Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

ЭРИЙН МУУ ЭМД

Ч.Болортуяа
2015 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Засгийн газраас 2015 оны төсвийн тодотголыг өргөн бариад буй. 

Төсөв хэмнэх, танах, хасах ёстойг ямар ч тэнэг хүн ойлгох хэмжээнд ирээд байгаа. Харин танах, хасах шийдвэртээ эх, хүүхдийн мөнгөнд гар дүрж буй ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ээжүүд эсэргүүцэж байна. 

Монголын мянга мянган ээжүүдийн гавъяагаар МОНГОЛ УЛС энэ сард ГУРВАН САЯ дахь иргэнээ өлгийдөн авах гэж буй.

Наашаа харж инээж "Монголчууд олуулаа болох ёстой, МОНГОЛ ХҮН ЭРҮҮЛ БАЙХ ЁСТОЙ" гэж тунхагладаг улстөрчид цаашаа харж эх, хүүхдийн дунд буюу хоёр хүний голд өгдөг байсан 40 мянган төгрөгөө танахаар болжээ. 

Жирэмсэн эхчүүд тээж буй ургийн таван сартайгаас хүүхэд төрөн долоон сартай болтлоо буюу нэг жилийн хугацаанд авдаг байсан энэхүү 40 мянган төгрөгөө  долоон сар болгож танах талаар төсвийн тодотголд тусгажээ. 

 

2015 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛООР ХИЙГДЭХ ӨӨРЧЛӨЛТҮҮД /Нийгмийн халамж/

  • 1. Оюутны үндэсний тэтгэлгийг оюутны сурлагын амжилттай уялдуулан олгох. 
     
  • 2. Нийгмийн хамгааллын зарим мөнгөн тэтгэмж,  үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлнэ. Төрөөс иргэдэд олгож байгаа дараах тэтгэмж, үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлнэ. 

Үүнд: 

  • 2.1. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоно: 

Хүний хөгжил сангаас Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд сар бүр 20 мянган төгрөгийг олгож байна. “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг зөвхөн орлого багатай өрхүүдийг хамруулах нь зүйтэй гэж үзэж байна.   

 Засгийн газрын 2013 оны 269 дугаар тогтоолын дагуу олон улсын жишигт нийцүүлж “Орлогыг орлуулан тооцох аргачлалаар” Монгол Улсын бүх өрхийг хамарсан өрхийн амьжиргааны судалгааг хийж “өрхийн мэдээллийн нэгдсэн сан” үүсгэсэн. Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхүүдийг онооны системээр үнэлж тухайн өрхийн авсан онооны эрэмбээр 20 бүлэг болгон мэдээллийн санд байршуулсан. Нийт өрхийн 1-ээс 15 дугаар бүлэгт буюу нэн ядуугаас дундаж хэрэглээтэй өрхөд нийт судалгаанд хамрагдсан өрхийн 64.1 хувь буюу 421.8 мянган өрх, тэдгээрт 629.5 мянган хүүхэд байгаа нь 2015 онд хүүхдийн мөнгө авахаар тооцсон нийт хүүхдийн 60 гаруй хувь болохоор байна. Тэдгээр өрхийн хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохоор тооцож тусгалаа.  
 

  • 2.2. Эхийн одонгийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлнэ. 

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн дагуу зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар одонгоор шагнадаг. УИХ-ын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор Нэгдүгээр одонтой эхчүүдэд жил бүр 200.0 мянган төгрөг, Хоёрдугаар одонтой эхчүүдэд жил бүр 100.0 мянган төгрөгийн мөнгөн тусламж өгөхөөр заасан. Ирэх 2015 оны төсөвт нийт 211.0 мянган одонтой эхэд 29.9 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор төлөвлөсөн байсан.  

Монгол Улсын 2015 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Эхийн алдар одонтой эхчүүдийн тэтгэмжийг хүүхэд өсгөх үед нь буюу хамгийн бага хүүхэд нь 18 нас хүртэлх хугацаанд олгох нь зүйтэй гэж үзэж байна. Ингэснээр 2015 оны батлагдсан төсвөөс 19.5 тэрбум төгрөгөөр буурч, 10.5 тэрбум төгрөгийг зарцуулах боломжтой юм.  

  • 2.3. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний зардлыг  бууруулна. 
     
  • 2.4. Зарим тэтгэмж, үйлчилгээнд зарцуулж байгаа хөрөнгийг  амьжиргааны төвшин  хамгийн бага зорилтод хэсэгт шилжүүлнэ.

