Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Хууль бусаар мод бэлтгэсэн нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой"

Өглөөний сонин
2015 оны 2 сарын 18
MorninigNews.mn
Зураг зураг

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас хууль бус мод бэлтгэсэн гэх мэдээлэл гарсантай холбогдуулан БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролоос зарим зүйлийг тодрууллаа.

-Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас хууль бус мод бэлтгэсэн гэх мэдээлэл цацагдлаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү. Ямар арга хэмжээ авч байна вэ?

-Засгийн газрын гишүүд ойрын өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж байна. Миний хувьд Завхан аймгийн гурван суманд ажиллаад дөнгөж ирээд байна. Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас олон машин мод бэлтгэлээ гэсэн мэдээлэл гарч манай яам, цагдаагийн байгууллага, МХЕГ, Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохицуулах зөвлөлийнхөн оролцоод асуудлыг судалж, хяналт шалгалт явуулж байна.

Манай яамны хувьд гаргасан захирамж, албан даалгавраа хуулийн дагуу хэрэгжүүлсэн эсэхэд хяналт тавин ажиллаж байна. Хууль зөрчин мод бэлтгэсэн нь тогтоогдсон тохиолдолд болон эрхийн бичиг аваагүй ойн цэвэрлэгээ хийсэн бол хуулийн дагуу модыг хураах, мод тээвэрлэсэн машиныг хураах, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах заалттай.

-Горхи-Тэрэлжид мод бэлтгэх сайдын тушаал хэзээ гарсан бэ?

-2014 оны аравдугаар 31-ний өдрийн А-382 тоот Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюуны тушаал гарч, Улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос ойн цэвэрлэгээний огтлолоор бэлтгэх модны дээд хязгаар, талбайн хэмжээг, “Ойн цэвэрлэгээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх” зорилгоор ойгоос бэлтгэх модны дээд хязгаар, талбайн хэмжээг тогтоосон шийдвэр гарсны дагуу энэ ажил зохион байгуулагдсан байна. Сайдын тушаалын дагуу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ой цэвэрлэх, хэрэглээний мод бэлтгэх сонгон шалгаруулалтыг аж ахуйн нэгжүүдийн дунд явуулсан байна.

Сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж оролцсоноос ЭБЭЭ, “Төв ой-ан” гэсэн хоёр аж ахуйн нэгж шалгарсан юм байна. Тэдгээр аж ахуйн нэгжтэй Г орхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга С.Доржготов гэрээ байгуулсан байна.

Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан эсэхийг хянаж шалгах ажиллагааг манай яам, цагдаагийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтын газар хамтран шалгаж байна. Ойн цэвэрлэгээ хийх эрхтэй аж ахуйн нэгж улсын хэмжээнд 306 байдгаас Улаанбаатарт 78 байдаг.

-Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх БОНХАЖ-ын сайдын албан даалгавар гаргасан. Хэрэгжилт нь ямар байгаа вэ?

БОНХАЖ-ын сайдын Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх албан даалгавар 2015 оны нэгдүгээр сарын 25-нд гарсан. Уг албан даалгавраар тодорхой асуудлуудыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Байгаль орчны газрын дарга нар.мөн ЦЕГ, МХЕГ-ын дарга зэрэг албан тушаалтнуудад үүрэг болгоод ажиллаж байна.

Манай яамнаас цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн төр, захиргааны байгууллагын төлөөлөл, төрийн байгуул-лагууд, иргэний нийгмийнхэн, иргэдийг оролцуулсан уулзалт ярилцлагыг зохион байгуулж, тэндээс гарсан санал дүгнэлтийн үндсэн дээр албан даалгавар гарсан.

Гол нь хууль бус мод бэлтгэлтэй ерөөсөө л хамтын хүчээр тэмцэж амжилтад хүрнэ гэсэн дүгнэлтэд бид хүрээд, хамтран ажиллаж байна. Мөн Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Зохицуулах зөвлөлийг сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна. Бидний үйл ажиллагаа үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхэд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байна уу?

-Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байна. Ард иргэдээсээ хэтэрхий харамласан, хянаж дарамталсан хууль үйлчилж байгааг өөрчлөх ёстой гэдгийг иргэдээс байнга санал гаргаж байгаа.

Хэрэглээний модны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого зайлшгүй үгүйлэгдэж байна.

Хууль бус мод бэлтгэлийн тухай мэдээлэл өгсөн хүнийг урамшуулах механизм бий болгох хэрэгтэй гэж үзэж байгаа. 

Хэрэглээний мод буюу хөгширсөн, өмхөрсөн, шатсан, унасан юмуу ойн сийрэгжүүлэлт хийснээс гарсан модыг иргэддээ хэрэглээний зориулалтаар ашиглуулах ажлыг орон нутагт байгаль орчны байцаагч, орон нутгийн удирдлагууд хамтран зохион байгуулах ёстой.

Эргээд хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажилд иргэд, тэдний үүсгэл санаачилгаар байгуулагдсан нөхөрлөл, ТББ-уудын
оролцоог нэмэгдүүлэх, тэднийг дэмжсэн механизм, хөшүүргийг боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм.

Ойн анги, нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагыг чадавхжуулах, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр мэргэшүүлэх ажлыг хийх шаардлагатай байна. Мөн хууль бус мод бэлтгэлийн тухай мэдээлэл өгсөн хүнийг урамшуулах механизм бий болгох хэрэгтэй гэж үзэж байгаа.

Хулгайн модны талаар мэдээлэл өгсөн хүнд хууль бус мод бэлтгэлээс орсон орлогын 70 хувийг урамшуулал болгож өгдөг байх заалтыг хуульчилж өгнө. БОНХАЖЯ-наас хийж буй хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажил нь өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан 48 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилготой юм.

Байгалийн өөрөө өөрийгөө нөхөн сэргээх том үйлдвэрлэл болсон ой мод, байгалиа хамгаалахаар Төрийн тэргүүнээсээ эхлээд жирийн иргэд нь хүртэл санаа тавьж, фэйсбүүк, твийтерийн цахим ертөнц, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэтгэгдлээ бичиж санаа зовж байхад салбарын хамт олон бид сайн ажиллах ёстой гэж үзэж тулгамдсан асуудлуудыг шийдэхийн төлөө идэвх санаачлагатай ажиллана.

 

Зураг