Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд төдийгүй орон нутагт агаарын бохирдол газар авчээ

БОНХАЖЯ
2015 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

БОНХАЖЯ-ны салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд тус яамны удирдлага, аймаг, нийслэлийн газрын дарга нар, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны дарга нар оролцсон юм.

Энэ үеэр

  • БОНХАЖ-ын бодлого, 2015 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ
  • Орон нутаг дахь салбар байгууллагын үйл ажиллагааны уялдаа 
  • Уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, үйлдвэржилттэй холбоотой агаар, ус, хөрсний бохирдол 
  • Байгалийн нөөцийн хомсдол
  • Бэлчээрийн доройтол, цөлжилт гээл байгаль орчинд тулгамдаж байгаа олон  асуудлаар салбарын удирдлагууд санал солилцлоо. 

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын илтгэлд “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогыг аймаг орон нутагт хэрэгжүүлэх гол үүргийг хүлээж, иргэд, орон нутгийн төрийн захиргааны болон нутгийн удирдлагын, иргэний нийгмийн байгууллагын гүүр болж ажиллах нь манай салбарын орон нутаг дахь байгууллагуудын үндсэн үүрэг" гэдгийг тодотгов.  

Мөн байгаль орчны багц хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг ч илэрхийллээ. Үүний шалтгааныг  албан тушаалтны өөрсдийн идэвх санаачилга дутуу, мөн өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллах үүрэгтэй аймаг, сумын удирдлага хангалтгүй зохион байгуулж байгаатай холбон тайлбарласан юм. 

Аймаг, нийслэлийн хэмжээнд  500 гаруй байгаль орчны хяналтын улсын байцаагч, 830 орчим  байгаль хамгаалагч, 2200 гаруй идэвхтэн байгаль хамгаалагч ажилладаг.

Харин  байгаль орчны чиглэлийн 600 гаруй төрийн бус байгууллагад 15 мянга орчим иргэд эвлэлдэн нэгдэж, үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ гурван  сая гаруй га талбай бүхий ойн санг 1080 гаруй нөхөрлөл гэрээгээр эзэмшиж, 13 аймгийн 49 сумын 62 агнуурын бүс нутгийн менежментийг 27 нөхөрлөл, 11 аж ахуйн нэгж, 7 төрийн бус байгууллагад гэрээгээр хариуцуулан, хамгаалдаг ажээ.

Нийслэлд яригддаг агаарын бохирдол нийслэлээс хальж  орон нутагт газар авч байгаа

Энэ ажлын үр дүнд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээх ажилд ялангуяа, байгалийн нөөцийн хууль бус ашиглалтыг таслан зогсоох, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд чанарын ахиц дэвшил гарч байгаагийн зэрэгцээ нутгийн  иргэдийн ажлын байр, орлогын эх үүсвэр ч нэмэгдэх боломж олгож байгааг салбарын сайд илтгэлдээ дурдсан юм. 

Нийслэлд яригддаг агаарын бохирдол нийслэлээс хальж  орон нутагт газар авч байгааг Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн төлөөлөгчид хэлж байв.

Мөн орон нутагт ч ундны усны бохирдол анхаарах асуудлын тоонд зүй ёсоор орох болжээ.

Нийслэлийн хувьд төв цэвэрлэх байгууламжаас болж Туул голын бохирдол дээд цэгтээ хүрсэн гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл аймгуудад цэвэрлэх байгууламж хангалтгүйгээс Хиагт, Хангал, Орхон, Буянт, Ховд зэрэг голын усанд стандартаас давсан бохирдол ажиглагдаж эхэлсэн байна. Тиймээс байгаль орчинд тулгамдаад байгаа энэ мэт асуудлыг хамтын ажиллагаан дээр, зорилго нэгтэй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа оролцогчид илэрхийлсэн. 

Ингэхийн тулд шийдвэрлэх гол арга зам нь бохирдлын эх үүсвэр болж буй цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж шинэчлэх, голын хамгаалалтын бүсийн дэглэмийг чанд сахиж хууль зөрчин газар олгохгүй байх, хог хаягдал хаяхгүй байх хэрэгтэй гээд олон санал, шүүмжийг дэвшүүлсэн.

Хамгийн гол нь төр, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн хамтын идэвх зүтгэл чухал үүрэгтэй гэдэгт оролцогчид санал нэгдсэн юм.