2.4.а. Одоогийн хуулийн хүрээнд нийгмийн даатгалтай эхчүүд нийгмийн даатгалын сангаас төрөхийн өмнөх 2 сар, төрсний дараах 2 сар буюу нийт 4 сарын хугацаанд сүүлийн 12 сард авсан дундаж цалингийн 70-100 хувьтай тэнцэх тэтгэмжийг буюу дунджаар 1,071.0 мянган төгрөг, мөн дээрээс нь халамжийн сангаас жирэмсний 5 сараас эхлэн нийт 12 сарын хугацаанд сар бүр 40 мянган төгрөг буюу 480 мянган төгрөг, нийт 1551.0 мянган төгрөг авдаг байна. 

Харин НДС-д хамрагдаагүй эхчүүдийн хувьд зөвхөн халамжийн сангаас жирэмсний 5 сараас эхлэн нийт 12 сард нийт 480 мянган төгрөг авч байна.

Иймээс нийгмийн даатгалын сангаас жирэмсэн амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн эхчүүдэд нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг төрсөн сараас эхлэн 7 сарын хугацаанд олгодог болохоор тооцлоо. 
 

  • 3. Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг салбар бүрд тэгш хандах зарчимд үндэслэж  олгоно.

 

 

УИХ ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА 11 ЭМЭГТЭЙ ГИШҮҮНТЭЙ БОЛСОН ЦАГТ ЭХ, ХҮҮХДИЙН МӨНГӨ ЭРГЭН ТАНАГДАХ ГЭЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ

Засгийн газраас өргөн барьсан энэхүү тодотголоор жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг төрсөн сараас эхлэн 7 сарын хугацаанд олгодог болохоор тооцох явдлыг олон нийтийн сүлжээнд ээжүүд аль хэдийнэ эсэргүүцээд эхэлсэн. 

Тэд ийн эсэргүүцэхдээ Ерөнхий сайдын гар утас руу sms илгээх санал ч гарч sms илгээж эхэлсэн байна. 

Харамсалтай нь Ерөнхий сайд өчигдрийн хэвлэлийнхэнтэй хийсэн хаалттай гэгдэх уулзалтын үеэрээ ээжүүдээс ирсэн sms-ийг блок хийсэн тухайгаа ярьсан байх юм. 

Төсвийн зардлыг хасах, танах  тухай ерөнхий зарчим, шаардлагыг ойлгож байгаа ч цөөхөн хүм амтай, эмзэг, ядуу өрх, ээжүүдийн хувьд эх, хүүхдийн мөнгө ямар үнэ цэнэтэй болохыг өчигдөр эхлүүлсэн доорх санал асуулгаас харж болно. 

Муу эр эмд гэгчээр жирэмсэн ээж, хүүхдийн мөнгөнөөс ийнхүү дээрэнгүй хандаж хасч байгааг юу гэж ойлгох вэ. 

Өмнөх Засгийн газрууд энэхүү тэтгэмж нь жирэмсэн ээжид нэмэлт тэжээл, витамин зайлшгүй шаардлагатай байдаг, төрсөн хүүхдэд нэмэлт санхүүгийн эх үүсвэр зайлшгүй шаарддаг учраас байнга нэмсээр ирсэн. 

Энэ мөнгө Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд эмэгтэй хүн байх үед буюу Т.Ганди 40 мянга болгож нэмэгдүүлсэн байдаг.  

Яагаад гэхээр гэртээ хүүхдээ харж суугаа эхэд санхүүгийн дэмжлэг улсын бодлогоор зайлшгүй хэрэгтэй байдгийг эмэгтэй хүн учраас тэрбээр илүүтэй ойлгож ийм шийдвэрүүдийг гаргуулж байсан байх. 

ХАРИН ОДОО УИХ ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА 11 ЭМЭГТЭЙ ГИШҮҮНТЭЙ БОЛСОН ЦАГТ ЭХ, ХҮҮХДИЙН МӨНГӨ ЭРГЭН ТАНАГДАХ ГЭЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ. 

ЭХ, ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХАРАМЛААД хүүхэд төрүүлсэн ээжүүдийг яаралтай ажилдаа эргэж орох шаардлага тавьж байгаа юм бол яагаад ТЭР ЯСЛИ, ЦЭЦЭРЛЭГЭЭ БЭЛДЭЖ ӨГӨХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ?!

ТАНАЖ БАЙГАА бол танагдсан талын ЭХ СУУРИА ЭХЛЭЭД БЭЛД Ч.САЙХАНБИЛЭГ ЭЭ!!!