Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин манай улсад албан ёсны айлчлал хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин энэ сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин айлчлалынхаа хүрээнд УИХ-ын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга ноён С.Е.Нарышкинд бараалхана.

Тэрбээр айлчлалын үеэр УИХ-ын чуулганы танхимтай танилцаж, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн, Г.К.Жуковын музейд зочлохын зэрэгцээ “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиол” сэдвээр ГХЯ-нд зохиогдох дугуй ширээний уулзалтад оролцох юм байна. Мөн Халх голын дайнд оролцсон дайчдын үнэмлэхийг БХЯ-нд хүлээлгэн өгнө.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкины намтар

Сергей Евгеньевич Нарышкин 1954 оны аравдугаар сарын 27-ны өдөр Ленинград /Санкт-Петербург/ хотод төрсөн.

1978 онд Ленинградын Механикийн их сургуулийг инженер-радиомеханикч мэргэжлээр, Санкт-Петербургийн Удирдлагын олон улсын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй.

Тэрбээр:

  • 1982 оноос Ленинградын Политехникийн их сургуулийн орлогч ректор, Бельги дэх ЗХУ-ын ЭСЯ-ны эдийн засгийн зөвлөхийн аппаратад Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны шинжээчээр ажиллаж байсан.
     
  • 1992 оноос Санкт-Петербург хотын Захиргааны Эдийн засаг, санхүүгийн хорооны хэлтсийн дарга,
     
  • 1995 оноос Санкт-Петербург хотын “Промстройбанк”-ны гадаад хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга,
     
  • 1997 онд Ленинградын мужийн Засгийн газрын Хөрөнгө оруулалтын газрын дарга,
     
  • 1998 онд Ленинградын мужийн Засгийн газрын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны даргаар тус тус ажиллаж байв.
     
  • 2004 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн удирдах газрын орлогч дарга,
     
  • 2004 оны гуравдугаар сараас ОХУ-ын Засгийн газрын аппаратын орлогч дарга,
     
  • 2004 оны есдүгээр сараас ОХУ-ын Засгийн газрын аппаратын дарга бөгөөд ОХУ-ын сайд,
     
  • 2007 оноос ОХУ-ын Засгийн газрын аппаратын дарга бөгөөд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга,
     
  • 2008 оны тавдугаар сараас 2011 оны арванхоёрдугаар сар хүртэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан.
     
  • 2011 оны арванхоёрдугаар сараас ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын даргаар сонгогдон ажиллаж байна.