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлага, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны /КЭЙДАНРЭН/ удирдлага, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны /ЖБИК/ Ерөнхийлөгч Х.Ватанабэ, ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч А.Танака, Гүнма мужийн удирдлагууд бараалхана.

Түүнчлэн айлчлалын үеэр УИХ-ын дарга Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвд зочилон гидропоникийн үйлдвэр үзэж сонирхоно. Мөн Японы Шинжлэх ухааны ордон болон Токио хот дахь Тоёотагийн үзэсгэлэнгийн танхимд зочилж, Тоёота компанийн удирдлагатай уулзаж, устөрөгчөөр ажилладаг “Мирай” машин болон тус машиныг цэнэглэдэг шатахуун түгээх станцтай танилцана.