Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Отгонбаяр: Энэ номондоо түүхийн бодит үнэнийг хэлэхийг чармайсан

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн, доктор Ё.Отгонбаярын Монгол эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг товчоолон өгүүлсэн цуврал бүтээлийн хоёр дахь дэвтэр болох "Ээдрээт цагийн бичээс" цахим номын нээлт Монголын Үндэсний музейд өнөөдөр боллоо.

Тэрбээр 103 жилийн түүхтэй Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ, утга учрыг залуу үеийнхэнд таниулах бүтээл бага байна гэж үзсэн учраас 1900-1915, 1915-1924 оны түүхэн цаг үеийг өгүүлэх цуврал бүтээлийг туурвиж байгаа аж.

Тодруулбал:

  • “Талд ассан түймэр “ цуврал 1 /1900-1915 он/,
  • “Ээдрээт цагийн бичээс” цуврал 2 /1915-1924 он/
  • “Дэлхий их хувьсгалын сүүдэрт” хэмээх гуравдугаар дэвтэр нь он цагийн хувьд 1924-1930 оны дунд үеийг хамарч буй юм.

Номын нээлтийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ зохиогч Ё.Отгонбаяр “Номоо Ээдрээт цагийн бичээс гэж нэрлэдгийн учир нь Хиагтын гурван улсын хэлэлцээрээс хойшхи есөн жилийн хугацааг хамарсан үе бөгөөд энэ нь өөрөө ээдрээтэй, Монголчууд аль ч замаар явчихаж мэдэх цаг байсан.

Угаасаа ээдрээтэй энэ цаг үеийг түүх бичлэгт улам ч ээдрээтэй болгож, өөр өөрийнхөөрөө тайлбарладаг үзэгдэл байсан, одоо ч гэсэн байгааг хэлэхгүй байж болохгүй.

Түүхэн хүмүүсийг бид хэтэрхий магтан дөвийлгөх эсвэл муулан харлуулна гэдэг түүхийн үнэнийг гуйвуулах нэг хэлбэр болдог. Тийм болохоор энэ номондоо түүхийн бодит үнэнийг хэлэхийг чармайсан юм” гэж онцоллоо.

Эрдэмтэд энэ номын тухай...

 

Түүхийн ухааны доктор, профессор Д.Өлзийбаатар

Монголчуудын түүхээ сонирхох сонирхол, судлах эрмэлзлэл их байна. Үүн дээр мэргэжлийн түүхийн байгууллагууд эрчимтэй сайн ажиллаж байгаа. Гэхдээ мэргэжлийн бүтээлүүд олонд төдийлөн хүрч чадахгүй байгаа. Тиймээс түүхийн сурталчилгааны бүтээлүүд олонд хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

Ё.Отгонбаяр докторын бүтээл энэ хэрэгцээ, шаардлагад тулгуурласан бүтээл байгаа юм. Мөн түүний бичсэн хорьдугаар зууны түүхэн энэ үе Монголын түүхийн хамгийн ээдрээтэй, гуниг харуусал дүүрэн үе юм. Тиймээс бид үүнээс сургамж авах хэрэгтэй”.

 

Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, академич Ж.Болдбаатар

“Нэрт эрдэмтэн Оуэн Латтимор хэлсэн байдаг. Хорьдугаар зууны яг эхэн үед Монголчуудыг Америкын индианчуудын хувь заяа хүлээж байсан. Өөрөөр хэлбэл сөнөж мөхөхийн ирмэг дээр хүрсэн ийм үеэс эхлээд 1924 онд Бүгд Найрамдах улсыг тунхаглах хүртэл энэ хооронд Монголын түүхийн ээдрээ, удирдагчдын улс төрийн чадварлаг бодлого хэрхэн явуулж байсныг энэ номонд дэлгэрэнгүй өгүүлсэн байгаа.

Энэ сонсдог ном бол та бүхний эрдэм мэдлэгт тухайн цаг үеийн хүмүүсийн оюун ухааныг хүргэж байгаа юм. Түүхийг бид эдүгээчилж үзэх хандлага газар авсан байна. Тухайн үеийн хүний оюунлагийн түвшин, өнөө үеийн хүний оюунлагийн түвшин шал өөр. Тиймээс он цагт нь тохирсон дүгнэлт хийх нь чухал юм” гэдгийг онцоллоо.

Цахим номыг iTunes-ээс татах боломжтой бөгөөд ЭНД дарна уу.